​ Уралдаанч Б.Энхбаяр: Морь унаж, бөх барилдах дуртай

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 14 -нд

Баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдааны /2019.07.10/ аман хүзүүгээр уралдаанч Буян-Оршихын Энхбаярын унасан хар үрээ хурдалсан юм. /Тэр бас долдугаар сарын 12-нд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хул даагыг айргийн таваар хурдлуулсан билээ/ Жижигхэн бие, давхраатай алаг нүд, уртаас урт сормуустай бяцхан хүү унасан шүдлэнгийнхээ дэргэд дэндүү балчир санагдсан агаад өөрийн эрхгүй л хайр, эгдүүг зэрэг төрүүлэх аж. Ингээд түүний баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэх байна.

-За дүүдээ баяр хүргэе?

-Баярлалаа. Та сайхан наадаж байна уу.

-Сайхаан. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?

-Төв аймгийн Зүүндэлгэрийн дөрөвдүгээр сургуульд сурдаг.

-Хэзээнээс хурдан морь унаж байгаа билээ?

-Дөрвөн настай унаа морь унаж сурсан. Түүнээс хойш дөрөв дэх жилдээ морь унаж байна. Анх Нямжав уяачийн морийг унадаг байлаа.

-Өмнө нь улсын наадамдаа оролцож байв уу?  

-Улсын наадамд хоёр жил уралдсан ч айраг, түрүүгээр давхиулж байгаагүй. Гурав дахь жилдээ уралдаад айрагдууллаа. Гоё байна.

-Ямар баярт дуртай вэ. Бодвол наадам хамгийн гоё нь байх даа?

-Тийм ээ, наадамд дуртай. Наадмаар морь унах бүүр ч дуртай.

-Том болоод ямар мэргэжилтэй болох уу?

-Том болоод бөх болно.

-Тийм үү, бөхийн удамтай хэрэг үү?

-Удамгүй ээ. Гэхдээ бөх барилдах дуртай. Манай аав уяач л даа.

-Аавынхаа уясан морьдыг унаж байна уу. Аав нь чинийхээр ямархан уяач вэ?

-Аав уу, минийхээр мундаг уяач. Аавын маань морьд хурдтай шүү.

-Ярилцсанд баярлалаа. Аав, хүү хоёр мөрөөдлөө биелүүлж, дараагийн уралдаанууддаа одтой наадаарай. 

Улсын наадмын дараа буюу долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Шигшмэл морьдын "Их хурд" уралдаан болж, энд Б.Энхбаяр хүү унасан азаргаа түрүүлгэн, ММСУХ-ноос нэг өрөө байраар шагнуулсан. Б.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азаргыг унаж хурдлуулсан билээ. Үүнээс хэд хоногийн дараа бид хүүгийн аав ээжтэй холбогдож баярын сэтгэгдлийг сонссон юм. Түүний аав Буян-Орших нь Нямжав уяачийн туслах уяач бөгөөд Ихбаяр Манлайн гарын шавь нарын нэг юм билээ. Ямартаа ч гар нийлсэн эднийхэн улсын наадам болон “Их хурд” уралдаандаа одтой наадчихаад өнөөдөр /долдугаар сарын 23 нд/ “Хотгойд хурд 8”-даа оролцохоор замдаа явна гэж ярилаа. Бяцхан хүүгийн нь амжилтыг сонирхвол, анх Баянхонгор аймагт болсон  Цахилгаан түгээхийн 50 жилийн ойд Нямжавын их насыг унаж түрүүлсэн. Харин 2017 онд Төв аймгийн Сэргэлэнгийн наадамд Нямжавын их нас, хонгор азаргыг нь тус тус түрүүлгэсэн. Мөн Дорноговь аймгийн Айраг суманд болсон бүсийн уралдаанд азарга түрүүлгэж, Эрдэнэсант суманд бор халзан даагатайгаа аман хүзүүдэж байжээ. Дараа жил нь буюу 2018 онд Булганы бүсэд Бат-Эрдэнэ гишүүний бор соёолонг түрүүлгэсэн. Тэгвэл энэ 2019 он гарсаар Налайхын хаврын бүсэд Нямжавын хар морийг түрүүлгэж, даага дөрөвлүүлсэн. Хаврын Дүнжингаравт соёолон гуравлуулж, хээр үрээ түрүүлгэсэн тухай аав нь бахдан ярина. Тэгээд “Миний хүү чинь хоёр эмэгтэй дүүтэй том ах байгаа юм. Аав ээж нь хүүгийнхээ амжилтаар бахархаад л явна даа” гэсэн юм. Бяцхан уралдаанчийн дараагийн уралдаанд амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна