​ Ч.ХУРЦ: АРГАЛЫН АЦГАНД ИРСЭН ГАЛШАР АДУУ ДАРЬГАНГЫН ЖИЖИГ ЗЭЭРДҮҮДТЭЙ НИЙЛЖ ОЛНЫХНЫ ШАРГА ГЭЖ БЭСРЭГ УГШИЛ ГАРСАН

Сэтгүүлч
2020 оны 3-р сарын 09 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Хөдөлмөрийн баатар Ч. Хурц Тод магнай сэтгүүлийн зочноор уригдан хөөрөлдсөнийг уншигч танаа хүргэж байна. Таалан соёрхоно уу.

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ГОЛ АГУУЛГА НЬ БИЕ БИЕДЭЭ ТУСЛАХ

-Юун түрүүнд манай сэтгүүлийн зочны урилгыг хүлээн авсан танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж, улс орныхоо хөгжлийг тодорхойлж цаг завгүй явсан таныг хэдий завандаа хурдан морь шинжих эрдэмд суралцсан юм бол гэж гайхширдаг юм. Морь шинжих эрдмийг хаанаас, хэнээс өвлөсөн юм бэ? Эсвэл таны дур сонирхол, хичээл зүтгэлийн үр үү?

-Хурдан морь шинжих бол миний хобби. Бүр багын адуу манаж, морин дэл дээр унтаж, адуугаа хурааж явсан хүүхэд цагийн хүсэл сонирхол минь төрийн өндөр алба хашиж байсан тэр үед ч гээгдэлгүй явсаар өдий хүртэл надтай хамт байна даа. Миний хүмүүжил төлөвшил бол бүхэлдээ аав, ээж хоёрын хүмүүжил. Шударга шулуун байх, зөв санаатай байх, эд мөнгөнд шунахгүй байх, ер нь өөрийгөө сайн авч явах, ажилсаг байх, бүтээлч байх энэ бүх араншинг намайг хар нялхаас  ээж, аав хоёр минь бүрдүүлж өгсөн. Тийм учраас би ээж, аав хоёрыгоо туйлын их хүндэлдэг. 10 дугаар анги төгсөөд 17-той хүү ээж, аав хоёрынхоо өврөөс гарч гадаад руу сургуульд явсан.

-Би эхний асуултаа буруу тавьсан байна. Эрдэнэт хүмүүний үүтгэл болсон эцэг, эхийн талаар эхэлж ярилцах нь зүйтэй юм. Таны аав хурдан хурц адуу таньж шинждэг эрдэмтэй хүн байв уу? Аавынхаа талаар ярьж өгөөч.


-Миний аав бол найман хүүхэдтэй ядуу айлын хоёр дахь хүү. Сүмд шавилж суулгүй хар хүн болж тарвага, зээр агнаж дүү нараа тэжээж, Бээжин, Шанхай хүртэл жин тээж амь зуусаар 26 нас хүрч эцгийн голомтоос өрх тусгаарласан гэдэг. Бие дааж амьдарч эхлээд дөнгөж сар орчим болж байх тэр үед нь буюу 1924 онд Дарьганга хошуу халх хошуутайгаа нэгдээд анхны цэрэг татлага болж, ядуу аав маань цэрэгт хамгийн түрүүнд татагдсан байдаг. Нэг өдөр Дотоод яамны Ааяа Цэрэнтогтох, зохиолч Гомбожавын аав “дарваан” Дорж гэж хоёр хүн гэрт нь ирээд цэрэгт татна ч гэж хэлэлгүй айл заалгана гэж  дөртэй шүдлэн үхэр унуулж авч гараад тэр айлдаа ирмэгц  “За, шүдлэнгийнхээ дөрийг эвэрт нь уяад гэр лүүгээ хөөчих, цэрэгт явна даа хө” гэсэн гэдэг. Тэр айлаас янгиа тохсон морь унуулаад цаашаа явж 10 хүнтэй болоод одоогийн Дарьганга сум буюу Овоон хийд дэх цэргийн эмнэлэгт ирж. Аав Цэрэнтогтох гуайд дөнгөж гэр бүл болоод байгаагаа учирлаж “хойтон жил цэрэгт явъя” гэтэл “та арваас дөрвийг нь л авах юм. Чи дөрвөөс хойш орохгүй” гэж. Аав тав дахь хүн нь болж зогсоод, “эд нар тэнцэнэ биз” гэж бодоод хүлээж байтал эхний гурав нь тэнцээд, дөрөв дэх нь тэнцсэнгүй. Тавд зогсож байсан аавыг  үзсэн орос эмч “өө хорошо” гээд нуруун дээр нь алгадаад. Ингээд Нарангийн хилийн заставт гурван жил цэргийн алба хаасан. Цэргүүдийн ихэнх нь сүм хийдээс зайлж зугтаасан лам нар байсан болохоор орой болохоор ном уншаад суучихдаг байсан гэдэг. Тэгээд 1925 оны тавдугаар сарын 01-ний өдөр цэргүүдийг жагсаагаад, улс төрийн ухуулга хийдэг дарга “чёрт” Дорж гэдэг хүн “МАХН-д гишүүнээр элсэх цэрэг урагшаа гурав алхаад марш” гэхэд нь аав алхчихсан гэдэг. Хоёр тийшээ харсан чинь ганцаараа зогсож байж, тэгээд л 1925 онд МАХН-ын гишүүн болсон гэнэ лээ.

-Цэргийн албанаас ирээд аж амьдралын ямар замыг сонгосон байдаг юм болоо?

-Тэр үед цэргийн алба хаасан хүн боловсролтойд тооцогдож байсан болохоор цэргээс 1927 онд ирээд л Баянбулаг сумын дарга болж, МАХН-ын даргын албыг давхар хашсан юм билээ. Хэдийгээр миний аав бичиг үсэг байхгүй ч гэсэн шулуун шударга, томоотой хүн. МАХН-ын даргынхаа хувьд сумын хийдээр явж “Залуу лам нарыг шар шувталж хөдөө гарч эхнэр ав, гэр орноо тохижуул, мал сүргээ өсгө, аятай тавтай амьдар” гэж суртал ухуулгын ажил хийдэг байж. 1929 онд Баянбулаг, Халзан сум нэгдэж Хатавчийн хийд дээр Халзан сум байгуулагдахад нь  “Би боловсролгүй хүн, даргын ажлаа өгье, сумын ажлын төлөө чадах ядахаараа зүтгэе ээ” гээд хоёрдугаар багийн дарга болж 1940 он хүртэл ажилласан. Ер нь Сүхбаатар аймгийнхан жанжин Сүхбаатараасаа эхлээд Ерөнхий сайд байсан Жигжиджав гээд байнга тэмцдэг, их үйлсийн төлөө зүтгэдэг улс шүү дээ. Сүхбаатарынхан энэ улс орныг тохинуулахад үнэхээр хүчин зүтгэж байсан улс. Юу үнэн, тэр үнэн. Олон угсаатан болоод тэгдэг юм уу, Дарьганга хүнд өөрийн гэх өвөрмөц онцлог бий. Тэр бол шударга ёс, чиг журамт ёс, хувиа хичээдэггүй, нийгмийн төлөө явдаг. Жишээ хэл гэвэл би аавыгаа хэлнэ.

-Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг үг бий. Аавынх нь энэ чин шударгуу зан чанар мөн л эцэг эхээс нь үүдэлтэй байх даа?

-Манай өвгөн аав 1866 онд төрсөн, нутагтаа “өндөр” гэгддэг Дарамын Бат гэдэг хүн байлаа. Дарьганга хошууны Баруун гар адуучны 300 гаруй адууг хариулдаг. “Дарьгангын түүх” гэдэг номон дээр миний өвгөн аавын Манжид жилбээн үрээ хүргэх ажилд томилогдон нэг удаа явсан тухай байдаг юм. Тэр номонд “Бид Хятадад 1000 үрээ хөөж хүргэж өгсөн.  Мал мэдэхгүй хүнд мал өгнө гэдэг маш хэцүү юм аа. Үрээнүүдийг барих гэж зодож нүдэж байгаа зэрлэг балмад байдлыг хараад өөрийн эрхгүй сэтгэл эмтэрсэн. Үрээ хүргэх ажлыг би дахиж хийхгүй шүү” гэж Манжийн Сүрэгтэн хошууны тэргүүн Орлой цагаан амбаны элчид хэлсэн нь тэмдэглэгдсэн байдаг. “Дарьгангын түүх” гэж манай Лувсанбалдан гуай бичсэн сайхан ном бий.

-Танайхан хэдэн үеэрээ адуутай ийм ойрхон явсан юм бол оо?

-Ингээд харахад өвгөн аав, аав, миний үе, миний хүүхдийн үе хүртэл дөрвөн үедээ бид хурдан морь гэдэг юмнаас хөндийрч чадахгүй явна.   

-Дөрвөн үеэрээ адуу мал, хурдан хүлгээс хөндийрч чадахгүй явна гэдэг таны үг өндөр сэтгэгдэл төрүүлж байна л даа. Багадаа хэр адуунд эрэмгий хүүхэд байв?

-1952 онд манайх Дөхөмд нутаглаж байсан юм. Тэр жилийн ялаа шумуул хэлэхийн аргагүй их, адуу тогтохгүй маш их адуу алддаг байв. Салхитай үед адуу Халхын гол хүртэл явна. Би 12-той хүү тав зургаан найзтайгаа нийлээд 25 азарга адууг сар гаруй манаж билээ. Орой нар шингэж гэгээ тасрахаас өмнө адуугаа нийлүүлээд Дөхөмийн зүүн хойд руу туугаад манахаар явна. Шөнө ялаа шумуул буусан хойно адуу тогтоно. Тогтлоо гэхэд адуу тургилаад зам руу ергөчихнө. Тийм айхтар ялаатай жил байсан юм. Аавынхаа хөвөнтэй  дээлийг өмсөөд, жороо бор морио унаад адуугаа манана. Томдсон дээлний бүс алдуурч унжаад хөлд нь гишгэгдэхэд шууд зогсдог номхон морь байсан юмдаг. Тэгээд адуу тогтоход эмээлийнхээ хойд руу суугаад морин дээрээ унтана. Найзууд маань барилдаж ноцолдож тоглосоор адууныхаа захад унтацгаана даа. Миний хувьд мориноосоо бууж унтах дургүй, аймхайдаа ч тэр юм уу номхон бор дээрээ унтчихдаг байлаа. Хязаалан байдас унаад тав хоногийн тэмээний эрэлд өглөөнөөс орой гэгээ тасартал хоолтой, хоолгүй явж шөнийн хоногт айл олж хононо. Ер нь малчин хүн нэлээн юм үзэж байж эр хүн болно шүү дээ.


-Тэгэхээр таны бага нас ахас ихсээ хүндлэх зан заншил, адуу малаа адгуулах уламжлал, жинхэнэ монгол ахуйд өнгөрчээ дээ?

- Би чинь тавдугаар ангиасаа эмнэг даагаа унаж сургадаг байлаа. Аавын ах дүү нарынх олон эрэгтэй хүүхэдтэй болохоор хүн болгон даага сургах гэж ноцолдоно. Үүр цайж байхад аав морийг минь авчраад эмээллээд уячихдаг. Тэгээд хоол цай ч үгүй санд мэнд мордонгуутаа өнөө уяа морьдоо цуглуулахаар адуундаа явна. Өглөө адуугаа хураагаад долоо, найман азарга адуу хөөнө. Аав минь “Миний хүү адуутай чинь цуг хоносон саахалт айлын адууг бэлчээрт нь орхидоггүй юм шүү. Ойрхон авчраад хотыг нь чиглүүлээд, адуугаа ялгаад ирж байгаарай” гэж хэлдэг байсан юм. Манайх Ясангийн худгийн дэргэд байхад сахиулд байсан Базарсад гуайн адуу, Монхцоо гуайн адууг дайралдвал бөөнд нь хумиад ирдэг байлаа. Ер нь монголчуудын амьдрах чадвар нь бие биедээ тусархуу байсанд оршдог юм.

-Морио байнга унаж эдлэх нь хүний биед ашиг тус ихтэй гэдэг. Танд тэгж мэдрэгддэг үү? 

-Хэлээд яахав. Түүний чинь л хүчинд одоо миний бие ёо хэлэхгүй 80 гээч нас руу дөхөж явна. Хэдий чинээ биеэ сарьсалж дайчлан, ажиллаж амьдарч сурна төдий чинээ эрүүл явдаг юм байна. Би чинь мориор хөдөө явахдаа алхуулж шогшуулж явж чаддаггүй, ергөж цогиж, хагас давхилтай явдаг. Угаасаа хурдхан явахгүйгээр Олныхны тэр их малыг хариулах боломжгүй л дээ. Чухамдаа Олныхны хот айл буюу ах дүүс 1957 онд тарсан юм. Яагаад тарсан бэ гэхээр тэр хот айлын адуу, тэмээ гээд урт хөлтэй амьтдыг голлож хариулдаг эзэн нь миний бие байсан юм.

-Саахалтын айлын адууг орхилгүй хурааж ир гэдэг аавын тань захиас өнөөдөр монгол ахуйд маань гээгдэлгүй үлдэж чадсан болов уу?

-Өнөөдөр зах зээлийн эдийн засаг гэж юм руу ороод аминчлах үзэл дэндүү их явчихлаа. Их ч газар авлаа. Бие биедээ тус болохоо бүү хэл тушаа болох нь их болжээ. Би их өндөр үнэтэй авсан алаг морь, бас нэг сайхан хул морь, нарийн хар морь гээд гурван хурдан морио хулгайд алдсан. Алдсан ч юм уу даа, ер нь ний нуугүй хэлэхэд хүн гадагш нь гаргачихсан юм болов уу даа. Өнөөдөр Авдарын уулнаас адуу алдахад Дархан хотод арьсыг нь тушаагаад зогсож байна. Тээврийн хэрэгсэл элбэг болсон энэ үед малын хулгай хийх боломж илүү болсон байна. Бидний хүүхэд байхад адуунд нэг шүдлэн байдас ороод ирэхэд “Тэднийхний тамгатай юм байна, манай адуунд байна гэж хэл өгье” гээд хэл өгдөг байсан. Гэтэл өнөөдөр хэл өгөх нь бүү хэл “мэдэхгүй, үзээгүй, дайралдаагүй” гээд нуудаг болсон байна. Монголчуудын мөхлийн зам руугаа дөхөж байгаагийн нэг шинж энэ юм болов уу даа. Ер нь нүүдэлчдийн соёл иргэншлийн гол агуулга нь бие биедээ туслах. Бие биедээ тусалж, дэрвийж дэлдийхээрээ хамжиж байж Монголын мал сүргийг өсгөсөн юм аа.

 

 ЭХЛЭЭД АДУУГАА ТАНЬЖ БАЙЖ, ДАРАА НЬ ХУРДНЫ МОРИО ШИНЖИНЭ


-Та хэдийнээс морь шинжих болсон юм бэ? Хурдан морины шинжүүдээс нэрлээч?

-Миний бие улсын морины комисст 23 жил ажиллажээ. Энэ хугацаанд түрүү айргийн морьдын талаар үүсч болох маргааны асуудлыг шийдэхэд зонхилох рольтой оролцож байсан. Янз бүрийн маргаан гарвал тайлахад малчин хүний хүүхэд учраас хар нялхаасаа адууны дэргэд явсан хүн юм, эрхбиш гадарлалгүй яах вэ. Дээр нь Лувсан-Ёндон гуай болон бусад хүний бичсэн хурдан морины шинжийн тухай ном жаал зугаа уншсан. Би хурдан морины 80-аад шинж мэднэ. Хурдан морины шинж гэж ярих юм бол эхлээд адуу гэдэг ойлголтыг ялгах ёстой юм. Эхлээд адуугаа таньж байж, дараа нь хурдны морио шинжинэ. Адууныхаа галбирыг, ерөнхий хийцийг танихгүйгээр хурдны шинж тодорхойлно гэхэд хэцүү.

-Байгаль цаг уур, газарзүйн тогтоцоос шалтгаалаад нутаг болгоны адуу өөрийн гэсэн онцлог хийц хэлбэртэй байдаг. Энэ бүхнийг та шууд ялгаж таньдаг уу?

-Машинтай явж байгаад адуутай таарвал бууж тэр адууг өнгөртөл нь хардаг. Түүний хүчинд адуу танихтай болсон. Хээлтэй гүүний хээлийг хараад эр унага гарах уу, охин унага гарах уу гэдгийг эмээ ээжээрээ заалгаж байлаа. Сүхбаатар аймаг бол Донир адуу, Орлой адуу, Ширээтийн цагаан, Дарьгангын жижиг зээрдүүд гээд дөрвөн төрлийн адуутай.

Дорноговь аймагт очвол Гүр адуу, Банди адуу, Тайж адуу гэсэн гурван төрлийн адууг би бусдаас нь ялгана.

Хэнтий аймагт Хэрлэнгийн унага гэж Жаргалтхаан, Дэлгэрхааны сайхан адуу бий. Мөн Галшар адуу гэж бий. Дээр нь Дагмид адуу байна. Энэ бол Галшар адууны гол ноён нуруу юм. За тэгээд Дамбадаржаа адуу гэж нэгдэлжих хөдөлгөөний үеэр үүссэн адууг хараад танинаа.

-Баруун талын адууг...

-Танина. Тэсийн адууг бүрэн ялгаж чадна гэж боддог. Манай хурдан морь судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд янз янзын тайлбар гаргадаг л даа. Би хурдны шинжийг тодорхойлохдоо голдуу эртний, Галшарын шинжээчид, Галшарын уяачид, тэдний бүтээлүүдийг баримталдаг.

-Сүхбаатар аймгаар явахаар Орлойн баячууд, Орлойн адуу гэж ярьдаг л даа. Орлой адуу хэрхэн бий болсон байдаг юм бэ?

-Орлой адуу гэдгийг гаргасан хүн бол Уулбаян сумын Вангийн хүрээний богдын шавь нар. Гэлэн Жадамбаа, баян Совд, жаал Содов нарын ах дүү таван хүн Богдын шавь болж, Богдын сүргийг өсгөх үүрэг хүлээж, улмаар Вангийн хүрээг байгуулсан гэнэ билээ. Орлой адууг тахийн хольцтой гэдэг. Тэр Орлой баячуудын нэг нь гүүгээ тахь усанд ордог зам дээр чөдөрлөж үлдээгээд тахийн төл  авсан нь гурав дахь үеэсээ хурдалсан гэдэг яриа байдаг юм. Энэ бол домог ч байж магадгүй. Сүхбаатар аймгийн Халзан сумын баруун тал, Баяндэлгэрийн хойд тал, Уулбаян сумын баруун урд бие, Түвшинширээ сумын зүүн урд биеийг хамарсан нутагт Орлой адуу төрсөн. Тэгээд Орлой адуу Мөнххаан, Хэнтий аймгийн Галшар хүртэл явсан. Хардэл бэйс Пүрэвжав азарга тавих хурдан морь эрэхээр хоёр адуучин дагуулаад Дарьгангын хошуугаар сар шахуу явсан байгаа юм. Буцаж явахдаа Орлой адууны гаралтай хонгор даагыг авсан. Тэр нь өвгөн ноёны алдартай хурдан азарга болж гарсан түүхтэй. Буцаад галшарын адуунууд 1944-1945 оны мичин жилийн зуднаар Сүхбаатар аймгийн Онгон, Хонгор, Баяндэлгэр сумын урд бие хилийн зоон хүртэл шуурганд туугдан ирж, хойтон нь эрэлчид цуглуулж авсан байдаг.

-Орлой адууны онцлог шинж нь юу байдаг юм бэ?

-Орлой адууны ерөнхий хэлбэр бол аварга том биетэй хэрнээ дэл сүүл шингэн, босоо байдаг. Ерөнхий хийц нь Донир адуутай нэлээн төстэй, хандгай хийцтэй гэж яривал зөв тал руугаа орох болов уу.


-Тахийн цус орсон Орлой адуунд тахийн хэв шинж нь хэр хадгалагдсан байдаг вэ?

-Ер нь төстэй шүү. Тахийн  хайрцаг маш тэнцүүхэн байдаг. Өөрөөр хэлбэл, цээжин бие, бөгсөн бие хоёр нь тэнцүү, их бие, хөл тэнцүү адууг хайрцаг адуу гэдэг юм. Хайрцаг адууг хэмжих хэмжээс нь өвчүүний бурааны үзүүрээс мөрийг нь дамжуулаад ташаан толгойн хамгийн том үзүүр хүртэл хэмжсэн хэмжээс мундаан дээрээс туурайныхаа ёроолыг хүрч байвал хайрцаг адуу. Хайрцаг адуу гурав хоногийн хоолтой, хоолгүй унаарыг гүйцэд даадаг. Саяхан зурагтаар ярьсан яриандаа тэр хэмжээсийг зааж өгсөн. Монголын ард түмэн харсан байх. Би хялгана бариад өрөөсөн нүдээ аниад  хэмждэг.

-Донир адууны тухайд?

-Донир адуу бол цэвэр хандгай хийцтэй, дэл сүүл өтгөн, аварга адуунууд. Баянмөнх сумаас эхлээд Хэрлэнгийн урд хөвөө дагаад бүр Матад сум хүртэл үргэлжилдэг адууг Донир адуу гэдэг юм. Донир адуу нь Монхор Донирын хар азарганы түүхтэй холбоотой. Одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн хүн. Тарвага, зурам гөрөөлж амьдардаг ядуу нэгэн байсан бөгөөд өрөөсөн засаатай ганц хар азаргатай байж. Халхын ноёд 1696 онд Жанжин Чойрын урд талд нутаг хошуундаа ирсний баяр хийж их наадам хийсэн юм билээ. Тэр үед зөвхөн их морь уралддаг байж. Донир тэр наадамд хар азаргаа мордуултал түрүүлээд ирэхгүй юу. Азарга уралдууллаа гээд хэл ам болоход Донир “За тэгвэл, айргийн таван морийг дахиж уралдуулъя. Миний хар азарга өрөөсөн засаатай. Би өрөөсөн засааг нь авлаа” гээд засааг нь аваад шархан дээр нь мордуулчихсан. Шархны халуунаар давхиж өмнөх өдрөөсөө арай хол түрүүлээд ирж. Тэгээд цоллуулахаар хүрээлсэн улс дунд явж байгаад цоллуулж чадалгүй үхсэн гэдэг. Донир үхэж байгаа хар азарганыхаа толгойг тэврээд дуулсан дуу нь “Түмэн эх”. Тэр дууны гуравдугаар бадагт хоорондоо эвгүй бол хүн, малгүй зовно шүү гэдэг үг байдаг юм. Монгол үндэстэнг эв эеийг хичээхийг сануулсан дуу. Тэр ч утгаараа наадмын их насны морь гарахад “Түмэн эх”-ийг заавал аялж гардаг шүү дээ. 

-Өрөөсөн засаатай хар азарганы үр удам явсаар Донир адуу болсон гэж үзэх үү?

-Донир адуу гэдэг тэр л нэр томъёогоор гарч ирсэн байх. Хар азарга бол Донир адууны  нэг төлөөлөл байсан байхгүй юу. Тэр үеэс Донир адуу гэдэг нэр томъёо гарч ирсэн юм. 

-Өвгөн ноён Пүрэвжавыг адууны дэл шиг мэнгэтэй байсан учраас Хардэл жанжин бэйс гэдэг байж, урд насандаа адуу байсан учраас адууг сайн шинждэг байсан гэх үлгэр домгийн гэмээр яриаг би дуулж байсан. Та дуулж байв уу?

-Би дуулсан. Адуу байгаад хүн болсон гэж би яагаад ч хэлж чадахгүй. Гэхдээ яалт ч үгүй ар нуруундаа хоёр мөрөө дагасан үсэрхүү хүн байсан юм билээ. Тэгээд дэлтэй хүн гэж нутгийнхан ярьдаг байж. Тайж удамтай, Чингисийн алтан ургийн хүн байхгүй юу. Пүрэвжав ноён адуу их сонирхдог, асар их адуутай, Галшар адууг бий болгосон хүн. Олон уяач, адуучдаа дагуулаад Дарьганга хошуугаар явахдаа Зандан хүрэн гэдгийг Сүхбаатар сумаас олж авсан байгаа юм. Тэр Зандан хүрэн азаргаараа олон наадмын түрүү авсан. Тэр нь яах аргагүй Донир адуу байсан.

Ер нь адуучин, хурдан морь ярьдаг улс, хурдан морины шинжээчид бие биедээ хууч хөөрч суун хурдан морины шинжийг тогтоож, үр хүүхдүүддээ өвлүүлж байсан байхгүй юу. Энэ талаар бичиж үлдээсэн ном гэвэл Хардэл бэйс Пүрэвжавын бичсэн ном, хурдан морины шинжийн эх хөтөлбөр мөн.

-Сүхбаатар аймаг хурдаараа улсдаа гайхагддаг аймаг. Гэтэл бас сүүлийн үед цэвэр үүлдрийн адуугаар эрлийзжүүлж байгаа нь хэр зөв зүйтэй зүйл вэ?

-Манай Сүхбаатарынхан хурдтай мөртлөө сүүлийн үед адуугаа гадны явдаг, явдаггүй юмтай холиод үржүүлдэг болж. Би ч угаасаа эрлийз адууг ерөөсөө ойшоодоггүй хүн. Яагаад гэвэл арьс нимгэнтэй, үс ноос тачирхан, тэсвэр тэвчээр муутай, олон хоногийн эдэлгээ даахгүй, амархан ядаргаанд ордог, яс хүндтэй адуу байна лээ. Би нэг Тува азарга авч үзсэн юм. Тэр азаргыг монгол азаргатайгаа харьцуулж үзээд ер нь миний адуунд нэмэр болохоосоо нэрмээс болох юм байна гэдэг ойлголт авсан. Жавар даахгүй, өвөл их эцнэ. Яахав байнгын тэжээл өгөөд уявал хурдлах л байлгүй дээ. Гэхдээ хүмүүс хурдныг нь авч чаддаг юм уу, үгүй юм уу. Бараг дайралдсаныг нь шахуу аваад ирдэг байх л даа.

-Би ч бас тантай санал нэг байна. Гадных л бол сайн гэдэг ойлголт буруу л даа.

-Адууны тэсвэр тэвчээр алдагдаад эхлэхээр адууны чанар муудна. Тийм учраас би эрлийз адууг адуу гэж тоодоггүй. Сүхбаатар аймгаар явж байхад эрлийз адуу нэлээд харагдана лээ. Нутгийн тэр сайхан шилмэл адуунууд байхад очиж очиж ийм адуу авчрах ч дээ гэж харамсах бодол төрдөг юм. Төл муутай, өсөх чадварын хувьд муу, хээл их хаядаг гээд тоочоод байвал олон муу тал байна. Миний Тувагаар дамжиж ирсэн азаргатай адуунд 4-5 унага байхад, монгол азаргатай адуунд 10-аад унага төллөж байх жишээтэй. Ихэнх нь гараад үхчихдэг юм. Өвчтэй эмгэгтэй болоод үхсэн үү гэвэл үгүй. Их сонин санагдсан. Адуу цаашаа өсөхгүй юм байна гэдэг сэтгэгдлийг надад үлдээсэн. Тийм учраас эрлийзжүүлэхийн оронд цэвэр монгол адуугаар нь дотроо өсгөвөл сайн юм даа гэж би дотроо боддог. Ер нь олон сайхан уяачид сүүлийн үед монгол адуугаа шүтэх боллоо. Өөр арга байхгүй. Сүхбаатарын адуу хурдан, хурдан гээд л баахан шуугих юм. Одоо ч энэ байдлаараа хурдан адуу Сүхбаатарт цөөрөх зам руугаа орох байх аа. Ер нь Сүхбаатарын адуу хурдан байдгийн учир нь тал нутаг нь арвин их учраас туулах чадварын хувьд мундаг байдаг. 

-Танд адуу шинжиж өгөөч гэдэг хүсэлт хэр их ирдэг вэ?

-Би 1980-аад оны сүүл үеийн нэг түүх ярья. Сүхбаатар аймгийн Барилгын газрын дарга байсан Онгон сумын Адъяа гэж найз маань намайг адуу шинжиж чаддаг, үгүйг турших гэж адуу үзье гэж дууддаг юм. Ойр хавийнхаа Уулбаян, Халзангийн адууг нийлүүлсэн 700-гаад адуу цуглуулчихсан 10-аад уяач ирсэн байна. Хоёулаа хууч хөөрөнгөө адуун дотор сууж, мань хүн надаас “Энэ ямар адуу байна” гээд л асууж байна. “Наадах чинь Майн баярын адуу байна”. Майн баярын уралдаан чинь 10, 15 км-т уралддаг байхгүй юу. Жинхэнэ хурдны их морь 30 км-т хурдлахыг би хурдан адуу гэж хэлдэг. Тэгээд нэлээд адуу үзүүлчихээд Сүхбаатар аймгаас улсад ирж түрүүлсэн хээр азаргыг үзүүлэхгүй нууж байж л дээ. Хамгийн сүүлд тэр хээр азарга гүйж өнгөрөхөд “Энэ хээр азаргыг уявал ямар вэ?” гэж байна. Тэгэхэд нь би “Урьд нь үзсэн бүх адууг наад хээр азаргаар чинь сольчихъё” гэсэн юм. Тэр хээр азаргыг Нийгмийн хонгорыг уяж байсан хүн л уяж байсан юм билээ. 

-Тэгээд найз тань таныг сорьсноо хүлээсэн үү?

-Сүүлд нэг ирчихээд “Чи ер нь их ханатай дуугарах юм аа. Майн баярын адуу гэдэг чинь үнэн. Чиний заасан тэр Тожин адуу чинь эхний 10 км-т ер нь юманд гүйцэгдэхгүй ганцаараа л яваад, түүнээс цааш суучихдаг. Суухдаа бүр пал суудаг юм. Хээр азаргыг чи үнэхээр олж харж байна лээ” гэж билээ. Тэгэхэд бас нэг залуу хоёр морьтой ирээд “Хурц гуай, миний энэ хоёрт уяа байна уу” гэсэн. “Сайхан уявал наад хөтөлгөө халзан морь чинь хурдан юм байна” гэсэн чинь “Би уядаг юм аа, халзан морь Уулбаян суманд айрагдсан. Одоо наадамд уях санаатай хөнгөрүүлж байгаа юм аа” гэж байсан. Ер нь сайн адуу чинь бусдаасаа арай сэргэлэн байдаг юм. Ер нь андашгүй дээ, андашгүй. 

-Адуу, хурд хоёрыг ялгах ямар ялгаанууд байдаг вэ?

-Ухаандаа Хөвсгөл, Архангайн зааг, Булган, Өвөрхангайн нутгаар явахад тэнд хурдны шинжтэй морь их цөөхөн харагддаг. Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд найзындаа очсон байсан юм. Тэдний гэрийн хажуугаар азарга адуу туусан нэг залуу явж байхаар нь би “Миний  хүү, энэ хээр азарга чинь танай адууны азарга биш байна” гэсэн чинь “Та яаж мэдэв” гэж байна. “Наадахын чинь хийц шал өөр. Танай адуу биш байна шүү дээ. Энэ нутгийн ч адуу биш байна” гэсэн чинь нөгөө залуу “Тийм ээ, Хөвсгөлийн Цэцэрлэг сумын адуу. Тэсийн голын адуу байгаа юм. Хотгойд адуу даа”. гэдэг юм. Хотгойд адууны гаралтай ганцхан азарга адуун дотор байхад ялгарч байгаа юм. Тэр азарга аймагтаа түрүү жил нь түрүүлээд, дараа жил нь аман хүзүүдээд байхад тэдний аав нь худалдаж авч гүү хураалгачихаад байгаа нь тэр байж. Хурдны адуутай болохын тулд олон гүүтэй, олон адуутайдаа биш, харин азарга, гүүний зохицол чухал. 


-Азарга тавих үрээ ямар хийцтэй байх ёстой вэ?

-Би хоёрхон юм мэднэ. Үр төл сайтай сайн азарга болох үрээний бусдаасаа ялгарах шинж нь нэгдүгээрт, урд туурай нь цомбон, хойд туурай нь илүүрийн үзүүр шиг гурвалжин. Хоёрдугаарт, засааных нь нарийн үзүүр урагшаа толгойн тал руугаа харсан, бүдүүн тал нь бөгсөн тал руугаа байвал азарга тавьж болно. Эсрэгээрээ байвал үр төлгүй, муу. Ийм хоёр шинжээр азарга тавих үрээгээ шинждэг. Дэлгэрхааны Сүрэнхорын өвгөн аав нь ингэж ач хүүдээ хэлсэн байдаг юм билээ.

-Тэгвэл сайн гүү ямар шинжтэй байх вэ? Хүмүүс сав сайтай, удамтай гүү гэцгээдэг.

-Гүүгээ л харах ёстой. Адуу болгоны гүүний хийц өөр. Адуу эдлэх тусам сэрвээ, цээжин талаараа өсдөг. Хамгийн өсч болдоггүй нь бөгсөн тал нь. Гүү ч ялгаагүй. Хурдан даага ч ялгаагүй,  яг тэв тэгшхэн байвал хурдалж чадахгүй. Нас ахихаар суулт дийлдэг. Дааган цагтаа цээж нь намхан, бөгсөн төл нь өндөрдүү адуу өсөх тусмаа хурдална. Өөрөөр хэлбэл сайн гүүний шинж, даага хоёр төстэй цээж намдуу, бөгс тавиу байдаг. Хурдан морь, бөх хоёр адилхан. Ер нь хурдан морины хамгийн чухал эрхтэн таван цул байгаа юм. Зүрх нь нүдэндээ, бөөр нь хэлэндээ, уушги нь хамартаа харагдана. Буйл нь дэлүүний шинж. Хэдий буйл нь хатингар байх тусам дэлүү багатай гэсэн үг. Буйл нь бүлцгэр байвал дэлүү томтой, уяж хурдлуулахад садаатай гэсэн үг.

-Төрөлхийн шинжүүд уяаны явцад өөрчлөгдөх үү?

-Уяаны явцад адуу өөрчлөгдөнө гэж байхгүй. Галбир нь л тодорно. Тэрнээс уяад хурдны шинж оруулна гэдэг ганц нэгэн адуун дээр байж болох юм. Жишээлбэл, Сүрэнхорын хээр азарганы буруу талын хөлд цагаан үс гарч ирдэг юм. Тэгээд “Миний хээр азарганы уяа ханаж байна, юу нь тодорчихлоо” гэж шар Сундуй гуай бид хэд цуг сууж байхад Сүрэнхор өөрөө хэлж байж билээ.

-Хурдан адууны хамгийн чухал шинж бол зүрх зориг. Зүрх ихтэй адуу уяаны багахан алдаа, уралдааны замын энхэл донхол, тэр болгоныг даван туулж гардаг” гэж уяачид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Таван цул тавуулаа аль болох зөв байх ёстой. Ухаандаа хурдан морины нэг шинж нь гэдэсний бүтэц. Хэдий умс богино, хитай урт байх тусам адуу хурдална. Тийм адууны хошногоны хонхор цаашаа нүхэлчихсэн юм шиг хар байна. Энэ нь идэш багатай давхих адуу гэсэн үг. Гаднаас нь харахад ташаан толгой, сүвэргэ гэдэсний үзүүрийн хооронд дөрвөн хуруу  багтахтай үгүйтэй зайтай байгаа нь умс бага, хитай урт байгааг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм адуу өлдөх гэдэг юм бараг байхгүй. Гэхдээ хэтэрхий тэжээлийг нь хасвал буруу, тэжээл нь ихэдвэл бас буруу. Ер нь хурдан морь уяа ороод ирэхээрээ өөрийнхөө хоолыг зохицуулдаг амьтан. Тэр бол адууны өөрийн сэтгэл. 

-Хурдан адууны аль шинж илүү давамгай байхаараа  хурдлах чадвартай байх вэ? Бүх шинжийг төгс агуулна гэж байхгүй шүү дээ.

-Хамгийн гол нь хайрцаг л байх ёстой. Хайрцаг байхгүй адуу явдаггүй юм. Тэсийн голын адуу жигтэйхэн сайхан. Гэхдээ хурдны адууг нь ялгахын тулд хайрцгийг нь харна. Ихэнх тохиолдолд сум нь урт, цээж нь богино. Тийм учраас цээж урттай адууг нь авбал Тэсийн голын хурд гарна. Хурдан морины 80 орчим шинжээс би тав, зургаан шинжийг нь ярьчихлаа. Морь харж байгаад яривал олон шинжийг хэлж болно. Энэ адууны ийм булчин зөв байна, хөмсөгний дээд яс, аман хүзүүний сэртэн хоёр тэнцүү учраас аугаа их бяртай адуу байна. Аман хүзүүгээрээ нарийсаад ирэхээр хурдан морь бяргүй болдог. Ер нь тийм шинж нь давамгай гэж ганцхан шинж харж болдоггүй юм. Олон шинжийн олонх нь бүрдэж байж сая хурдан морь гэдэг ойлголт гарна. Тэгэхээр мориныхоо шинжийг адууныхаа өвөрмөц онцлогтой нийлүүлж байж сая хурдан морины тухай ярина аа.    

ШАРГЫНХАА УДАМ ТАСЛАХГҮЙ ГЭЖ НУТГААС АНХ УДАА ҮРЭЭ АЧИЖ ИРЖ БАЙЛАА

-Таныг Монголд анх удаа машинаар морь ачиж авчирч улсад түрүүлгэсэн хүн учраас энэ талаар нь дэлгэрэнгүй яриулаарай гэж уншигчид маань захисан юм. 1976 оны тэр үйл явдлын талаар та ярьж өгөөч?


-Нутагт ганцаараа үлдсэн 60 хүрсэн авга ахыгаа хотод авчирч хотын айл болговоо. Авга ахынх наашаа нүүхдээ 15 настай шарга азаргатайгаа нийлээд цавьдар халзан морь, хүрэн шүдлэн, өндөр улаан гүү, унага  гээд гээд долоон адуу хөтөлж ирсэн юм. Гэтэл манай шаргуудын удам болох тэдний шарга азарга 19 настайдаа Яармагийн энд азарганд бариулаад үхчихдэг юм. Миний адуу ирээд овоо өсөж, Өвөржанчивлан рашааны хөлд айлд гуйж тавьсан байсан юм. Тэгтэл өвөл нь азаргыг минь ганц гүүтэй үлдээгээд бусдыг нь хулгай хийгээд алаад хаячихаж. 

- Тэр үед малын хулгай байсан юм уу?

-Байлгүй яах вэ. 1976 онд малын хулгай дээд зэрэг байсан үе. Налайхынхан идсэн гэдэг яриатай. Харж байсан айл нь нутагтаа орхичихоод оторт нүүсэн араар нь хулгай авсан. Ингээд манай шарга адууны удам тасрах нь ээ. Тэгээд би сураглахгүй юу. Нутагт хоёр шарга унага хоцорсон сураг гарлаа. Нэг нь аавын ахын хүү болох Тамжаагийн Мажигсүрэнгийнд байна гэнэ. Тэр шаргыг даага болоход нь Мажигсүрэн ахынд очоод “Танайхаас нэг юм авна аа” гээд юу гэдгийг нь хэлэхгүй хоёр жил гуйж байгаа юм. “Орлогч сайд хүнд надаас авдаг юм юу байдаг байна аа” гээд л тааж ядна. Цэрэгт явсан хүүг нь даахиа үргээлгэхэд нь мялааж шарга дааганы эхийг өгч байсан болохоор хүүг нь иртэл хүлээсэн хэрэг. Тэгээд шүдлэн үрээндээ Сүхбаатар аймагт хол түрүүлж, наадмын дараа нэг хүн авъя гэхэд нь “Мотоциклиор солино оо” гэж хэлээд өгөөгүй гэж дуулдлаа. Тэр үед мотоцикль 6000 байсан. Өвөл нь нэгдүгээр сард хүүгийнхээ хадмуудтай цуг очлоо. “Шарга үрээг чинь хязаалан болгож авъя” гээд хэллээ. Тэгсэн чинь “Би тийм үнэ хэлээд хүнд өгөөгүй шүү дээ” гэхэд нь “Ах дүү улс байна, би танаас зүгээр авна шүү дээ. Би танд орлогч сайдынхаа амралтын мөнгө, нэг сарын цалингаа өгье. Өөр мөнгө байхгүй. Харин та үрээндээ нэг шарга гүү өгөөрэй” гэсэн. Ингээд бидний аваа өгөө болсон. Наадмаас өмнө зургадугаар сарын 29-нд эндээс Эрдэнэцагаанд ачаа буулгасан машиныг замдаа үрээ ачаад ир гэж захилаа. Би өөрөө онгоцоор нисээд, хоёр хоног Германы экспедицид ажиллачихаад шөнө гарч давхиад ахындаа очлоо. Машин ирчихсэн, кузовоо өндөрлөчихсөн байна. Тэгсэн ах “Би азарга, соёолон морь, нөгөө хязаалан шарга үрээ, нэг хонгор халзан даага гээд дөрөвхөн морь уяж байгаа. Хонгор халзан даага маань шарга гүүнийх. Надад өөр шарга гүү байхгүй. Хамт ав” гэнэ. “Хэдэн төгрөгийн үнэтэй юм, даага чинь” гэсэн “1000 төгрөгөөр өгчихдөг юм уу даа” гэж байна. Тэгээд шарга хязаалан, шарга гүү, хонгор халзан даага гурвыг 3500 төгрөг тоолж өгөөд авсан юм. Тэгээд ачсан даа.

-Адуу ачих гэж нэлээд юм болсон байх даа? Анх удаа л адуу ачсан тохиолдол биз дээ?

-Сүйдтэй юм болоогүй ээ, хачин амархан ачсан.  Кузовыг нь өндөрлөөд, урд талд нь дөрвөн дөчийн бетон тавьж чангалж уяад, урагш нь харуулж уяна. Тэгээд үсэрч гарахаас сэргийлж хүзүүнд нь том олсоор татлага хийж хоёр талаас нь уясан. Даршны нүхэнд машинаа оруулаад, кузов руу хөтлөөд оруулах гэсэн ордоггүй ээ. Азаргандаа ижилсүүл гээд хөөрхөн хонгор байдас өгсөн юм. Тэр хонгор байдсыг унагаад кузов дээгүүр чирсэн чинь овойсон бүгдийг нь улаан нялга болгоод урчихлаа. За үрээгээ ямар ч байсан ойчуулж болохгүй юм байна гээд арга бодов. Эхлээд ахын унаж явсан номхон саарал гүүг үрээндээ харуулж байгаад кузов руу оруулчихаад буцаагаад гаргачихсан. Тэгээд кузовын шалан дээр даршны хуучин өвс дэвсэж, дээрээс нь элс хийж усаар шавшиж зөөллөөд, шарга үрээгээ саарал гүүний амгайнаас төө хэртэй зайтай холбож уялаа. Саарал гүүгээ кузов руу хөтөлтөл нэг удаа гарчихсан мал шууд л гарч байна. Шарга үрээ кузов нахилзахад цоройхоор нь гуядтал үсрээд гарчихдаг юм. Ах “Хол явахад бие нь алдардаг юм. Цомцог сүүлийг нь боолттой хүргэнэ ээ” гээд цомцог сүүлийг нь боочихсон. Тэгээд замдаа зуур хоноод, маргааш өдөр нь Түргэний голд буусан. Надад ах маань “Чи үрээгээ хэр адуу байна вэ гэдгийг үзэхийн тулд их насны хоёр морьтой тарлаж үзээрэй. Тэгээд 4-ний өдрийн хязаалангийн сунгаанд уралд” гэж захисан юм. Хязаалангийн сунгаа 4-ний орой болж, ажил тарсны дараа би орос, монгол баахан амьтан дагуулаад очлоо. “Морь авсан” гээд үзүүллээ. Даваахүү тэр үед морин тойруулгын морьд уяж байсан. Даваахүүгийн үрээ ч сунгаанд давхилаа. Тэгтэл миний шарга 6 км газарт сунгаанд давхиад 800 метрийн зайтай тасархай түрүүлээд ирлээ.

-Ахын захиасаар их морьтой тарласан юм уу?

-Тэгсэн. Гунгаабазар гуай нэг эрлийз, нэг монгол хоёр их морь уяж байсан юм. Нөгөө хоёр морьтой нь тарласан чинь 20-иод метрийн тасархай нөгөө хязаалан түрүүллээ. Тэгтэл Гунгаабазар гуай “Би хязаалан ч гүйцэхгүй их насны морь уяна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Морь уяж байна уу, юу уяж байна вэ? гээд л. За ингээд шарга хязаалан хурдан гэдэг нь мэдэгдлээ. Сунгаа хийсэн энэ тэр нь бөөн шуугиан. Яамны нэгдүгээр орлогч Хурц сайд онгоцоор нисэх шахуу хурдан морь авчирч гээд шуугилаа. Сунгаанд түрүүлээд ирэхээр нь хөлсийг нь хусаад байж байтал Даваахүү өөрийнхөө морийг харалгүй давхиж ирээд “Дархан айраг байна шүү. Аз чинь мэдэг” гэж хэлчихээд давхиад явчихсан. Тэгээд өөрийнхөө морийг тосож байгаа байхгүй юу. Тийм завтай байхаар хол тасархай ирсэн хэрэг л дээ. Дараагийн сунгаанд Түргэний голыг гаталж сурчихсан, Түргэний голд гуравт ирж байна аа. Тэгээд наадам боллоо.

-Наадмын давхил нь ямархуу байв?

-Наадамд хязаалан эргэхэд нь би км-ийн наана зогсож байсан юм. Алдар толгойн урд доогуур шургаад, зүүн талынх нь хэрчлээсүүдийг давж гараад, зүүн хойд талд хадтай хошууг энгэрлээд гарахын алдад тарны морь шиг нөгөө дөрвийгөө хаячихаад ганцаараа тасраад алга болсон. Би ч яах вэ, морь хөөсөн хэрэгт орно гэж айгаад дуу хүрэх газар хол хөндийхөн шиг явж байсан. Тугнаас хальс гээд л барианд орж байна. Эргээд харсан чинь дараагийн морь Буянт ухаагийн наад руу унжаад, хоёр хүүхдийн толгой шоволзоод, бусад нь их бие нь ч гараагүй байсан. Тийм хол түрүүлсэн. Бараг км шахуу.

-Таны нэр дээр уралдаагүй байхаа?

-Тиймээ, би авга ахынхаа нэр дээр мордуулсан юм.  Аавын төрсөн дүү Шагдар гэж хүн уяж, тэр хүний нэр дээр мордуулсан. Сүхбаатар аймгийн Халзан сумын Батын Шагдарын шарга хязаалан гэж цоллуулсан түүхтэй.

-Шарга хязаалан улсад жигтэйхэн хол түрүүлээд бөөн дуулиан тарихад эзэн нь таныг гэж мэдсэн л байж таараа. Тэр үед төрийн албан хаагч морь уяад торгуулж байсан гэдэг шүү дээ?

-Сайд Хурц морь уяж уралдуулаад зарчимгүй юм хийлээ гэж Цэдэнбал дарга дээр орж хэлсэн байгаа юм. Тэгэхэд нь Цэдэнбал дарга нөгөө хүнд “Хурдан моринд дуртай л хүн юм байгаа биз. Наадмын морины комисст ч ажилладаг. Энэ хүн сайдын хувьд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамыг аваад явж чадах хүн мөн үү, биш үү гэж чамаас асууж байна” гэж. “Тэр тал дээр яриа байхгүй ээ” гэхэд нь “Тэгвэл гар” гээд хөөгөөд гаргасан байгаа юм. Үнэхээр тэр үед яамны орлогч сайд байтугай хэлтсийн дарга морь уяж улсад түрүүлгэж цоллуулах эрх байхгүй.

-Сайн адууг үнэ хүргэж аваад улсад авчирч уралдуулдаг тэр жим таны үеэс тавигдсан гэж хэлж болох нь ээ. Шүдлэн аймагтаа түрүүлж, хязаалан улсад түрүүлсэн. Соёолондоо яаж давхисан юм бэ?

-Соёолонд нь өөр хүн уяад улсад 19-т давхиж, хавчигтаа зургаад давхисан. Долоон настайдаа 10-т давхиж ирээд унаад өгдөг юм. Тэр миний мунхгаас болсон хэрэг. Морь уяж мэдэхгүй мөртлөө морь идүүлнэ гэж жаахан хиаг бараадаад зогссон чинь өлдүүлчихсэн юм. Найман настай есөд орж, есөн настай долоогоор давхиж, 10 настай уяа нь хэтрээд шогшчихсон. 11 настай 12-т давхиж, 12 настайдаа 20 хэдээр орсон. Дараа нь 13-тайд нь Сундуй гуай маань уялаа. Тэр жил их ч хурдан байсан. Айцын давааг гуравт давж гарч ирээд, эхний зургаан морь буруу замаар гарсан гээд буцаж Алдар толгойн зүүн сугаар уралдаж 32-т орсон. Түүнээс хойш шарга азаргаа уялгүй, үр төлийг нь авсан даа.

-Тийм хурдан байсан адуу яагаад дахиж айрагдаж чадаагүй юм болоо. Нутаг орон солигдсон нь нөлөөлөв үү?

-Наадмын дараа тавих айл олдохгүй үйлээ үзэж байлаа. Тэгээд Баянбараатын нэг айлд гуйж адуугаа тавьсан. Тэр өвөл нь говь нутгийн адуу хангайд зохицох амаргүй байсан байх. Хөлдүү газарт зогсоод шарга азарганы маань гахай хөлдсөн байсан. Тэгээд хурдад нь нөлөөлсөн байх. Эндэхийнхэн манайхтай адил адуугаа эдэлдэггүй нь их нөлөөлсөн. Миний аав уралдаж ирсэн морийг долоо хоногийн дотор заавал нэмнээтэй хөлөргөж, зөөлөн хөлс аваад адуундаа тавьдаг. Октябрийн баярын урд долоо хоног хөнгөрүүлээд, ан гөрөөнд явах юм уу, эрэлд унадаг. Хоёрдугаар сарын сүүлчээр гуравдугаар сарын эхээр дахин ажил хийнэ. Ногоонд цадаад өнгө засаад ирэхээр нь дахиад долоо хоногийн ажил хийнэ. Ингээд зургадугаар сарын эхээр улсын наадмын уяа сойлго хийгддэг. Энэ унаа эдэлгээ нь байхгүй болчихсон. Тэгээд миний шарга азарга хичнээн хурдан байсан ч хурдаа гаргаж чадаагүй. Тэгээд соёолонгоос нь Сундуй гуайнд тавьсан даа.

-13-тайд нь Сундуй гуай уясан гээгүй билүү?

-Тиймээ. Сундуй гуайн адуунд байсан ч манай ах нар уяж байсан юм.

-Та  Сундуй гуайтай яаж танилцсан юм бэ?

-Миний хязааланг түрүүлчихээд байхад Төв аймгийн хүн гээд нэг танихгүй хүн майханд орж ирж танилцаад, “Ямар хөөрхөн адуу вэ? Хэвтчихээд босохгүй байна. Аргагүй дээ, тийм тасархай түрүүлсэн юм чинь ядралгүй яах вэ” гээд шаргын талаар яриа болсон. Цоллуулахаар Яармаг явах гээд хөхөл сүүлийг нь 72 настай хөгшин авга ах маань боох болоход Сундуй гуай “Би боож өгье. Би гар хүрч болох уу” гэж асуугаад боож өгсөн юм. Урьдын улсын намба гэж хаачихав. Одоо бол айрагдаж түрүүлсэн морьдын хөлсөнд хүрч байна гээд юу болдог билээ. Тэгээд “Манайхаар очоорой. Манайх Дорнойн Сундуй гэдэг айл, Авдарын уулын ард манайхан байгаа” гэж хэлээд явсан. Намар нь хоёр гүү, нэг их морь, нэг хязаалан үрээ, нэг соёолонтой таван адуугаа айлд тавих болоод адуугаа эрсэн чинь Гүн булаг гэж газар Сундуй гуайн гадаа оччихож. Тэгээд гадаа нь аваачаад тавих айл олддоггүй гээд учир явдлаа ярилаа. Тэгэхэд Сундуй гуайн шарга морь улсад хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг дөрөвлөчихсөн байсан. “Та миний шарга азаргыг шарга морьтойгоо уяхгүй юу. Энэ хэдэн адуугаа танай адуунд тавибал болох уу” гэсэн. “Би аймагт суудаг ч гэсэн миний найз нөхөд Баянцагаанаар дүүрэн байна. Хянамгайгаар нь Хөхийн Жамбалдорж гэдэг айлд тавья. Тэднийх адуу мал сайтай, сайн малч улс байгаа юм” гэсэн яриа болсон. 

ДАВААХҮҮ, ОНОН, ХЭНМЭДЭХ ГЭЭД ОЛОН ХҮНД МАНАЙ ШАРГЫН УГШИЛ БИЙ


- Улсад сайн давхидаг зарим адууны удам угшлыг асуухаар Хурцын шаргын угшилтай гэдэг.  Үр төлүүд нь ямар хүмүүст байдаг вэ?

-Сундуй гуайд миний шарга азарганы хураасан 6 гүү унагалахад ганцхан нь цагаан хонгор, бусад тав нь эр шарга унага гарч байсан. Тийм өвөрмөц адуу даа. Зарим унагыг нь зэлэн дээр байхад нь улс гуйгаад авчихсан гэнэ лээ. Миний шарга азарганы төлөөр Сундуй гуай Тод манлай уяач гэдэг цолыг авсан. Сундуй гуайд шаргын удмын шарга азарга гарч их хурдалсан. Төв аймгийн баруун урд талаар манай шаргын удам их тархсан. Гаанжуурын Сундуйгаас тарсан адуу Монгол даяар байгаа. Бас нэг шарга даагыг Гачууртын Хадбаатар гэдэг багш авч азарга тавиад, тэр азарга нь улсад зургаагаар орж байсан. Гунгаабазар гуай надад хонгор халзан гүү бэлгэнд өгч, тэрийг шарга азарга хураагаад гарсан төл нь хонгор халзан унага. Тэр үед би адуу өсгөх гэж оролдох биш, шарга азаргаа л харж байвал болоо гээд төлүүдийг нь нэг их тоодоггүй байлаа. Тэр хонгор халзан хязаалан үрээг Хадбаатар авч хязаалан жилээ улсад түрүүлээд, соёолондоо туулж дөрөвлөөд, их морь болоод бас айрагдсан юм.

-Хэнмэдэх гуай шаргын удмаар нааддаг байхаа?

-Араас нь залгаад Баянбараат сумын Хэнмэдэхийн шарга азарга гарч ирж Төв аймагт түрүүлж, улсад айрагдсан. Хэнмэдэх, түүний дүү Мөнхбат хоёрт манай шаргын удмын ноён сүлд адуу байгаа. Тэр адууны эх тал нь Дорнойн Сундуй гуайн цоохор азарганы төл буурал хязаалан байдас байсан. Буурал хязаалан байдсаас гарсан шарга унагаар Хэнмэдэх азарга тавьж дөрвөн үе нь хурдалж байна. Тэднийхээс бас нэлээд адуу тархсан. Бас Ононд нэг шарга адуу их сонин тохиолоор очсон байдаг юм.

-Онон гуайд ямар учрал ерөөлөөр очсон байдаг юм бэ?

-Миний идшинд өгөөрэй гэсэн хар гүүг хүү маань хөтлөөд явж байхад нь Онон тааралдаж “Наадахын чинь дотор эр шарга унага байхад харахгүй байна уу” гэж загнаж цулбуурыг нь булааж аваад “Нэгдлийн 1200 адуунаас дуртай тарганаа ав” гэж хэлээд тэр гүүг авсан. Тэр гүүнээс Ононгийн шарга азарга гарсан. Энэ зун Ононтой уулзахад “Миний адуунд таны шаргын удмын 22 шарга гүү байгаа. Зарим төлийг нь уяж чадахгүй байна. Багталцахгүй байна” гэж байна билээ.

-Цуваа харахад 1992 оны мичин жил хонгор халзан морь айргийн тавд хурдалжээ. Энэ таны шарга азарганы төл гэдэг билүү?

-Тиймээ шарга азарганы төл, Гунгаабазарын шарга гэж азарга гарсан. Тэр их хурдан байсан. Одоо Гунгаабазар гуайн хүүхдүүдэд шаргын удам байгаа. Гунгаабазар гуай 11 гүү хураалгахад есөн шарга унага, хоёр хонгор алаг есөн унага гарсан. Зүсээ маш сайн хадгалдаг адуу. Одоо ч шарга адуу баруун урдуур байгаа. Баянцагаан сумын Манлай уяач хэн гэнэ үү, залуухан хархүү Хурц гуайн шаргын эхтэй юм шүү дээ гээд улсад морь түрүүлгэчихээд яриад зогсож байхыг би сонссон.

-Нутагт нь шаргын угшил үлдсэн үү?

-Нутагт нэгдэлжих хөдөлгөөний үеэр манайх адуугаа нийгэмчилсэн. Тэндээс манай нутгийнхан Олныхны шаргуудын удмаас ялгаж авсан байх. Миний мэдэхийн Ухна гуай болон Рагчаагийн Ооёо, Мөөгий гээд хүүд нь шаргын угшил байгаа. Миний хувьд хоёрхон гүүтэй байсан. Төл хонгор халзан азарга нь Булган аймгийн малгай Дамдинсүрэн гэдэг хүнд очиж Амарбаясгалант хийдийн анхны тахилгад түрүү, Булганд аймагтаа хоёр удаа түрүүлсэн. Цавьдар халзан морь Их-Уул суманд бага хүргэний маань дүү нарт очиж Хөвсгөл аймагт уралдаж байгаа.  Тэр цавьдар халзан морь хязаалан эмнэг үрээ очсон. Одоо хүртэл номхроогүй. Ер нь манай адуу чанга, жаахан мөртлөө ааш гэж агуу их, уяа ороод ирэхээрээ хүүхэд урдуур нь явбал хазах гэж дайрна, араар нь явбал өшиглөх гэж дайрна. Энэ бол миний адууны араншин байгаа юм. Манай бас их нутаг гүйнээ.

-Шарга азарга мөн ч төл сайтай адуу байжээ?

-Хэлээд яахав. За тэгээд Төв аймгийн Эрдэнэсантад байгаа, урагшаа Дундговийн Адаацагт бий. 2000 оны зуднаар азарга адуугаа салхинд уруудуулж алдчихаад, 37 адуунаас 24-ийг нь л олж авсан. 40 хоног адууны эрэлд яваад Дорноговь аймгийн Мандах сум хүрч байж адуугаа олсон. Тэнд миний их насны, хавчиг, соёолон, хязаалан ах дүү дөрвөн шарга азарга явснаас том шарга нь олдоогүй. Үхсэн юм байлгүй гэсэн чинь наадмаар олдсон. Тэр жил би Хэнтий аймгаас 4000-аар азарга, сая 800-гаар их морь хоёр худалдаж авч, улсад мордуулж байлаа. Өөрөө улсын морины комисст өдий олон жил ажиллачихаад, наадамд морь тавихгүй байх гэж юу байхав гээд хүний уяж ирсэн азарга, их морь хоёрыг авч уралдуулсан. Их морь нь барианд ороогүй, азарга нь 400 гаруй азарганаас 101-д давхисан.


-Гүйсэн адуугаа нутгаас нь очиж авч байв уу?

-Манай адуу Төв аймгийн харьяат Монгол Улсын Алдарт уяач Гөлгөөгийнд байсан юм. Нэг өдөр Гөлгөө утасдаж “Хурц гуай, урд шөнө халиун шүдлэн чинь алга болсон” гэнэ. Олдох байлгүй дээ, хаа холдов гэж гээд тоосонгүй. Гурав хоногийн дараа дахиад яриад “Хурц гуай, зээрд халзан шүдлэн чинь айлын хоёр шүдлэн дагуулаад модны хажууд манаатай адуунаас алга боллоо” гэж байна. Хүн ер нь муухай амьтан, хамгийн түрүүнд л муу санаа төрж байгаа юм. 4-5 хоносны дараа “Таны буурал духт чинь байхгүй, урд шөнө манаатай байгаад ганцаараа алга боллоо” гэнэ. Би ч  бөөн хар уур. Морио үүсгэх санаатай маргааш өдөр нь давхиад очсон чинь Гөлгөөгийнхөн эхнэр, хүүхэдгүй бүгд алга. Хажуу айлаас нь асуусан чинь “Хурц гуайн хамаг хурдангуудыг алдчихсан, би хэрэгт уналаа” гээд өглөө үүрээр 69-тэй гараад адуун дундуур яваа. Өнөө болтол ирээгүй байна.” гэж байна. Тэгж байтал Авдарын уулнаас Төмөрбаатар гэдэг хүн “Танай тамгатай халиун үрээ манай адуунд ирлээ” гэж утасдаж байна. Тэр үед гар утасгүй, аймгийн төвд ирж надтай холбоо барьж байгаа юм. 

-Тэгээд л гүйдэг гэдгийг нь мэдсэн байх нь ээ?

-Тэгсэн. Тээлийн голоос Гөлгөөгийнх нүүж, Баянцогтод ирж буулаа. Тэднийхийг нүүлгэлцэж өгчихөөд дөнгөж гэртээ орж иртэл нөгөө “ханан” Төмөрбаатар дахиж утасдаад “Хүүе ээ, таны цавьдар халзан шүдлэн нэг бор, бас нэг хар юмтай, дөрөв, тавуулаа мотоцикльтой хүн харангуутаа уулаар давхиад гарчихлаа” гэнэ. Тэгээд л гүйдэг юм байна гэдгийг мэдсэн. Хагас, бүтэн сайнаар Гөлгөөгийнд байнга очно. Нэг удаа очсон чинь Гөлгөө “Хурц гуай, буурал духт чинь сая ганцаараа хэсэг адуун дотор зах руу нь орж ирж Түргэний голоос ус уучихаад, тэр адууг үнэрлэчихээд урдуур давхиад гарсан гэнэ ээ” гээд сураг гаргачихсан сууж байна. Тээлийн голоос Түргэний гол хүртэл 140-150-иад км газар. Тэр хооронд нутагтаа гүйгээд ирж байгаа юм. Миний буурал духт азарга одоо Гөлгөөгийнд байгаа. Тэр жилээ улсад еслөөд, Хархоринд дөрөвлөөд, Их уулын наадамд 10-т давхисан. Одоо хэрнээ улсад 10-ын дотор уралдаж байгаа.

