Уралдаанч Ц.Баярбат: Айрагдана аа л гэж зүтгэсэн

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 07 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан /2019.07.10/-д 184 хязаалан гараанаас гарч, Цэцэгжамцын Баярбатын унасан хээр үрээ айргийн тавд багтсан юм.

-Баяр наадмын эхний өдөр унасан хүлгээ айрагдууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?

-Тийм ээ, наадмын эхний өдөр айрагдууллаа. Баярлаж байна.

-Уралдааны замд юу бодогдож байв. Жаахан алдаа гаргавал айргаас мултарч мэдэх учраас айж байв уу?

-Айрагдана аа л гэж зүтгэсэн. Тэгээд ч санаснаар боллоо. Уралдааны зам ч гоё байлаа.

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?

-Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн зургадугаар ангид сурдаг.

-Зургаан насны морьдоос алийг нь унах дуртай вэ?  

-Монгол хүн бүрт морь унах гоё санагддаг байх аа. Надад бүх насыг унах сайхан байдаг. Гэхдээ их насыг илүүтэй унах дуртай. Цаанаа л нэг урам зориг ороод байхыг яана.

-Мэргэжлээ сонгочихсон уу? 

-Уяач болно доо. Тэгээд босго өндөр наадмуудад уясан морьдоо айраг, түрүүгээр хурдлуулаад л. 

-Аав нь морь уядаг уу. Эсвэл ах дүү нараас нь морь унадаг уу?

-Ээж аав маань Налайхад тоосгоны үйлдвэрт ажилладаг улс бий.

-Удахгүй цалингаа авна. Нууц биш бол юунд зарцуулах вэ?

-Тэр тухай бодож амжаагүй л явна.

-Ярилцсанд баярлалаа. Дараагийн уралдаанд нь амжилт хүсье. 

Энд нэмэхэд тэр бол энэ жилийн баяр наадмын бяцхан оддын нэг. Өөрөөр хэлбэл Баярбат хүү энэ наадмаар хязаалан тавлуулж, шүдлэн гурваар давхиулсан. Тодруулбал, хурдан шүдлэн барианд дөхөн ирэхэд бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш буюу үзэгчийн тал руу хадуурахдаа бүдрэн унасан. Гэвч авхаалжтай хүү, буянт хурдан хүлэг хоёр эргэн босч, дахин хурдлан айргийн гуравт багтсан юм. Энэ тухайгаа “Мориноос унахад өвдөөгүй ээ. харин айрагдахгүй нь дээ л гэж их сандарсан шүү. Морио ташуурдаад бушуухан мордоод давхихаа л бодсон” хэмээн өгүүлнэ.

Тийм ээ, тэр баяртай байх аж. Тиймээс нүд нь баяр хөөрөөр гэрэлтэнэ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна