Аймгийн Алдарт уяач Р. Жаргалсайхан: Халзан морь маань Хүрээ цамд хоёр “түрүүлсэн”

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 24 -нд

Ланс 2-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Равдангийн Жаргалсайхан 1967 оны хавар Сэргэлэн сумын нутаг Хөшиг хэмээх газар мэндэлжээ. Дөрвөн настай аавынхаа уясан хүрэн морийг унаж төрийн наадамд 12-т давхиж байсан хүү тавдугаар ангиасаа уяа эвлүүлж эхэлсэн гэнэ лээ. Хүрээ цам даншигт халзан морио хоёр “түрүүлгэсэн” түүний яриаг хүргэе.


-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжин уяа эвлүүлж байгаа  гэх юм. Таны хувьд?

-За бас ялгаагүй дээ. Манай аав Гомбожавын Равдан Манзушир хийд орчмоор нутагладаг, морь мал уядаг хүн байсан. Хээр, халтар адуутай байсан гэнэ лээ. Яагаад гэнэ лээ гэж байгаа вэ гэхээр намайг зургаан настай байхад өнгөрчихсөн юм. Ямар ч байсан Лхан-Ааживын Дамдин Манлайн хүрэн азаргыг түрүүлэхэд хамт явж байсан гэдэг юм.

-Хэдэн онд юм бол хүрэн азарга улсад хоёр түрүүлсэн байдаг шүү дээ.

-Буурал морь, хүрэн азарга хоёр нь түрүүлэхэд гэхээр харин хэдэн он болж байна.

-1967 он болох нь. Тэр жил Л.Дамдин Манлай төрийн наадмын азарга, их насны түрүүг хүртсэн байдаг. Чухам яагаад тэр жилийн наадмыг онцлоод байгаа билээ.

-Аав бас азарга, их морь уяж очсон юм билээ. Манай аавын уясан морьд түрүүлж, айрагдаж байгаагүй ч 10, 20 дотор давхидаг байсан гэдэг. Би дөрвөн настай улс хувьсгалын 50 жилийн ойгоор аавынхаа уясан хүрэн морийг унаж 12- орж байсан гэнэ лээ. Энэ тухай Сэргэлэнгийн Улаанхүү гэж ах ярьдаг юм.

-Багадаа хурдан морь унаж байжээ. Равдан гуай хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Тав. Би айлын бага. Миний ах Дашзэвэг гэж хүн бас морь уядаг байсан. Миний хувьд тавдугаар ангид байхаасаа эхлээд морь уяж, ангийнхаа хүүхдүүдээр унуулдаг байлаа. Цэргийн баяр, Майн баяр, Сансарын нисгэгчдийн баяр зэрэгт уралддаг. Манай аймаг, сум наадам хийхгүй. Зундаа бол зөвхөн улсын наадамд л уралддаг. 1983 онд наймдугаар ангийн хүүхэд Налайхын голд арван хэдэн морь уячихсан сууж байх жишээтэй.

-Мэдэхгүй чадахгүйгээ хэнтэй зөвлөхөв?

-Манлай уяач Даш гуайн бага хүү манай хүргэн байгаа юм. Би багадаа Даш гуайн морьдыг унадаг байлаа. Тэр хүнээс сурч мэдсэн зүйл байлгүй яахав. Гэхдээ өөрөө л нухдаг байсан даа. Ээж маань цагаан үнээ саадаг байсан болохоор өвөлдөө хивэг өгчихнө. Идэх нь идээд, идэхгүй нь иддэггүй юм билээ. Тэгээд зун нь ногоонд гаргаад  байгалиар нь уядаг байсан.

-Анхны айраг хэмжээлшгүй үнэ цэнэтэй санагдаж байсан байх. Хэдэн онд вэ?

-Зургаадугаар ангийн сурагч цэргийн баярын уралдаанд хонгор морио ангийнхаа хүүхдээр унуулаад түрүүлгэж амжилтаа гараагаа эхэлж байлаа. 1985 онд аравдугаар ангид байхдаа улсын наадамд их морь 11-ээр давхиулсан. Тэгээд хойшоо сургуульд явж, хэсэгтээ морь уялгүй завсарласан.


-Тэгээд хэдэн оноос дахин морь уясан юм бэ?

-2010 оноос. Ах минь хэрэг төвөгт холбогдож, би сургууль соёлд яваад хэсэгтээ адуу маань эзгүйдсээн. Хоёр азарга шахуу адуутай байсан ч намайг буцаад морь уях үед цөөн хэдхэн юм үлдсэн байсан. Уг нь манай адууны суурь их давгүй л дээ. Тэгээд яахав 2010 оноос адуу аваад  тэжээж эхэлсэн. Шинэ цагийн буюу тэжээлийн уяанд суралцаж байгаа нь тэр.Тэр үед авсан адуунуудын нэг нь халзан морь маань.

-Хаанахын адуу билээ?

-Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Амаржаргал гэж хүнээс соёолон авч байсан юм. Одоо тэр маань миний хуурай дүү болсон. Багануур дүүргийн Алдарт уяач. Сайн адуутай хүн бий. Шийтэрийн зээрд, Даваанэрэнгийн халзан орсон халзан азаргатай.Тэр халзан азарганы төлүүд нь их сайн давхидаг юм билээ. Миний халзан морь болохоор Хэнтий аймгийн Мөрөн сумаас худалдаж авсан гүүний гэдсэнд ирсэн унага юм билээ.

-Танд ирэхээсээ өмнө уралдаж байсан гэнэ үү?

-Битүү морь ирсэн. Хусран даага сургаж зам үзүүлж цагаашруулаад орхисон юм билээ. Сэргэлэнгийн Засаг дарга Энхбаяр манай бага эгчийн хүү байгаа юм. Энэ жилийн улсын шилдэг уяач болдог Энхтайван дунд эгчийн хүүхэд. Манайхны  эр болгон нь шахуу морь уядаг.  Халзан соёолонг маань Сэржээ /Энхбаяр/ зааж өгсөн юм. Яаж авсан түүхээ ярих уу?

-Тэгэлгүй яахав. Сайн адууны түүх сонсох дургүй хэн байхав.

-Би сайн соёолонтой болмоор байна гэж ярьж байсан юм. Тэгсэн Сэржээ “Багануурт гурван соёолон морь ирчихсэн байна. Ах та очиж үзээд нэгийг нь авахгүй юм уу” гэж байна. Тэгэхээр нь Сэргэлэнгийнхээ гурав, дөрвөн залууд  хэлээд маргааш нь нэг портер аваад явахаар боллоо. Маргааш нь залгасан явна гэсэн улсуудын утас болдоггүй. Дүнжингаравтай байсан болохоор наадам үзнэ гээд больчихдог юм байх даа гэж бодоод Энхбаяр луу залгасан чинь адуу зарна гэсэн Амаржаргалынхаа утсыг өглөө. Тэгээд холбогдтол нөгөө хүмүүс надгүй явчихаж. Очоод бага наадамд айрагдсан хоёр үрээг нь аваад битүүг нь үлдээчихэж. Нэгэнт  явна гэчихсэн байсан юм чинь  мөнгөө аваад хуурай ах Цогтоотойгоо гараад шидчихлээ. Очоод  залгасан нөгөөх маань эмнэлэгт шингэн хийлгэж байна гээд гэрийнхээ хаягийг зааж өглөө. Онгорхой хаалгаар нь хартал ганцхан халзан үрээ уяатай байна. Удаа ч үгүй Амраа хүрээд ирлээ, үрээгээ ачаад хөдөлсөн төд удалгүй сүүний тэрэгтэй таардаг юм. Гүйцээд түрүүлэх гэсэн шланк нь мултраад төмөрнийх нь хажуугаар сүү нь гоожоод машины урдуур урслаа шүү.  Тэгсэн Цогтоо ах маань “ёстой аймар юм авлаа даа” гээд жигтэйхэн бэлгэшээлээ. Би ч дотроо  сайны тэмдэг биз хэмээн баярлаж байв. Тэгээд Баяндэлгэрийн наад тал руу ортол хоёр азарга ноцолдонгуутаа яг өвөр луу ордог юм. Тэгсэн Цогтоо ах “аймар юм аа. Одоо нэг чоно таарчих юм бол өнгөрөө” гээд л./ инээв/ Тэгээд л зун нь аймгийн наадамд түрүүлсэн дээ.

-Хэдэн онд гэсэн үг вэ?

-2011 онд. Соёолон жилээ ес уралдаж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдсан. Айрагдахдаа тавд ороогүй. Дандаа түүнээс урагш. Төв аймгийнхаа наадамд түрүүлээд, Булганы Гурванбулагын 80 жилийн ойд аман хүзүүдээд, Эрчимийн 90 жилд аман хүзүүдээд, Бүрэнд түрүүлсэн. Хүйн долоон худагт болсон урлагийн наадамд аман хүзүүдээд өөр хаана хаана орлоо доо. Ямар ч байсан хоёр түрүүлж, долоо айрагдсан. Айргийнх нь ихэнх нь аман хүзүү.


-Улсад уралдуулах байж дээ.

-Тэгдэг л байсан байна лээ. Дараа жил нь хавчиг морь Сэлэнгийн Орхонтуулд хол түрүүлээд  дахин уралдаагүй. Долоотой жил нь ганц уралдуулна гэж байгаад долоо найм уралдуулчихсан. Наймтай аймагт гуравлаад,  Сэргэлэнгийн 90 жилийн ойд тавласан. Сэргэлэнгийн ойд Амаржаргалаас авсан цавьдар халзан үрээ тавласан. Чойжамц хамба Бүрэнгийх хүн юм билээ. Найман сард 20 хэдэн суврага босгоод түүнийхээ нээлтэнд зориулж, их морь, даага уралдуулсан юм. Тэнд халзан морь хол түрүүлээд, халзан даага түрүүлж, өөр нэг даага тавалчихдаг юм.

-Тэр наадам таных болжээ.

-Тэгсээн. Чойжамц хамбын шар хадгийг хүртсэн. 2015 оны Хүрээ цам даншиг наадамд халзан морь гарангуутаа нэг эрлийзтэй холбоод явчихлаа. Би морины комиссын машинд сууж явсан юм. Тэгсэн өнөө хүн дэвтрээ гаргаж харангуутаа “хасагдсан морь мордчихож” гэж байна. Тэгэхээр нь ер шахуулсангүй. Холбоотой явсаар байгаад аман хүзүүддэг юм. Халзан морио түрүүллээ гэж бодож байтал өнөөх эрлийзийг чинь Боловсролын сайд Гантөмөрийн нэр дээр цоллоод, миний морийг аман хүзүүнд тооцчихлоо. Хойтон жил нь Баянголын дүүргийн 50 жилийн ойд гуравлаад, Цэнхэрмандал сумын 90 жилийн ойд түрүүлсэн. Тэр бас их учиртай. Би ууж иддэггүй л дээ. Урьд жил нь Амраатайгаа уулзаж хөөрөөд ганц пиво уусан юм. Тэгээд халмагцаа “хойтон сумын чинь 90 жилийн ойгоор би халзан морио аваачиж түрүүлгэж өгнө” гээд хэлчихлээ. Түүнийгээ мартчихсан аймагт уралдуулна гэж  байтал хоёр хоногийн өмнө Амаржаргал залгаад “Ахаа та хэзээ ирэх үү” гэнэ. “Очноо” гэтэл өөрөө портертой хүрээд ирсэн. Тэгээд халзан морио, тэдний унаган бас нэг сайн шүдлэнтэйгээ аваад явлаа. Очсон том эрээн асар барьчихсан. Тогооч хөлсөлчихсөн. 001 гэсэн номер авчихсан. Бас болоогүй өөрөө  90 жилийн ойн комисстоо орчихсон. Их бэлтгэжээ. Манайхан ч бас бүгдээрээ оччихсон.

Эхлээд азарга мордлоо. Нэг уяан дээрээс мордсон залуугийн азарга нь аман хүзүүдлээ. Сандагдоржийн Оонон харын төлийн төл гэнэ. За тэгээд “ахаа би аман хүзүүгээр нээлээ шүү” гэж байна.

-Одоо та үүргээ гүйцэтгээрэй гэсэн үг биз.

-Яг тийм. Халзан морио түрүүлнэ гэдгийг мэдэрч байсан л даа. Тэгээд нарны нэмнээг нь авахдаа Амаржаргалд “За баяр хүргэе” гэлээ. Түүнийг том эгчийн хүү сонсоод ээждээ хэлж. Эгч “Сонин юм аа. Архи дарс ууна гэх биш” гээд гайхаж байсан гэдэг. Цэнхэрмандалын ойд 150-иад морь мордсон. Халзан морь хамгийн хойно гараад 7-8 км  болоход цээжинд гараад ирчихсэн. Тэгээд нутагтаа холхон түрүүлсээн.


-Халзан морио түрүүлнэ гэдгийг мэдэж байсан гэлээ. Тэгтлээ итгэлтэй байсан шалтгаан тань юу вэ?

-Хоол хасдаггүй адуу. Их тарган уралддаг. Ямар сайндаа л дөрөв уралдчихаад аман хүзүүнд ороод цоллуулж байхад нь 70 хүрч байгаа болов уу гэмээр өвгөн “аргагүй дан уяаны морь өөр юмаа” гэж байсан. Дөрөв уралдчихаад байхад хас нь үрэгдээд холгочихсон байдаг. Тийм болохоор нь уралдахынх нь урьд шөнийн хоолыг ахиухан өгсөн юм. 

-Би андуураагүй бол халзан морь Хүрээ цам даншигт түрүүлсэн үү?

-Тийм. 2016 оны Хүрээ цамд Энхтайван гэж хүний нэр дээр уралдаж түрүүлсэн.

-2017 онд хэрхэн наадсан бэ?

-Цэнхэрмандал сумын наадамд гурвалсан. Тэр жил азарга түрүүлээд, хязаалан айрагдсан. Би Цэнхэрт очихоороо сайхан нааддаг юмаа. 2018 онд Сэргэлэнд зуншлага муу. Аргагүйн эрхэнд 7 сарын зургаанд Цэнхэрмандал руу нүүсэн. Тэндээ дөрвөн насны морь мордуулж, гурав нь наймлаад нэг нь долооллоо.

-Та Амаржаргалаас гэдэг хүнээс олон адуу асан уу? Амжилт гаргасан нь тэдний адуу болчих юм.

-Арав  арай хүрэхгүй юм уу даа. Авсан болгон нь давхисан шүү. Сэргэлэнгийн 90 жилийн ойд айрагддаг цавьдар халзан үрээг би унаганд авсан. Даагандаа дөрөв уралдаж, гурав айрагдаад шүдлэн жилээ аймгийн Алдарт уяач Төвсанаад зарагдсан. Одоо би Энхбаярынхаа бэлэглэсэн үрээгээр сайхан наадаж байна.

-2014 онд аймгийн Алдарт уяач цол хүртэж. Харьцангуй богино хугацаанд орон нутгийн дээд цолонд хүрчээ.

-Нэг жилийн амжилтаар сумын Алдарт уяач цолыг хүртсэн. Аймгийн Алдарт уяач цолыг таван түрүү, найм есөн айргийн амжилтаар авсан. Хүрээ цам даншигийн амжилт тооцогдоогүй гэсэн үг шүү дээ.

-Орон нутгийн ханасан цолонд хүрчихлээ. Одоо улс, бүсэд зорьж уралдах байлгүй.

-Санаа бий, бий. Сая нэг боломжийн их морь авсан. Хоёр сар болж байна. Асгат гаралтай юм билээ.Би Сэлэнгийн Орхонтуулаас авсан. Соёолондоо Дархан хавиар хоёр айрагдаад, хавчиг морь овооны тахилгад гурав ч айрагдсан гэсэн байх шүү. Тэгээд долоотой өнжөөд  наймтайд нь би авсан. Одоогоор уралдуулж амжаагүй л байна.

-Уяаны ажилд тусалдаг залуус бий биз.

-Бий. Миний морийг унадаг байсан “алтан бөгст” хэмээх Энхбат маань одоо 22 хүрчихээд туслах уяач болсон. Ах нь гурван охинтой. Бага хоёр нь хоёулаа хурдан морь унасан. Одоо гурав, дөрөвтэй хоёр зээ хүүтэй болсон. Дунд нь нэг эмээл засаад өгчихсөн чинь унаа морь булаацалдаад унах янзтай байна.

-Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж яваа Алдартдаа амжилт хүсье. Бидний ярилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа.       
А.Тэлмэн
 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.