-Шарга азарганы хэд дэх үе вэ?

-Тав дахь үе юм аа. Шарга азарга өөрөө 22 хүрч зөнөөд, адуугаа дагуулж явсаар Ганц худагийн орой дээр орхичихоод Жарангийн даваанд чононд бариулсан байсан. Тийм л айхтар гүйдэг адуутай. Манайхнаас морь худалдан авахад хэцүү.

-Ингэхэд Олныхны шаргууд гэдэг адуу хэдий үеэс бий болсон юм бэ?

-Галшараас 1940 онд ирсэн унага шаргуудын маань үрийг тарьсан. Цэргийн дивизийг аргалаар хангах асуудлыг Хэнтийн урд талын сумд, Сүхбаатар аймгийн баруун урд талын сумд, Дорноговийн зүүн хойд талын сумд хариуцаж, айл болгон малын тооноос хамаарч албан журмаар аргал тушаадаг байсан. Галшар сумаас гурван азарга адууг аргалын ацганд өгөхөөр хөөсөн гэж байгаа юм. Нэг адууг зургаан тэрэг аргалаас өгдөг байсан. Мөн хямдхан байгаа биз.

-Харин үнэтэй биш үү?

-Үнэтэй биш. Үдээс өмнө л би чингэлэг аргал түүнэ шүү дээ.

-Аргалын ацганд ирсэн адуу байх нь ээ?

-Тиймээ. Тэр үед миний төрсөн аав Байшинтын дивизид аргалын ацганд адуу өгч байгааг хараад их л гайхаж байсан гэдэг. Нэг их мал хөрөнгөтэй биш болохоор арга ч үгүй биз. Нэг айлд буусан чинь гадаа нь хонгор гүү уячихсан, эр шарга унага хажууд нь хэвтэж байна гэнэ. Асууж сурагласан чинь Хэнтий аймгаас ирсэн хүний гүү болж таарав. Тэр хүн “Унага нь гурав хоног хэвтэлгүй туугдаж ирсэн. Гурав хоногийн хөөлтийг даагаад ирдэг ийм унага хэрэг болох байх гээд авч үлдсэн” гэж айлынханд ярьсан гэнэ. Аргалынхаа тооцоо хийтэл 18 тэрэг аргал дутчихаж. Тэр нь гурван адуу гэсэн үг. Аав минь “Энэ гүүг нь авъя гэж хэлбэл яадаг юм бол. Ганц унагатай гүүний өртөг даах байлгүй” гэж бодоод очсон чинь аргалын тооцоо үнэн бодсон уу гээд маргалдаж байна гэнэ ээ. Тэгэхээр нь “Та надад хонгор гүүгээ унагатай нь өгчих. 18 тэрэг аргалыг чинь би хариуцъя” гэж. Унагатай гүүгээ гурван адууны өртөг буюу 18 тэрэг аргалаас өгсөн хүн чинь уухайн тас гүүгээ өгч. Тэгээд ах дүү наймуулаа эхнэр хүүхэдтэйгээ цуглаж, Хонгорт долоо хоногийн дотор 18 тэрэг аргал түүж өгсөн байгаа юм. Тэр шаргыг дааганд нь сургаж, шүдлэнгээс нь уяж уралдуулж, азарга тавьсан юм билээ. Ингээд Дарьгангын жижиг зээрдүүд гэдэг адуунд Галшарын шарга унага ирж азарга болоод Олныхны шаргууд гэдэг адуу үүссэн.

-Хэлбэр хийцийн хувьд олныхны шарга ямар хэлбэр хийцтэй адуу вэ?

-Яг зассан зээрийн шагай шиг бөндөгнөсөн жаахан, хөөрхөн, язагнасан адуу. Тэгсэн хэрнээ Галшарын Дагмид мээрэнгийн адууны ямар ч шинж байхгүй. Дагмид адууг би ялгана. Хүмүүс надаас “Энэ танай адуу мөн үү” гэж асуудаг. Өөрийн адуугаа би хараад шууд хэлнэ. Ер нь манай адуунд бусад адуунаас ялгарах шинж бий. Гэхдээ хэвлэлд тавих учраас тэр нууцыг чамд хэлэхгүй.

-Адуу шинжихдээ гаргууд таны адуунд Халхын цуутай адууны угшид удам байгаа болов уу гэж бодогдож байна. Танай адуунд ямар, ямар удам угшлын адуу байна вэ?

-Манай адуу Донир адууны азаргатай, шарга азарганы төл хоёр хүрэн азарга бий. Таван азарганы гурав нь тийм угшлын адуу. Дээр нь Бураа Пүрэвжавын адууны Буган хээр азарга бий. Наадамд олон түрүүлсэн, мундаг давхидаг адуу.

-Хурдан морины комисст 22 жил ажилласан. Сүүлийн үед эрлийз, монголын ялгалтын асуудал наадам үзэж баясах биш, эсрэгээрээ бухимдах, маргалдах эх үүсвэр болоод байна. Үүнийг яалтай вэ?

-Яаж шийдэхээ уяачдын холбоо мэдэг. Намайг комисст ажиллаж байсан тэр үед эрлийздүү гэсэн адуу нь Жаргалантын САА-н морин заводын орос будённый адууны угшилтай дөрөв, тав дахь үеийн адуу л байдаг байлаа. Даваахүү морин тойруулгын адууг уяж байсан юм. Яах аргагүй эрлийздүү. Гэхдээ дөрөв, таван үе болсон учраас монгол тал нь их. Одоо тойруулга адуу Даваахүү, Гарамжав гуай, Онон нарт л бий байх.


-Тэр үед будилаан маргаантай асуудал гардаггүй байсан уу?

-Байхгүй. Морины комиссын даргыг генерал Лхагвасүрэн, орлогч даргыг нь би хийдэг. Лхагвасүрэн генерал  “Хэн цаана чинь маргаад байна вэ?” гэж дуугарахад орж зарга мэдүүлэх хүн гардаггүй байлаа. Гардаг маргаан нь миний морь 17-д орсон байхад 35-ын пайз өглөө гэх мэт.

-Одоо та морь уяж байна уу?

-Уяж байгаа. Манай адуу Сүхбаатар аймгийн Түмэнцогтод шинэ нутагт очоод, энэ жил морьдоо уясангүй. Ер нь бэлчээр усаа бодоод, хүүхдүүд өөрсдөө шийдээд зүүн тийшээ явсан. Адууны тухайд одоо хүү мэддэг болов оо.

-Олныхноос хичнээн хүн морь уяж байна вэ? 

-Олон, олон. Эсэн бусангүй. Тэр бүгдийг яаж бүртгэх юм. Шаргын төл хонгор халзан даага улсад зургаалуулаад би ахдаа бэлгэнд өгсөн. Тэр хонгор халзангийн төлийг ахын хүүхдүүд уяж байна. Тэдний гурван ч хүү нь морь уяж байна. Тэгэхээр ярих юм байхгүй. 

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.47.82

    Хурцыг муулсан энэ хүн хувьгүй мунхаг л байгаа биз хурцыг миалсан эр хүн худраггүй мунаг л байгаа биз үхлий нь яарах нүгэлт тэр үнэгүй ядуу нимгэн л биз үрсий нь ярих нөмгөн тэр үгээгүй яндан нүцгэн л биз ум базар ваани хум пад ум базар вааны хум пад ум базар вааны хум пад.

    Reply
    • 202.9.47.82

      Хурцыг муулсан энэ хүн Хувьгүй мунхаг л байгаа биз Хурцыг миалсан эр хүн Худраггүй мунаг л байгаа биз Үхлийг нь яарах нүгэлт тэр Үнэгүй ядуу нүцгэн л биз Үрсийг нь ярих нөмгөн тэд Үгээгүй яндан нимгэн л биз -Ум базар ваани хум пад Ум базар ваани хум пад Ум базар ваани хум пад

  • 202.126.88.39

    дуулсан нь их мэддэг нь дундхан юм уу даа...

    Reply
  • 64.119.23.55

    Морио сайхан ярьж бн, харин зөнөсөн хойноо улстөр яриад тавьтаргүйтээд явах тун дэмий харагддаг шүү.

    Reply
  • 202.126.89.232

    Сайхан ярьдаг хүн байна.нутгийнхаа айлаар 10 жил жанжин клубт хашаагаа мануулаад,сүүлд нь нөгөө айлаасаа танайд зарна гээд мөнгийг нь аваад хашаагаа ч өгдөггүй луйвардсан өвгөн дөө.тэр хавийнхан мэднэ.лалрын өвгөн хурдан үхэж далдарвал таарна.үр хүүхдүүд нь цуслаад баян тарган явах биз.

    Reply