Дорнын соёлоор довтолгоно


  ММСУХ-ны удирдах ажилтны V  хурлаас...  

ММСУХ-ны бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар жилдээ нэг уулзалдаж зөвлөлдөг уламжлалтай. Удирдах ажилтны уламжлалт зөвлөгөөн энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй юм.


Зөвлөгөөн  төрийн ордонд орж Шадар сайдтай уулзсанаар эхэлж, Корпрейт буудлын хурлын танхимд Дэд Ерөнхийлөгч  Ц.Туваан нээж үг хэлснээр хөтөлбөрийн дагуу үргэлжилсэн. Дэд Ерөнхийлөгчийн  мэндчилгээний дараа  өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар баримтлах бодлого, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч мэдээллийг өгч, түүнийг залган  ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Ганхөлөг шинэчилсэн  дүрмийн талаар танилцуулж, түүнтэй уялдан төлөөлөгчдийн санал бодлыг хуваалцсан юм.


Салбар холбоодын удирдлагууд гол төлөв ММСУХ-ны VII Их хурлаас гарсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд бүр тодруулбал уралдах морьдыг ялгахдаа ямар аргачлал хэрэглэх талаар тодруулж байлаа. Жишээлбэл сэрвээгээр өндөр монгол адууг яах вэ? Уралдаад ирснийх нь дараа дахин хэмжих шаардлага байна уу? Сэрвээ хэмжих төхөөрөмжөөр хэрхэн хангах вэ?Тэр болтол яаж хэмжих вэ? Тахтай адууг хэрхэн хэмжих вэ? Гэгчлэнгийн асуулт тавьж  холбогдох хариултаа тухай бүрт нь авсан.

Төв аймгийн ММСУХ-ны тэргүүн Ч.Сарангэрэл “ММСУХ төвийн бүсийн уралдаанаа хийтэл орон нутгийнхаа уралдааныг хойшлуулсан. Тэр үеийн арга туршлага дээр тулгуурлан аймгийнхаа уралдааныг маргаан мэтгээнгүй зохион байгуулах бодолтой байна” гэсэн нь Ховд, Хэнтий аймгуудын удирдлагуудын дэмжлэгийг  хүлээнэ лээ.


Өндөр ялгахтай холбоотой асуудлын эцэст тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Галбадрах сэрвээний өндөр хэмжих төхөөрөмжийг эцэслэн шийдтэл АНУ-ын мөнгөн устай хэмжүүрийг ашиглах санаачлага гаргаж, уралдаануудаас өмнө  аймаг тус бүрт хоёрыг нийлүүлэхээ дуулгасан.

Удирдах ажилтны зөвлөгөөнөөр яригдсан өөр нэг сэдэв бол баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт. Энэ талаар хуулийн багийнхан ММСУХ-ны VII их хурлаас гарсан шийдвэрийг цөмийг нь тусгасан албан бичгээ хуулийн ажлын хэсгийнхэнд хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг өгнө лээ.

Зөвлөгөөний үеэр хийгдсэн нэг томоохон ажил бол ММСУХ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм. Тус газрын дарга О.Алтансүх: “Монгол хүнийг мориноос нь салгаж ойлгохын аргагүй. Тиймээс ММСУХ, уяачид та бид хамтран ажиллаж, үндэсний өв соёлоо хамгаалан авч үлдэх ёстой” хэмээн мэдэгдэнэ лээ.Санамж бичигт гарын үсэг зурсаны дараагаар уралдаанч хүүхдийн даатгалын асуудал хөндөгдөж даатгалын хураамжийг шилэн болгох саналыг уяачдын зүгээс тавьсан юм. Үүнийг О.Алтансүх дэмжээд уяачдыг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдлийг бууруулах тухайд даатгалын компаниудад шаардлага тавьж байхыг сануулсан  юм. Даатгалын хураамжийг багасгах талаар зарим холбоодын удирдлагууд санал дэвшүүлсэн ч газрын дарга болон хуульчдын багийн зүгээс дэмжлэг хүлээсэнгүй.


ММСУХ дэргэдээ эрдэмтдийн зөвлөлтэй болсон талаар бид өмнө нь дуулгасан. Энэ удаагийн зөвлөгөөн дээр Хүний хөгжлийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, монгол хүүхдийн бие бялдрын хийгээд сэтгэн бодох чадварын тухай сонирхолтой илтгэл тавьсаны сацуу монгол адууны гени фондыг бий болгох боломжтой талаар дуулгасан юм. Илтгэлийн төгсгөлд хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.


Үүний дараа МҮОНРТ-ийн сэтгүүлч, ММСУХ-ны тэргүүлэгч СГЗ Л.Цагаандалай “Адуун өв соёл”-ын талаар сонирхолтой илтгэл тавьж “Морьтны соёл” хөдөлгөөн өрнүүлэн, дорнын соёлын довтолгоог эхлүүлэх цаг нэгэнт болсныг дуулгана лээ.


Ийнхүү зургаан цаг гаруй зөвлөлдсөн удирдлагуудтай ММСУХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, батламжаа гардаж авснаар энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөсөн юм. 

А.Тэлмэн, Д.Гантулга


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна