Аймгийн Алдарт уяач Д.Саранчимэг: 1992 оны Бэрхийн наадмаас азарга, их насны түрүүг авч байлаа

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 13 -нд

“Зосын хүлэг” галаар овоглосон хийморилог уяачдын нэг бол аймгийн Алдарт уяач Дугарын Саранчимэг байлаа. Цагаан азаргаа суманд түрүүлгэж, наадмын өм нээж явсан тэрээр Хан Хэнтийн есөн алдартны нэг юм билээ. Өдгөө түүний хөвгүүд удам залган морь уяж байгаа бөгөөд хоёул сумын цолтой уяачид аж.

-Хэдэн онд Хан Хэнтий аймгийн есөн алдартан болж байсан бэ?
-2016 онд болж байлаа. Морь уясан он жилүүдийн маань хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хэрэг болов уу гэж боддог юм. 
-Морь уяад хэдэн жил болж байгаа билээ? 
-Хүүхэд байхаасаа л моринд хорхойтой нэгэн явлаа. Гэхдээ багадаа ганц л жил морь унасан. Тэр үедээ Өргөний Банзрагч гэдэг хүний морийг унаж суманд нэг дөрөвлүүлсэн юм. Түүнээс хэдэн жилийн дараа буюу 1986 оноос морь уяж эхэлсэн. Гэхдээ нэг сайн хээр морио үхүүлээд, том охиноо мориноос унагачихаад гурван жил гаруй уяхаа больсон. Ингээд 1990 онд дүүгийндээ очиж соёолон цагаан азаргыг уяж суманд түрүүлгээд, ахин уяж байлаа. 
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд авч байв?
-1990 онд цагаан азаргыг түрүүлгэсэн нь тэр. Түүнээс хойш цагаан азарга маань сайн уралдсан л даа. Дараа жил нь аймагт долоогоор давхиад, 1992 онд Бэрхэд түрүүлээд, суманд мөн айрагдсан. Харин 1993 онд сумын 70 жилийн ойгоор гуравлаж, 1994 онд Бэрхэд аман хүзүүдсэн. Тэгэхэд Галинингийн улаан түрүүлж, минийх аман хүзүүдсэн юм даг. Түүнээс хойш айхтар уяагүй ээ. 
-Хаанахын адуу юм бэ?
-Арслан Тогоогийн адуу. Түүний хоёр хонгор морины төрсөн дүүг ахынхаа том хүүхдэд өгөөд цагаан азарга гарсан. 


-Үр төлүүд нь яаж давхисан бэ?
-Төлүүд нь манай хүүхдүүдэд байна. Орон нутгийнханд маань ч бий. Сайхан хурдалж байгааг харахад урамтай байдаг юм. Би чинь жилдээ долоогоос найман гүү хураалгачихдаг. Тэгээд гарсан төлүүдээс нь дүүгийн хүү Цэндээд өгсөн нь саарал зүстэй морь Бэрхэд түрүүллээ. Би өөрөө 2001 онд суманд соёолон саарал морь түрүүлгэсэн гээд гарсан бүгд нь хурдалсан. 
-Алдартын нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлэг байна вэ?
-Миний найз Дондовын Нэргүй надад нэг шарга морь бэлэглэсэн. Сүхбаатараас авчирсан адуу байгаа юм. 1990 онд цагаан азаргаа соёолон түрүүлгэхэд “Миний найз сайн азаргатай болж байгаа юм байна. Хажууд нь сайн морь авчирч өгье” гээд шарга морийг өгч билээ. Надад ирээд олон жил сайхан давхисан. Үүнээс 1992 онд Бэрхэд цагаан азаргаа түрүүлгээд, шарга морио мөн түрүүлгэж нэг наадмаас азарга, их насны түрүүг нь авч байлаа. Өмнө жил нь аймагт 10-аар давхиулж, 1992 онд Бэрхэд түрүүлгэж, Батноровт гуравлуулсан. Бас Бэрхэд нэг аман хүзүүдүүлсэн. 
-Өөр ямар хурдан буян байна вэ?
-Саарал морь байсан. 1990 онд соёолон Батноровт хол түрүүлгээд даанч хавчиг жил нь хулгайд алдчихсан. Өөр сайхан, сайхан хурд бий. Манай адуунд Бандагадай адуу, Арслан адуу, манайхан Мангаа адуу гэдэг юм даа, Сандагдоржийн адуунаас байна. Авсан сайн азарга ч байна. Мөлүү хүрэн гэж сайн азарга аваад, төл нь болох хээр морь дааган цагаасаа найм хүртлээ хурдалсан. Тэгээд ноднин хот руу 23 саяар зарчихсан юм. Одоо ч би өөрөө морь уяхгүй байна. Уяаны ажлаа Эрдэнэчулуун, Чулуунбаатар гэж хоёр хүүдээ даатгасан. Тэд маань хоёулаа сумын Алдарт уяачид, бас “Зосын хүлэг” галын гишүүд байгаа юм.
-Таны оролцож байсан хамгийн баяр бахдал дүүрэн наадам хэдэн онд тохиож байв даа?
-2002 онд Өнчин хээрээ Жаргалын наадамд гуравлуулаад, урд очиж аман хүзүүдүүлсэн. Тэр их сайхан наадам болж билээ. 


-Эх нь эндчихсэн юм уу?
-Тийм ээ, эх нь нэг хөгшин гүү байгаад үхчихсэн юм. Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн, “Талын хүлэгч” галын том наадам Сүхбаатар аймагт болоход түрүүлээд таван ханатай эрээн гэр авсан юм даг. Тэндээс ирээд урд аман хүзүүдсэн. Овоо, жижиг наадмуудад хэд хэд орсон л доо. Миний унаган адуу л даа. Өвгөн цагааны маань үр байгаа юм. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. 

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 104. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна