Уяач Л.Мөнхсайхан: 10 жилийн хүлээлт, хүсэл мөрөөдлөө биелүүлэн төрийнхөө наадамд морь айрагдууллаа

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 01 -нд

-Ах хээр азаргаа айргийн тавд хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Их баярлалаа. 10 жилийн хүлээлт хүсэл мөрөөдлөө биелүүлэн төрийнхөө наадамд морь айрагдууллаа, баяртай байна. Хурдан морь сонирхон уядаг болсоор 10, төрийн наадамд мордуулдаг болсоор 7-8 жил болж байгаа ч анх удаа айраг хүртлээ. Хээр үрээг минь уяж хурдлуулсан Тод манлай уяач Т.Батцоождоо баярласнаа илэрхийлмээр байна.

-АХ-ын 98 жилийн ойд хэдэн насны морь мордуулсан бэ?

-Ганцхан Ах хээртэйгээ ирсэн. Улсын наадмын дараа Баянхонгор аймагт болсон бүсийн уралдааныг зорин очиж, хээр үрээгээ түрүүлгэлээ. Үрээний маань уяа сойлгыг Тод манлай уяач Т.Батцоож тааруулж, Ховд аймгийн харьяат Баттогтохын Мөнх-Очир гэж найман настай хүү унаж хурдлуулсан.

-Өнөө жилийн тухайд одтой сайхан нааджээ. Ах хээр гэхээр  хурдан хээрийн дүү бас уягддаг байх нь ээ.

-Тийм ээ, дүү нь бас уягдаж байгаа. Хурдлах байх аа.

-Т.Батзориг Тод манлайн адуу гэсэн  үү?

-Тийм ээ. Өнгөрсөн хавар нүүр номд зар тавьчихсан байхад нь манай найз Энхбаяр анх олж хараад “Энэ зүгээр адуу байна аа” гэсэн юм. Тэгээд Энхбаяр, Батцоож бид гурав Дорнод явж сайхан хоёр адуу авчирсан.

-Ховдын уяачидтай ойр юм. Баруун аймгийн хүн үү?

-Миний аав Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүн. Харин би унаган Улаанбаатарын хүүхэд. 2009 онд “Морин эрдэнэ” галдаа гишүүнээр элссэн.

-Таны удам сударт уяачид байв уу?

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Улаан гэж манай аавын төрсөн дүү бий. Миний төрсөн ах авгаас адуу авчраад уяж амжилгүй бурхны оронд одсон юм. Морь уях хүслээ гүйцээж чадаагүй ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр уяачийн ажлаа эхлүүлсэн ч яваандаа өөрөө их дур сонирхолтой болчихсон.

-Хийморилог залуу уяачид амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна