“МИГ даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг: Даатгалын үйлчилгээ нь нөхөн төлбөр олгохоос илүүтэй эрсдэлийг бууруулахад чиглэдэг

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 27 -нд

ММСУХ-ны удирдах ажилтны V зөвлөгөөний үеэр яригдсан нэг чухал асуудал бол уралдаанч хүүхдийн даатгал. Даатгалын хураамжаас эхлээд нөхөн олговор, цаашлаад ямар компани илүү үйлчилгээ үзүүлж чадах вэ гэдэг дээр салбар холбоодын удирдлагууд, хүүхдийн байгууллагын төлөөлөл харилцан санал солилцож, ХАРИУЦЛАГТАЙ газрыг сонгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэцгээсэн юм. 

5-р сарын 12-нд Хүйн долоон худагт болсон Төвийн бүсийн хурдан морины уралдааны үеэр зургаан хүүхэд мориноос унаж, журмын дагуу анхан шатны тусламж үйлчилгээг авсан. Түүний гурав нь газар дээрээ нөхөн олговор авч асуудлаа шийдүүлсэн тухай комиссын хурал дээр яригдсан юм. Бид мэдээллийг лавшруулан дээрх гурван хүүхэд МИГ даатгалд хамрагдсан болохыг олж мэдэн, гүйцэтгэх захирал Б.Мөнххишигтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр бидний асуултанд дараах хариултыг өгсөн юм.

-Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн уралдаанд оролцсон уралдаанч хүүхдүүдийн хэд нь танай даатгалыг сонгосон  бэ?

-Төвийн бүсийн уралдаанд оролцсон 80 гаруй хүүхэд манай компанид даатгуулсан.

-Уралдааны үеэр эрсдэлд орсон хүүхдүүдэд танай компани газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлж ажилласан гэсэн. Уралдааны үеэр хүүхдүүд бэртэж гэмтсэн тохиолдол олон байв уу?

-Манай компанийн нөхөн төлбөрийн болон шуурхай тусламжийн албаны 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ММСУХолбоо болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран уралдааны үеийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллалаа. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс хүүхдэд учирч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх талаар нягт хамтран ажилласныг онцолж хэлмээр байна. Уралдааны үед мориноос унасан гурван хүүхдэд газар дээр нь яаралтай тусламж үзүүлж, ГССҮТөвд хүргэж шаардлагатай үзлэг, шинжилгээнд хамруулсан. Хүнд бэртэл авсан хүүхэд байхгүй. 

-ГБХЗХГазрын тайланд танай компанийг хамгийн өндөр  нөхөн төлбөр олгосон компани гэж тодотгосон байсан. Өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний нөхөн төлбөрийг олгосон бэ?

-Манай компани жил бүр уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулдаг. Өнгөрсөн жилд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 20 сая төгрөг болгон өсгөж 800 гаруй хүүхдийг даатгалд хамрууллаа. 2018 онд даатгуулсан хүүхдүүдэд  36 тохиолдлоор 95 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна.

-Уралдаанч хүүхдийн даатгал нь зөвхөн уралдаанд оролцох үеэс бусад үед үйлчлэх үү? Ямар тохиолдолд нөхөн төлбөр авч болох вэ?

-Манай компанийн хувьд хүүхдүүдээ бүтэн жилийн турш бүх төрлийн гэнэтийн ослоос хамгаалдаг. Хүүхдүүд хурдан морины уралдаанд орохоос бусад үед ч осолд орох, гэмтэх тохиолдол байна. Тухайлбал, усанд унаж осолдсон, хонио хариулж яваад бэртсэн, мориноос унаж нас барсан гээд уралдааны бус үеийн ахуйн осол, бэртлийн олон тохиолдолд нөхөн төлбөр олгосон.

-Уяачид болоод ММСУХ-той уралдаанч хүүхдийн даатгалын асуудлаар хамтран ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл гарч байна уу?

-Өнгөрсөн жилүүдэд орон нутагт зохион байгуулагдсан уралдааны үеэр уралдаанч хүүхэд осолд орох, гэмтэх эрсдэл өндөр байсан. Энэ жилээс ММСУХолбоо нь хурдан морины уралдааныг эрсдэл багатай зохион байгуулах, уралдаанч хүүхдийн осол гэмтлийг бууруулах чиглэлээр санаачлага гарган, уралдаанч хүүхдүүдийг хамгаалах хэрэгсэлтэй уралдуулах, даатгалд хамруулах шаардлагыг холбооны нийт  гишүүдэд уриалж байгаа нь зөв зүйтэй юм. 

-Хүүхдийг гэмтэж бэртсэний дараа нөхөн олговор олгохоос илүүтэй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх арга дадалд сургамаар санагддаг.Энэ тухайд юу хэлэх сэн бол?

-Тийм ээ, таны хэлж байгаа маш зөв. Даатгал бол зөвхөн хохирол гарсны дараа нөхөн төлбөр олгоход зориулсан үйлчилгээ биш. Нөгөө талдаа бид эрсдэлийн шалтгаан нөхцлийг олж, түүнийг бууруулахаар шат дараатай ажиллах ёстой юм. Уралдаанч хүүхэд гэж нэрлээд байгаа ч тэд чинь гэнэн томоогүй хүүхэд учраас санамсар болгоомжгүйгээс бэртэж гэмтэх нь бий. Уралдаан тэмцээнд оролцож байх үед хүүхдэд ямар эрсдэл учирч болохыг судалж, эрсдэлийн шалтгаан нөхцлийг бууруулахаар ММСУХолбоотой хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Тиймээс улсын хэмжээнд болж буй хурдан морины уралдаан тэмцээний зохион байгуулалтад гар бие оролцон эрсдэлийг бууруулах ажлуудыг шат дараатай хийнэ.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр шагналын сан өндөртэй уралдаанд танай компани хамтран оролцож байгаа юм байна. Уралдааны талаар товч танилцуулаач?

- Бид 20 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг улс орон даяар хамтран зохион байгуулж байна. Бидний эргэн тойронд эрсдэлтэй зүйлс олон. Болдог бол бүгдийг нь барьж аваад засчихмаар санагдах үе ч бий. Бодвол ийм санаа хүн бүрт  л байдаг болов уу. Тиймээс хүүхдийн гэнэтийн ослын шалтгааныг бууруулах хүсэлтэй хүн бүрийг “Хамгаалагдсан Ирээдүй” уралдаанд урьж байгаа юм. Хүүхэд зам тээврийн осолд өртөх, түлэгдэх, өндрөөс болон морь малнаас унаж бэртэх зэрэг эрсдэлүүдэд ихээр өртдөг. Тиймээс эдгээрийг шийдье гэсэн санаатай хүн бүрт уг уралдаан нээлттэй. Уралдаанд оролцогсодтой хамтран бодит шийдэл олж,  төслийг хэрэгжүүлэх боломжоор хангаж, үр дүнгээ харах нь бидний зорилго юм.

-“МИГ даатгал” компани цаашид хүүхдийг эрсдлээс хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаасаа товч дурдаач?

- Сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд маань гадны нөлөөтэй гэмтэж бэртэх тохиолдол тогтмол өсч байна. Тиймээс эдгээрийг бууруулах, хамгаалах зорилгоор “Хамгаалагдсан Ирээдүй” төслийг санаачлан хүүхдийн “Индиго” даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулан гаргасан.  Төсөл нэг талдаа хүүхдийн гэнэтийн осолд нөхөн төлбөр олгох, нөгөө талдаа тэдгээр эрсдэлийн шалтгаан нөхцлийг бууруулахаар ажиллах юм. Мөн энэ төслийг ухаалаг технологийн дэвшлийг ашиглан хамгийн хялбар шийдлээр иргэддээ хүргэж, хүүхдэд шуурхай үйлчилнэ. Ер нь даатгалын гэрээ байгуулаад алга болдог биш харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагыг үргэлж сонсон тэдэнд тохирох үйлчилгээг цогцоор нь хүргэж ажиллах хэрэгтэй.  Мөн бид даатгалын ач тусын талаарх иргэдийн боловсролыг нэмэгдүүлэхээр тогтмол ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье.

Б.Хастөр