Монгол туургатны хүүхдүүд гийнгоогоор өрсөлдөнө

Засгийн газраас 2019-2023 онуудад хэрэгжүүлэх “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан “Хонгорын шинэ эрин” ХХК-ийн “Хөх морьт” адуу морь уналгын төвөөс морьтны соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол туургатны хурдан морь унаач хүүхдийн “Гийнгоо” анхдугаар наадмыг 2019 оны 6 дугаар сарын 1 өдөр зохион байгуулах гэж байна.

Гийнгоо бол хурдан морь унаач хүүхдийн унасан хүлгээ баясгаж, адууны сүлд хийморийг тэтгэн сэргээж, шандас нэмэх зорилгоор аялгуулан дуулах тусгай үгтэй дуу юм. Наадмын талбай болон уяагаа гурав тойрох үед гийнгоо аялахаас гадна үргэж цочих, хатуу ширүүн эдэлгээнд орох, нуруу цээжийг нь авах зэрэг олон шалтгаанаас гутаг суусан морийг уул овоон дээр гаргаж арц хүж уугиулж, дом шившлэг үйлдэхэд мөн гийнгоог аялдаг уламжлал байжээ. Гийнгоо нь халх дөрвөн аймгийн хошуудад янз бүрийн хувилбар, ая дантайгаар тарж, газар орон, тухайн үеийн хаад ноёд, хутагт хувилгаад, нутгийн аялгууны өвөрмөц хэв шинжийг шингээсэн үгтэй болон үггүй гэх мэт олон янзын хувилбартай болжээ.
Ийнхүү эрт үеэс уламжлалтай адууны соёлын нэгээхэн хэсэг гийнгоо нь аажим аажмаар мартагдах хандлагатай болж байгаа энэ үед тус уралдаан зохион байгуулагдах болсон нь чухам цагаа олсон ажил болж байгааг онцлууштай.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.