Родео

Сэтгүүлч
2020 оны 2-р сарын 12 -нд

Дэлхийн улс болгон шахуу өөрийн гэсэн онцлог, өвөрмөц шинж бүхий морин спорттой. Тэрхүү спортоос тухайн улсын туулж өнгөрүүлсэн түүх, хүмүүсийнх нь зан ааш, хүсэл эрмэлзэл, одоо ба ирээдүйг харж болдог. Жишээлэхэд Родео нь америкчуудын зан авир, ертөнцийг үзэх үзэл, туулж ирсэн түүхийг хамгийн тод харуулж чаддаг билээ.

Үүсэл

Родео нь 18-р зууны эхэн үед АНУ-ын өмнөд муж болох Испани конкистадор буюу булаан эзлэгчдийн захирдаг эдлэн газарт бий болжээ. Тиймээс родео болон ковбойчуудад малгай, хувцаснаас эхлээд Испани хэв маяг нэлээд туссан. Тэр бүү хэл Испани өвөрмөц хэллэгийг хүртэл нэлээд ашигладаг.

Хамгийн наад захын жишээ нь РОДЕО гэдэг нь испани хэлний “хашаа хүрээ” гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд тухайн үеийн ковбойчуудын хийдэг байсан ажлын онцлогийг илтгэнэ.

Тэр үеийн испаничууд нь морин дээрээс бугуйл шидэхдээ хэзээнээсээ гаргууд байсан тул тэрхүү чадвараа эдлэнд нь морь, үхэр сүргийг нь хариулдаг байсан англи, франц гэх мэт бусад орноос гаралтай цагаан арьстнуудад зааж сургажээ. Америкийн өмнөд нутагт мал хариулахад зайлшгүй эзэмшсэн байх ёстой энэхүү ур чадвар нь орчин үеийн родеогийн эхлэлийг тавьсан гэж болно.

Америк дахь англи гаралтай цагаачид хүчээ авч улмаар одоогийн өмнөд муж нутгийг Мексикээс булаан авч дэлхий даяар “Зэрлэг баруун”, “Зэрлэг өрнөд” гэж нэрлэгдэх болсон эрин үе эхэлснээр тэр нутгийнхан өсгөсөн үхэр, малаа тал нутгаар олон зуун километр туун явах шаардлагатай болсон. Энэхүү хатуу ширүүн өрсөлдөөний үеэр эмнэг адуу сургах, унах, бугуйл эргүүлэх чадвар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан нь мэдээж. Тийм ч болохоор тууврын замд, эсвэл дууссаны дараа ковбой нар хэсэг хэсгээрээ нэгдэн эмнэг сургах, бугуйл эргүүлэх, морь унах чадвараараа өрсөлддөг болсон байна.

Гэтэл 19-р зууны сүүлээс өргөст тороор хүрээлэн хамгаалсан фермерийн аж ахуй голлох болж, үхэр сүргийг олон зуун километр туух  шаардлагагүй болов.Мөн төмөр зам эрчимтэй хөгжиж тууварчид ажилгүй болох нь тэр.

Яг ийм үед “Зэрлэг Өрнөдийн шоу” нэртэй Америкаас өөр хаана ч байхгүй, бий болох ч үндэсгүй тийм зугаа цэнгэл үүссэн юм. Ур чадвартай ковбой, мэргэн буучид, индианчуудаас бүрдсэн хүмүүс Америкийн тоо томшгүй олон хотуудаар аялан морь унах, мэргэн буудах, хутга шидэх, нум сум харвах чадвараа гайхуулсан тоглолт үзүүлдэг болох нь тэр. Хуучин цагт урлагийн бригадууд сумдаар явдаг байсантай адил гэхдээ “ковбойчуудын бригад” гэмээр. Энэ олон ковбой бригадуудаас Буффало Билл нь хамгийн алдартай бөгөөд ковбойчууд ба индианчууд, Зэрлэг Өрнөдийн талаарх өнөөдөр хэн бүхний мэдэх элдэв домог, түүхийг түгээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.


Зэрлэг Өрнөдийн шоу нь жүжигчилсэн тоглолт байсан хэдий ч морь унах чадвар, морьтойгоо бух бугуйлдах, эмнэг адуу сургах гэх мэт ковбойчуудын, өөрөөр хэлбэл малчдын ур чадварыг харуулсан зүйлс үзэгчдийг хамгийн ихээр татдаг байжээ. Зүгээр нэг үзүүлчихгүй шоуны үеэр үзэгчдийн дундаас төлөөлөл гарган ирж мөн өрсөлдүүлдэг. Тэдний хэн нь эмнэг адуун дээр удаан тогтож, бугуйл сайн шидэх вэ гэдгийг тодруулдаг.Ийнхүү үзэгчид өөрсдөө шоуны оролцогч болдог учраас илүүтэй таашаадаг байж.

Та бүхэнд танилцуулахаар зэхэж буй Родео эндээс үүсэлтэй. Шоу тоглолт ба жирийн ковбойчуудын хүчээ үзэх тэмцээн яваандаа Родео болон хөгжсөн юм. Родео нь зэрлэг өрнөдийн шоу шиг жүжигчилсэн тоглолт хийх гэж найруулагч, жүжигчин, хувцас энэ тэр гэсэн илүү дутуу зардалгүй, оролцох хүмүүсээс их дээд сургууль төгссөн диплом шаардаад байдаггүй, зохион байгуулалт нь энгийн, тоглолт болгоноор нэг ялагч заавал тодорч байдаг гэдгээрээ онцлог. Жинхэнэ Америк маягийн сүр хүч, чадварыг харуулсан энгийн, ойлгомжтой, хөдөө орон нутгийн гүндүүгүй эгэл үзэгчдээс ямар ч мэдлэг боловсрол, урлагийн мэдрэмж, түүхийн мэдлэг энэ тэрийг шаардахгүй, 2х2 гэдэг шиг арга хэмжээ юм.

Гараа

Ийм родео энд тэндгүй олон явагдах болсон тул 1929 онд зохион байгуулагчид нь цуглаад ийм төрлийн бүх уралдаанд баримтлах нэгдсэн дүрэм гаргахаар болжээ. Шинэ дүрэм нь ковбой нарын төдийгүй оролцогч амьтдын аюулгүй байдлыг хангах, родео шоуг нэг стандартад оруулах зорилготой. Ингээд 1929 онд Америкийн Родеогийн ассоциаци байгуулагдсан байна.

Ингэснээр дүрэм, аюулгүй байдлын асуудал тодорхой хэмжээгээр ойлгомжтой болсон ч зохион байгуулагчид ба оролцогчдын санааг зовоосон хэд хэдэн асуудал шийдэгдэлгүй үлджээ. Тэр нь оролцогчдод олгох мөнгөн шагнал, ялагчдыг тодруулахдаа шүүгчдийн баримталдаг зарчим. Родео-шоунд урьж тоглуулчихаад амласан шагналаа өгдөггүй, шүүгчид нь хахууль авч ялагчийг тодруулдаг байж.

Хөгжил

Ингэж явсаар 1936 онд Ботсон Гарден Родеог зохион байгуулагч Жонсон гэгчийн арга заль дэндсэн тул оролцохоор ирсэн 60-н ковбой “оролцохгүй” болсноо мэдэгдсэн нь родеогийн ертөнцийг донслуулсан юм. Жонсоныг оролцогч болгоны өгдөг хураамжийг шагналын санд оруулаагүй, родеог сурталчлах саналаас татгалзсан гэж буруутгасан байна. Бостон Гарден Родео нь тасалдан нэр хүнд нь унаж, ихээхэн алдагдал хүлээж магадгүй болсон тул Жонсон ковбой нарын шүүмжлэлийг хүлээн авч буулт хийжээ.

Ковбой нарын энэхүү өвөрмөц ажил хаялт нь Яст мэлхий ковбой нарын ассоциаци байгуулагдах эхлэл болсон байна. Өөрөөр хэлбэл энэхүү үйл явдлыг ковбойчууд хүнд байдалд орж цочрохдоо толгой, хөлөө атируулан хуяган дотроо орж нуугдаж байгаад тэвчээрийн хязгаар хүрэхэд толгойгоо өндийлгөн дээш ил гардаг яст мэлхийтэй зүйрлэн, цаашид хавчлага гадуурхлыг хүлцэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.


ХУВЬСАЛ

Яст мэлхий ковбой нарын ассоциаци 1945 онд нэрээ Родеогийн ковбой нарын ассоциаци болгон өөрчилж, Америкийг Родеогийн ассоциацитай эн тэнцэх хүчтэй гэдгээ харуулсан бөгөөд энэ оныг орчин үеийн РОДЕО СПОРТ одоо байгаа хэлбэр, агуулгаараа үүссэн он гэж үздэг. Хуучин родео шоунаас үлдсэн зүйл гэвэл “шоу” гэдэг нэр, тамирчин ковбой нарыг “үзүүлбэрт оролцоно” гэж ярьдаг хэллэг.

ТӨРӨЛ ЗҮЙЛ

Орчин үеийн родео спорт шоу дотроо дараах төрлүүдтэй. Үүнд:

bareback riding – адууг зайдан унаж тогтох

steer wrestling – бухандайг барих

team roping – бухандайг хоёул бугуйлдах

saddle bronc – эмээлтэйгээр адуун дээр тогтох

tie-down roping – бухандайг бугуйлдаж бариад гурван хөлийг холбох

barrel racing – торхнуудыг хурдтайгаар тойрох

bull riding – бухан дээр тогтох

ОНЦЛОГ

Эдгээр нь родео болгонд заавал байх ёстой стандарт төрлүүд. Нутаг бүрийн онцлогоос хамаараад  бугуйл эргүүлэх чадвар харуулах гэх мэт төрөл нэмэгдэж болдог.

Эднээс бухан дээр тогтох нь хамгийн эрсдэл ихтэй, үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг. Тусгайлан гаргаж авсан догшин ширүүн авир бүхий үүлдрийн бухан дээр зөвхөн зүүн гараар оломноос атган найман секунд тогтох ёстой. Ингэхэд догширсон бух унасан ковбойг хөөж мөргөх, тийрэн аминд хүрэх аюултай байдаг тул жинхэнэ эрчүүдийн спорт гэж үзнэ. Мөн эмнэг адууг зайдан унаж тогтох төрөл үзэгчдийн анхаарлыг маш ихээр татдаг. Татлага сурыг бух эсвэл адууны цавиар нь оруулан сураар хүчтэй шахаж татан гижигдэж, уурлуулдаг тул родеогийн адуу, бух маш хүчтэй булгидаг.Зарим родеогийн үеэр бухыг уурлуулахын тулд цахилгаан бороохойгоор цохиулдаг байсан нь амьтдын эрхийг хамгаалагчдын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөн болиулсан байдаг.


Мөн Team roping буюу Тим-роупинг ихээхэн ур чадвар шаардсан төрөл гэж үздэг. Хэдер ба Хилер гэж нэрлэгддэг тус тусын үүрэгтэй хоёр ковбой баг болж оролцдог. Энэ төрөлд оролцох морьдыг тусгайлан сургаж бэлтгэдэг. Манайхны уургын морь юм уу даа. Тим –роупингт том эвэртэй байдаг онцлогтой “corriente” үүлдрийн бухыг л оролцуулдаг бөгөөд ийм бухнууд 400 кг орчим жин татдаг нүсэр том биетэй.

Хэдер гэдэг нь бухны толгой эсвэл эвэрт нь бугуйл хаядаг ковбой. Хүзүү, эвэр эсвэл хүзүү, нэг эврийг бугуйлдаж чадвал бугуйлаа зөв шидсэнд тооцно. Хэрэв бугуйл нь эрчилдээд нэг хөл ба хүзүү гэх мэтээр орвол тооцохгүй бөгөөд бугуйлаа дахин шиднэ, гурван удаа бугуйл шидэхийг зөвшөөрнө.

Дийлэнхдээ бухыг эргүүлэхэд хялбар байдаг тул эврийг нь бугуйлдахыг хичээдэг. Хэдер нь зөв бугуйлдмагцаа бугуйлаа суллаад үзүүрийг нь эмээлийнхээ урд бүүрэг дээрх жижиг гогцоонд ороогоод бухыг чирэн зүүн тийш явна. Энэ үеэр Хилер нь бухны баруун талаар ороод бухны хойд хоёр хөлийг бугуйлдах ёстой. Ингээд хоёр зэрэг татахад бух нь хоёр ковбойн дунд сойгдоод хөдөлгөөнгүй болдог.

ТОНОГ ХЭРЭГСЭЛ

Родео нь мэргэжлийн тамирчид оролцдог тэмцээн тул хувцас, тоног хэрэгсэл нь бүгд тусгайлан хийгддэг.

Team roping зэрэгт шиддэг бугуйл гэхэд дотроо хоёр янз. 12-18 метр урттай, 9 мм орчим голчтой, дунд зэргийн хатуулгатай олсоор хийсэн бугуйл нь ранчо буюу эдлэн газарт өдөр тутам ажиллахад, ердийн үед тогмол ашиглах зориулалттай. Харин родеод ашигладаг бугуй л нь 90 фут буюу ойролцоогоор 9 метр урт тусгай стандарттай. Хатуулаг нь янз бүр бөгөөд хүн дассан сурснаараа хатуу эсвэл зөөлөн олс ашиглаж болдог.

Тим – роупингт оролцох үед хилерийн бугуй л нь илүү урт 35 фут буюу 10,5 метрийн урт бас бухын хөл доогуур ивж шидэхэд хялбар гээд илүү хатуу байдаг. Бугуйлддаг эмээл нь сонгодог эмээлээс өөр. Маш бат бөх, хүнд байх ёстой. 400-500 кг заримдаа бүр 1 тонн татах том бухыг бугуйлдан татахад эмээл бутраад уначихалгүй дааж байх ёстой. Олмыг адууны гэдсийг гэмтэхээс сэргийлэн 20 см хүртэл өргөн, ноосоор хийдэг. Дөрөө нь хөлийг тээглэж, унасан хүнийг чирэгдэхээс сэргийлээд их өндөр хийгдсэн. Урд бүүргэн дээрх бугуйл ороодог жижиг шон нь янз бүрийн хийцтэй байдаг ч үндсэндээ ранчо буюу эдлэн газар ажиллахад зориулагдсан ба родео тэмцээнд зориулагдсан гэж хоёр янз. Ковбойн өдөр тутам, ферм дээр ашигладаг эмээлийн шон нь арьсаар ороосон байдаг тул олс чөлөөтэй холхих боломжтой, хоёр гурван удаа ороож байж л хөдөлгөөнгүй болдог онцлогтой. Харин родеон тэмцээний эмээлийн шон нь резинэн бүрхүүлтэй байдаг тул ганц орооход л тас зууран хөдөлгөөнгүй болгодог.

ҮНДСЭН АНГИЛАЛ

Дээр дурдагдсан долоон төрлийн тэмцээнийг дотор нь хоёр үндсэн хэсэг болгон ангилдаг. Үүнд: 1. The roughstock буюу шүүгчдээр шүүлгэдэг (bareback, saddle bronc, and bull riding)

2. Гүйцэтгэлийг тогтоосон хугацаагаар хэмждэг (steer wrestling, barrel racing, tie-down and team roping).

ШҮҮЛТ

Гүйцэтгэлийг хугацаагаар хэмждэг ангилал

Энэ ангиллын тэмцээнд хамгийн бага хугацаа харуулсан ковбойг шууд ялагчаар тодруулна. Barrel racing – торхнуудыг хурдтайгаар тойрох тэмцээнээс бусад тохиолдолд хайсыг хөндлөн татсан олсоор гарааг хянадаг. Ингэснээр цагаас эрт гарах эсвэл зураасыг давсан хойноо тэмцээнд оролцохоос сэргийлнэ. Татсан олсны шугамнаас давбал торгуультай.


ШҮҮГЧДЭЭР ҮНЭЛҮҮЛДЭГ АНГИЛАЛ

Энэхүү ангилалд амь нас ба эрүүл мэндэд хамгийн эрсдэлтэй төрлүүд багтдаг.Тамирчид нь тус тусын төрөлд, хоорондоо өрсөлдөнө.Тэмцээний үеэр адуу ба бухыг дийлэнхдээ өдөрт ганц удаа л талбайд гаргаж байхаар зохион байгуулдаг. Оролцогчийн гаралт бүрийг go-round гэж нэрлэнэ. Зарим тохиолдолд хэд хэдэн төрлийг хэдэн өдрөөр үргэлжилэхээр зохион байгуулдаг. Ингэснээр оролцогч нь талбай дээр нэгээс олон удаа гарах боломжтой болно.Ийм тохиолдолд гаралт болгон мөнгөн шагналтай бөгөөд үүнийг day-money гэх бөгөөд гол шагналыг бүх гаралтын нийлбэрээр олгодог. Шүүгчдийн үнэлгээ нь бүх гурван төрөлд адил байдаг ч тухайн төрлөөсөө хамаараад амьтны гаргаж байгаа үйл хөдлөлд өгөх үнэлгээ нь өөрийн гэсэн онцлогтой. Ийм тэмцээнд оролцож байгаа ковбой нь зөвхөн ганц гараар л амьтнаа жолоодно.Сул гараар өөрийн хувцас эсвэл амьтанд хүрвэл торгож эсвэл тэмцээнээс хасна. Ковбой нь оноо авахын тулд уналгүйгээр 8 секунд тогтох ёстой. Найман секунд өнгөрсний дараа дуут дохио өгснөөр гаралт дууссаныг мэдэгдэх бөгөөд үүний дараа унасан, сул гараар амьтанд хүрэх зэрэгт тэмцээнээс хасахгүй, шүүгчид гаралтад үнэлгээ өгч эхэлнэ.

Тамирчинд хоёроос дөрвөн мэргэжлийн шүүгч үнэлгээ өгдөг.Шүүгчдийн тоо нь родеогийн төрөл зүйл ба зиндаанаас хамаарна.

Ковбой төдийгүй амьтанд ч оноо өгдөг.Өөрөөр хэлбэл адуу ч оноо авна, бух ч оноо авна.

Шүүгч нь ковбой ба амьтныг тусад нь  1-ээс 25 хүртэлх оноо өгч үнэлнэ.

Хоёр шүүгчтэй бол авч болох дээд оноо нь 100. Дөрвөн шүүгчтэй бол авсан нийт оноог 2-т хуваана.

ШОДОЛТ

Тэмцээний өмнө тамирчид шодох замаар тэмцээнд унаж оролцох амьтдаа сонгоно. Баррелрейсерүүүд нь талбай дээр гаргах дарааллыг гаргана. Ингэснээр арай номхон адуу эсвэл бух сонгож луйвардахаас сэргийлнэ.

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Мөнгөн шагнал  нь оролцогчдын хураамж ба ивээн тэтгэгчдийн мөнгөнөөс бүрддэг.  Дурсгалт шагналд гол төлөв сүлжсэн бүс өгдөг. Том родеод эмээл, адуу зөөдөг тусгай трейлер, машин өгнө.

ЭРСДЭЛ

Родеогийн мэргэжлийн тамирчинд хугараагүй яс гэж бараг байдаггүй гэдэг тул энэ спортод чин сэтгэлээсээ хайртай хүн л шантралгүй, няцалгүй явж чаддаг.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна