​ Тод манлай уяач Т.Галбадрах: Эр хүн болж төрснөөрөө омогшдог юм байна

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 31 -нд

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд их насны морь түрүүлгэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын баярын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

-Төр түмнийхээ цэнгэлд их насны морь түрүүлгэн, бахтай сайхан наадсан танд баяр хүргэе.

- Баярлалаа. Хүй мандалын торгон ногоон дэвжээн дэх Монгол төрийн наадам дэлгэр сайхан болж байна. Энэ сайхан баярын өдөр унаган бор морь маань төрийнхөө наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүлэн давхар баяр нэмлээ. Айрагдах байх л гэж бодсноос төрийн түмэн эхээр цоллуулна гэж санаагүй ээ. Уяач хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна.

-Өнгөрсөн жилийн өдийд соёолон түрүүлгэчихээд сууж байж.

-Тийм. Тун удахгүй  УИХ-ын дарга айлчилж ирнэ гээд манайхан бэлтгэл базааж байна. Өнгөрсөн жилийн өдийд соёолон түрүүлгээд Ерөнхий сайдыг ирэхэд бэлтгэж байлаа. Сүүлийн жилүүдэд унаган хүлгүүд минь урамтай сайхан хурдалж, үнэхээр сайхан сэтгэл тэнүүн наадаж байна. Ийм сайхан хурдан буян надад заяасанд туйлаас их баяртай байдаг даа. Монголчуудын зүрх сэтгэлд морь гэдэг зүйл мөнхөд уяатай байдаг. Аливаа юмыг чин сэтгэлээсээ, бүр зүрх сэтгэлээсээ хийе бүтээе гэвэл хэнд ч боломж байдаг гэдгийг өөрийнхөө амьдралаараа харуулахыг хичээдэг. Морины төлөө хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж байгааг түмэн олон минь мэдэх байх аа.


-Төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байгаа билээ.

- 2007 оноос хойш 12 дахь жилдээ морины сүүл боож байна даа.

-Завхан нутгийнхан Тод манлай уяачдадаа хүндэтгэл үзүүлнэ гэж байсан. Ингэхэд та цаст Очирваанийн нутгаас төрсөн хэд дэх Тод манлай уяач билээ.

- Завхан нутгаас маань Монгол улсын Тод манлай уяач цолтон долоо төрсөн. Би тав дахь Тод манлай уяач цолтон нь.  Нутгийнхан маань сайхан наадам хийх сурагтай байсан. Их хурдын дараа боломж бололцоо гарвал очих санаатай байгаа.

-Нутгийн адууны хурдлах чадварыг сайжруулахад  хувь нэмрээ оруулдагийг тань мэдэх юм байна.

-Уул усны үзэсгэлэн болсон тэр сайхан  нутагт төрж өссөн хүн шүү дээ. Нутгийн уул ус, хүн зоны түшиг тулгуураар өдий зэрэгтэй яваа гэж боддог учраас дэмтэй явахыг хичээдэг дээ.

-Хүрэн морь түрүүлсний дараа Дугараа Тод манлайн “Төрийн наадамд их насны морь түрүүлгэх уяачийн чин хүсэл байдаг” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Их насны морь түрүүлгэх өөр мэдрэмж үү?

- Эр хүн болж төрснөөрөө омогшиж, цээжний хөндий томорчихсон юм шиг санагддаг юм байна. /инээв/  Үнэхээр бахархалтай сайхан байлаа. Туйлаас тэнүүн жаргалтай нэгэн болдог юм байна.

-Аньсага чийгтэх юм уу?

- Чийгтэлгүй яах вэ.


-Өнөө жил хэдэн насны хичнээн морь мордуулсан бэ?

- Нас болгонд шахуу уясаан. Түүнээс хязаалан зургаалж, шүдлэн маань 4,5-аар явж байгаад 14,15-аар орлоо. Бор морь маань төрийн түмэн эх болж, халиун соёолон маань аман хүзүүдлээ. Одоо 4,5 даага мордоно. Маргааш эрлийз дунд ангилалд бас бий.

-Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд ч гэсэн амжилт хүсье. Монгол морины төлөө бүсгүй хүн  байж чин сэтгэлээсээ дурлан зүтгэж, биднийг холбодог гүүр болдог дүүдээ талархаж шүү.

-За баярлалаа.

А.Тэлмэн

8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.