Залуу уяач Г.Ганбаяр: Аавынхаа зүсэлж өгсөн адуугаар төрийн наадмын түрүү хүртлээ

Сэтгүүлч
Баасан, 11:24 минут

АХ-ын 98 жилийн ойд шүдлэн түрүүлгэсэн залуу уяач Г.Ганбаярын баярын сэтгэгдлийг хүргэе. 

 -Удам дамжсан уяачдын уухай түрлэг нэмж төрийн наадамдаа шүдлэн түрүүлгэсэн танд баяр хүгэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-За баярлалаа. Аав ээж хоёр маань олон жил морины төлөө зүтгэж байгаа улс. Аав маань улс, бүсийн чанартай уралдаанаас 10 гаруй айраг, түрүү хүртээд байгаа. Миний бага нас ижий аавыгаа даган адууны захад өнгөрсөн. Өнөөдөр аавынхаа зүсэлж өгсөн адуугаар төрийн наадмаас түрүү хүртлээ. Маш их баяртай байна. 


 -Ганбаярын нэртэй хүлгүүд хэдий үеэс уралдаж байгаа юм бэ?

-Анх удаа өөрийнхөө нэр дээр морь бүртгүүлж уралдуулаад түрүү хүртлээ.

 -Хүүхэд нас маань адууны захад өнгөрсөн гэсэн.  Хурдан морь унадаг байв уу?

-Унасаан. Хүний морь унадаг байсан. Одоо эргээд бодоход нэг их сайн ч уралдаанч байгаагүй байх. Наадмаар хүн сайн морио чадвартай хүүхдээр л унуулахыг бодно шүү дээ. Яг наадам болсон нөгөө хүн маань надаар морио унуулахаа больчихлоо. Гэтэл яг тэр өвөл манай аавын найз  шарга морио зарахаар болж, аав түүнийг нь авч, 2002 онд аав бид хоёр сонгуулийн уралдаанд анх уралдаж байлаа.

-Ганзориг Алдарт хүүгийнхээ морь унах хүслийг дэмжиж уяач болжээ дээ.

-Тухайн үед аав, ээж хоёр маань хувийн бизнес эрхэлдэг. Зав чөлөө муутай байсан хэдий ч аав маань бага хүүгийнхээ хүслийг дагаж морь авч өгсөн. Намайг морь унадаг байхад одоотой адил наадмуудыг зурагтаар шууд дамжуулдаггүй,  уралдаанч хүүхдүүд  хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсдөггүй, цэргүүдэд хөөгдөж очоод л эргэдэг байсан. Уяачид ч ингэж гэр бараа барьдаггүй. Майхан бариад л явдаг байсан.

-Төрийн наадмын түрүү хүртсэн хүүдээ аав нь хэрхэн баяр хүргэсэн бэ?

-Өөрөө түрүү, айраг авдагаасаа илүүтэй баярласан. Яагаад гэхээр намайг хүүхэд байхаасаа энэ мөчийг хүсч мөрөөдөж ирснийг мэдэх болохоор. Намайг очиход нулимс нь цийлэгнэчихсэн “Хөлсний хашаа руу чи өөрөө ор” гээд зогсож байсан.  Тэгээд дараа нь “Өөрөө айраг түрүү хүртэхээсээ илүү их хөөрдөг юм байна“ гэж байна лээ. Миний залгамж халаа гарч ирж байна гэдэг утгаараа илүүтэй баярласан байх л даа. Би  гурван хүүхэдтэй. Дунд хүү маань дөрвөн настай. Энэ зун хөдөө адуун дээрээ байгаа юм. Гурван үеэрээ адуутай ойрхон явах нь гээд аав баярлаж байна гэсэн.

-Ааваас тань дээд үеийнхэн морь уяж байгаагүй юу?

-Манай өвөө моринд дуртай. Нутгийнхаа нэг хүнээр ногоон азаргаа уяулж, аав түүнийг нь унадаг байсан юм билээ.


-Тэгэхээр дөрвөн үеэрээ адуун тэнгэрийг шүтэж яваа улс байх нь. 

-Тэгж хэлж болно. Ээж маань ч гэсэн адууны хүн. Багадаа том ахынхаа морийг унаж Өвөрхангай аймгийн  Баянгол сумын наадмаас нэлээд хэдэн айраг түрүү хүртэж байсан гэдэг юм. Ер нь манай гэрийнхэн цөм морь унадаг байсан. Аав, ээж, ах бид дөрвүүлээ хурдан морь унаж уралддаг байсан.

-Хөлсний хашаа руу жаахан хожимдсон маягтай ирж харагдсан. Морь түрүүлнэ  гэж тооцоогүй  байсан хэрэг үү? Аль эсвэл цагдаагийн хамгаалалт саатуулаа юу?

-Гэртээ зурагтаар үзэж байгаад морь барианд орлоо гэнгүүт эндээс гүйчихсэн юм. Очсон хойноо орох гэж бас хөөрхөн юм болсоон. 2007 онд аавыгаа соёолон аман хүзүүдүүлэхэд цэнхэр хашаанд орж байсан. Түүнээс хойш 12 жилийн дараа өөрийн морь түрүүлээд ороход их догдолдог юм байна.

-АХ-ын 98 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд аав хүү уяачид хэдэн насны морьтой ирсэн бэ?

-"Оргиоч” гал маань азарга, эрлийз дунд наснаас бусдад нь морь мордуулна. Шүдлэн насанд хоёр үрээ мордуулсан нэг нь  түрүүлж, нөгөө нь дундуур явчихлаа. Хязааланд Батхүү ахын даагандаа улсад зургаалаад бүсэд түрүүлж байсан хүрэн үрээ 14-д орлоо. Одоогоор ийм л амжилттай сууж байна даа. /Эрлийз бага насны ангилалд нэг үрээ айрагдсан/

-Дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.

- За баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна