Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм

Сэтгүүлч
2019 оны 11-р сарын 04 -нд

Д.Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм байна. Өчигдөр үүнийг хүлээн зөвшөөрүүлэв. Төв аймгийн Сэргэлэн сумнаа болсон Тод манлайн унаган адууны дуудлага худалдаа хол, ойрын  зочид олонтой, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.  Эх орон  ондоо ч элэг нэгт өвөрлөгч ах дүүсээс эхлээд алс баруун хязгаар Увс аймгийн Тэс сумаас хүртэл хурд хуваалцахаар зорин иржээ. Уяан дээр буугаад найрын тарыг танина гэдэгчлэн гадаа эгнэх хэдэн зуун машин дотор өрнөх үйл явцын халууныг илтгэх аж.


Сайн адуу цогцлоон бий болгож, уяа сойлгын өвөрмөц хэв маягийг тогтоон, үр хүүхэд, хавь ойрынхондоо харамгүй хуваалцдаг Д.Онон уяачийн бундан тамгатай төрмөл хурдан адуунаас хуваалцах сонирхолтой эрчүүд хаа сайгүй хөлхөлдөнө.

Дуудлага худалдаанд оролцохоор хагас сая төгрөгөөр дэнчин тавьсан эрхмүүдийн тоо  30 гарсан ч дуудагдах адуу 25. Тоглоомонд эхнээс нь идэвхтэй оролцохгүй бол хоосон хоцрох магадлал өндөр.


Биднийг очиход дуудлага худалдааны дээд үнэ тогтож, ес дугаартай зээрд үрээг ярьсан улс олон байв. Монголд зохион байгуулагдсан дуудлага худалдаанд шинэ жишиг тогтоосон энэ даагыг Тод манлай уяач Д.Хишигжаргал авчээ.  Булганчууд аргагүй анхдагчид аж.


Үүнээс гадна хоёр адуу 40, нэлээд хэдэн нь 20 сая гарсан дуулдав.  Ямартаа ч бэлтгэж зэхсэн 25 адуу талх мэт зарагдаж, бас дээр нь хоёр даага нэмж дуудагдсан гэхээр бундан тамгатай адуу брэнд болжээ гэсэн нь ойлгогдох бизээ.


Адуу авсан хүн тус бүрт Тод манлайн гарын үсэгтэй удам угшлын дэлгэрэнгүй товчоон бүхий гэрчилгээг гардуулж,  айраг, түрүү арвин сайхан наадахын ерөөл өргөнө лээ. Намрын сүүл сарын налгар сайхан энэ өдрийн өлзий бэлгэ бүрдэж, бундан тамгатай хүлгүүд ирэх жилээс хэрэг тарьж эзэн уяачаа баясгах бизээ.



А.Тэлмэн

 

12 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.