Уралдаанч О.Өсөхбаяр: Бүх насны морьдыг унаж хурдлуулах дуртай

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 16 -нд

Адууны хамгийн иртэй, хурдтай нас гэгддэг соёолон насны морьдын уралдаан /2019.07.12/ жил бүр өргөн дэлгэр болдог уламжлалтай. Учир нь соёолонгийн тоосонд орж, айрагдсан морьдын хөлсөнд хүрэх гэсэн наадамчид Хүйн долоон худгийн дэнжийг олны хөлд дарж орхидог билээ. 

...Соёлтой монголын үрс минь

Соёолонгийн тоосонд нь хийморио сэргээн

Цэнхэр салхинд задран намирах дэл нь

Цэлмэг тэнгэрт нисэн жигүүр ургуулна аа...

Энэ удаагийн Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд 155 соёолон гараанаас гарч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Д.Очирсүрэнгийн зээрд соёолон түрүү магнайгаар тодорсон юм. Тэгвэл уг соёолонг 120 дугаартай, 12 настай Отгонбаярын Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан билээ.

Түүний хувьд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн долдугаар ангид сурдаг. Харин хурдан морь унаад гурван жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд улсын наадамдаа хоёр жил дарааллан оролцож байгаа юм. Өнгөрсөн удаад Д.Очирсүрэн уяачийн хул шүдлэнг айргийн дөрвөөр хурдлуулсан баярын сэтгэгдлээ “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлагчтай хуваалцан, улсын наадмаас анхны айргаа авсан тухай сэтгэл догдлон ярьсан нь бий.

Тэгвэл энэ удаад ийнхүү соёолон түрүүлгэж, төрийнхөө наадмаас анхны түрүүгээ хүртэж буй баярт мөчийг ч бид дахин хуваалцлаа. Бүх насны морьдыг унаж хурдлуулах дуртай уралдаанч хүүгийн хувьд наадам бол сэтгэл догдлон хүлээдэг баяруудыг нэг. Тиймдээ ч урьд өдрийг нойр хугаслан хүлээх нь бий. Ямартаа ч тэрээр энэ удаад өмнө жилийн амжилтаа ахиулан, унасан хүлгээ түрүү магнайгаар хурдлуулан уралдаанчийн хувьд ахин нэгэн шинэ түүхийг бичлээ. Энэ бол хожмоо түүний хүүхэд насны жаргалтай мөчүүдийн нэг байх нь гарцаагүй.

Цог заль дүүрэн хүүд дараа, дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна