Хүн VS Морь: Хэн нь илүү хурдан бэ?

Сэтгүүлч
2020 оны 1-р сарын 20 -нд

Хачирхалтай сонсогдож болох ч ийм өвөрмөц уралдаан жил болгон их Британийн Уэлсэд явагддаг. 2019 онд 40 жилийнхээ ойг тэмдэглэсэн уг уралдаанд гүйлтийн 650 тамирчин, 60 морьтон оролцжээ. Ялагч Марк Адамс нь Херби нэртэй мориороо 22 бээр буюу 35 км зайг 2 цаг 18 минут 51 секундэд туулсан. Харин гүйлтийн тамирчдын дундаас Жек Вуд хамгийн хурднаар тодорч, морьтноос ердөө 5 минут хоцорч иржээ.

Энэ уралдаан нь Их Британид зохиогддог олон тооны уралдаан тэмцээн дундаас хамгийн амь өрссөн, хүнд хэцүүгийн нэгд тооцогдсоор ирсэн. Оролцогчид өндөр толгод, намаг балчиг гээд бартаа саадаар дүүрэн 22 бээрийг туулах ёстой. Ийм ч болохоор 40 жилийн түүхэнд нь хүн хоёрхон удаа л морьтноос илүү хурдалж байсан юм.

2004 онд Хью Лобб нь морьтноос 2 минут 17 секундын өмнө барианд орж байсан бол 2007 онд Флориан Хальцингщр нь морьтноос 10 минут 56 секундын өмнө барианд оржээ.

Энэхүү уралдаан нь паб буюу буурчийн газраас эхлэлтэй. Бүр тодруулбал “Neuadd Arms” нэртэй пабт тухлан суух дуртай хүмүүс 1980 онд уртын зайнд эрэгтэй хүн мориноос хурдан гүйж чадах уу, үгүй юу гэж бооцоо тавьснаар энэ уралдаан эхэлсэн түүхтэй. Тийм ч учраас жил бүрийн уралдаан тус пабын үүднээс эхэлдэг уламжлалтай аж.

Б.Бадрал 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна