ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан П.Сэргэлэн: ММСУХ-ны VII их хурал бодлого, үйл ажиллагааны өөрчлөлт хийсэн, гарц шийдэл олсон хурал болно гэдэгт итгэж байна
ММСУХ-ны VII их хурал 2019 оны нэгдүгээр сарын 24-нд болохтой холбоотой Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнг сэтгүүлийнхээ зочин хойморноо урьж ярилцлаа.
Энэ удаагийн их хуралд Монгол Улсынхаа 330 сум бүрээс нэг уяачийг оролцуулахаар болсон бөгөөд сумдаас нэг, аймгуудаас тав, нийслэлийн болоод ММСУХ-ны төлөөлөл бүхий 800 орчим хүн чуулах аж.
-ММСУХ-ны VII их хурлын бэлтгэл ажил эхэлчихсэн үү. Уяачдын маань хувьд яах аргагүй л анхаарал татсан хурал болох байх даа.
-Юуны өмнө 10 жилийнхээ ойтой золгож байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд баярын мэнд хүргэе. Тийм ээ, өнгөрсөн оны 12 дугаар сард болсон тэргүүлэгчдийн хурлаар Монголын уяачдын холбооны VII их хурлаа энэ оны нэгдүгээр сарын 24-нд хийх товыг гаргасан. Өнөөдөр их хурлыг зохион байгуулах комиссыг холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан ахлан, дэд ажлын хэсгүүд ажилдаа орсон байна. Өмнөх удаад бид 200-250 орчим гишүүнтэйгээр хуралддаг байсан бол энэ жилээс Монгол Улсынхаа 330 сум бүрээс нэг уяач оролцуулах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, энэ удаагийн их хуралд сумдаас нэг, аймгуудаас тав, нийслэлийн болоод ММСУХ-ны төлөөлөл бүхий 800 орчим хүн оролцох юм. Үүний дагуу бүртгэл явагдаж, салбар холбоод төлөөлөгчөө сонгож оролцуулах мэдүүлгээ ирүүлж байна. Бэлтгэл ажил одоогоор 80 хувьтай явна. Хурлаар бодлогын шийдвэрүүд маань гарах ёстой. ММСУХ-ны дүрмийг боловсруулах ажлын хэсгийг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр байгуулсан. Ажлын хэсэгт ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, ММСЗУХ-ны төлөөлөл, Уламжлал шинэчлэл хөдөлгөөний залуучууд болон Хуульдын холбооны төлөөлөл багтаж байна. Эд холбооны болоод хурдан морины уралдаан, салбар холбоод болон бусад дүрмийн төслийг боловсруулна. Энэ тухай ажлын хэсгийнхэн 6-7 удаа хуралдсан. Улмаар дүрмийн төслүүдээ тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлж, аймгийн салбар холбоод руугаа явуулж, төсөлдөө санал авч байна. Ингээд эцсийн байдлаар уяачдын их хурлаараа дүрмийн төслийг хэлэлцүүлнэ дээ.
-Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж, уяачдаас санал авч байсан. Улмаар анхны хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулсан. Энэ асуудал ахин яригдах уу?
-Тийм ээ. Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уяачдадаа танилцуулж, хэлэлцүүлнэ. Үүнээс өмнө УИХ-ын зарим гишүүдээс төрийн их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал дэвшүүлж, холбоонд саналаа өгөхийг албан бичгээр ирүүлсэн. Ингээд ММСУХ-ны тэргүүлэгчид хуралдаад зөвхөн тэргүүлэгчид бид саналаа өгөх биш, уяачдынхаа саналыг нэгтгэх ёстой гэж үзээд таван бүс тус бүрт хуваагдан ажилласан. Эндээс харахад 80 хувь нь эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулах нь зөв гэсэн санал ирүүлснийг уламжлаад байсан юм. Гэхдээ одоогоор хуулийн хэлэлцүүлэг болоогүй байгаа учраас хурлаар гаргасан шийдвэрээ дахин дээшээ уламжилна.
-80 хувь нь ялгаж уралдуулъя гэлээ. Хэрхэн яаж ялгах талаар уяачид ямар санал ирүүлсэн байх юм?
-Уяачдын ирүүлсэн саналыг үндэслээд статистик гаргавал ялгаж уралдуулах нь зүйтэй гэсэн нь 80 хувьтай. Харин сэрвээний өндрөөр гэдэг нь арай цөөн хувь байна. Үүнийг зөвхөн тэргүүлэгчдээрээ шийдвэрлэх боломжгүй. Уяачдын их хурлаараа шийдвэрлэе гэж хэлэлцээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хөдөөгүүр уулзалт хийгээд явахад монгол адуу нутаг нутагтаа онцлогтой байна. Увсын Тэс, Завхан, Хөвсгөл болон Дорнодын хойд тал, Сэлэнгэ, Төв, Орхон аймаг нутгийн том товир, сайхан адуутай болчихжээ. Тэд тэрийгээ монгол адуу гэж байх жишээний. Мэдээж бүгд л өөрт байгаа бэрхшээлүүдийг ярьж байна. Иймээс ММСУХ 21 аймаг, 330 сумын салбарт холбоодоор дамжуулаад гишүүдийнхээ саналыг авсан юм.
МОРЬДЫН БҮРТГЭЛ, ПАСПОРТ ОЛГОХ АЖЛЫГ ЗАЙЛШГҮЙ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
-Үүлдэрлэг байдлыг яаж тогтоох вэ. Өнөөдрийг хүртэл маргаан дагуулж байгаа асуудлын нэг шүү дээ?
-Өнөөдрийн нөхцөлд нэг өдөр нэг цагийн дотор үүлдэрлэг байдлыг тогтоогоод гаргадаг. Ер нь хүн оролцохоороо л алдаа гаргаж, бусдад хүндрэл үүсгээд байна. Тиймээс ялгалтын ажилд маш нухацтай хандах шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн удаад 2011 онд М.Энхболд дарга ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаа удирдан явуулж, өнөөдрийн эрлийз, монгол адууг тусад нь уралдуулах шийдвэрийг гаргаж байлаа. Шийдвэр гарснаас хойш эхний 3-4 жилдээ уралдаан аятайхан явагдсан ч яваандаа алдагдсан. Өөрөөр хэлбэл, уралдаан зохион байгуулагчдын хариуцлагагүй, алдаа дутагдлаас үүдэн уяачид “Тэр болж байгаа бол би яагаад болдоггүй юм” гэдэг байдлаар хандаж эхэлсэн. Үүнээс болоод олон асуудал дагууллаа. Бид чинь ямар олон удаа шүүхэд дуудагдав аа. Бүүр улсын баяр наадмын өглөө хүртэл би “Дүнжингаравт морь хассан” гэж шүүхэд дуудагдлаа. Тэд шүүхийн шийдвэр гаргуулаад улсын наадамд уралдах зорилготой байна шүү дээ. Тэнд очиход “Чи яаж ялгасан юм, эрлийз гэдгийг нь юугаар нотлох юм. Баримт хаана байна” гэдэг. Энэ мэт маргаантай асуудлыг шийдчих гэж өнөөдрийг хүртэл гарц гаргалгаа хайгаад л явна. Хуучин чинь цуснаас ДНК-ийн шинжилгээ авдаг байсан бол сүүлийн үеийн технологи сайжраад дэл сүүлнээс ДНК-гийн тест авдаг болсон. Энийг хэрэгжүүлбэл ямар вэ гээд хөөцөлдөж хоёр жил орчим ажилласан юм. Монгол Улсын долоо, найман газрын адууны дэл сүүлнээс дээж авч, Энэтхэг улс руу шинжилгээнд өгүүлсэн. Даанч олигтой үр дүнд хүрээгүй. Учир нь, монгол адууны өөрийнх нь цусны эталон байдаггүй. Үүнээс болоод энэ ажил зогссон. Дараа нь Азийн болон Олон улсын морин уралдааны морины бүртгэлийн газрын гишүүн болж, Японд хүмүүсээ сургалтанд суулгалаа. Тэд ирээд Ази, Олон улсын байгууллагын гишүүний хувьд албан ёсны паспорттой болгоё гээд ажиллахаар боллоо. Уг бүртгэлийг хийхийн тулд азарга, гүү үржилд орж, хээлтсэнээс унагалах хүртэл явцыг ажиглаж, тэмдэглэдэг олон улсын журамтай аж. Тэгээд унага гарахад чипийг нь суулгаж, үнэмлэхээ бичээд олон улсын стандартын дагуу бүртгэдэг. Ингэж ажиллахад үнэндээ холбооны хөрөнгө мөнгө, хүн хүч хүрэлцэхгүй болж эхэлсэн. ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаанд Малын генетик нөөцийн тухай болон Малын эрүүл мэндийн тухай хуулийг эхний боловсруулалтаас нь авахуулаад УИХ-д өргөн барьж, батлуулах хүртэл нь бүтэн жил тойрч ажиллалаа. Бүх аймаг, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтдийн саналыг авч, олон удаагийн хурал, уулзалт ярилцлагуудыг хийж байж уг хоёр хууль батлагдсан юм. Энэхүү Малын генетик нөөцийн тухай хуулинд Монгол Улс өөрийнхөө үндэсний мал аж ахуйн салбар, тэр дотроо малаа бүртгэж паспортжуулах, удам угшлыг нь тогтоох тухай асуудлыг нарийвчлан хуульчилж өгсөн. Зөвхөн адуу биш, таван хошуу малаа яаж бүртгэх юм, энд яаж хөрөнгө гаргах юм, хэн хариуцах вэ гэхчилэн үүрэг чиглэлүүдийг нарийн заасан. Ингэснээр хуулийн дагуу морины бүртгэлийг улсын хөрөнгөөр хийхээр хуульчилсан. Ажлыг ХХААХҮЯ удирдан зохион байгуулах бөгөөд хөрөнгийг нь улсаас гаргаж, морьдыг бүртгэж паспортжуулах, удам угшлыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох ажил эзэнтэй болж байгаа юм.
-Хэдэн жилийн дараа биелэх бол оо?
-Нэгэнт ийм хуультай болсон учраас хэрэгжүүлэх ёстой. Тэгвэл Монголын хурдан морины уралдаанд гарч байгаа хүндрэл бэрхшээл, алдаа оноо нэг талдаа шийдэгдэх юм. Мэдээж энд хугацаа орно. Бид өнгөрсөн жил Солонгосын генетикийн чиглэлийн эрдэмтдийг урьж авчраад, ХААИС дээр уулзалт ярилцлагыг зохион байгуулсан. Одоо би өөрөө ч тус сургууль дээр генетикийн чиглэлээр ажил авчихсан судлаад явж байна. Солонгос улс гэхэд Чэжүд байгаа 3-4 мянган адуугаа бүртгэлжүүлэх гэж 7-8 жил болсон гэж байгаа юм.
-Манайх чинь гурав гаруй сая адуутай гэхээр...?
-Тийм ээ, Солонгосын жишээнээс харахад их хугацаа орно. Гэхдээ тэдний хувьд анхандаа туршлага дутаж хугацаа алдсан тал бий юм билээ. Бидний хувьд бол эхний ээлжинд уралдааны морьдоо бүртгэе л дээ. Хэдийгээр хуулинд ингэж тусгаагүй ч хуулийг дагаж гарах заавар, журамд энэ тухай тусгаад хэрэгжүүлж болно. Мөн ТББ-ын хуулинд “Төрийн зарим чиг үүргийг хамтран хэрэгжүүлж болно” гэж заасан байдаг. Оролцох эрх нь нээлттэй, хамтран ажиллах боломжтой. Тэгэхээр хоёр жилийн дараа энэ ажил цэгцэрсэн байх болов уу гэж харж байгаа юм.
-Тэр хүртэлх хугацаанд үүлдэрлэг байдлыг хэрхэн ялгах уу?
-Уяачдын их хурлаасаа шийдвэр гаргана. Тэгэхдээ ялгахад хэн оролцох вэ гэдэг асуудал байгаа юм. Үүнтэй холбоотой 2-3 янзын санаа байна. Тухайлбал, бүсийн уралдаанууд болгон өөр өөрийн онцлогтой болдог. Зүүн бүс, говийн бүс, хангайн бүсэд монгол адуугаараа уралдана. Гэтэл төвийн бүс, Улаанбаатар орчмоор эрлийз адуутай улс дийлэнх нь болдог. Тэгэхээр бүс, бүсдээ өөрийн онцлогт тохирсон адуутай, уяачтай байгаа юм. Энэ онцлогийг харгалзан үзэж болж байна. Нөгөө талаас эрлийзийг тусад нь уралдуулъя. Тэгээд хариуцлагын тогтолцоог чангатгана. Энд аймаг, сум бүрээс төлөөлөл оролцож шийдвэр гаргаад, ягштал мөрддөг тогтолцоо руу орж болно. Дээр нь ялгалтыг өргөн төлөөлөлтэй явуулъя. Орон нутгаас уяачид ирж үүлдэрлэг байдал тогтооход оролцдог байя гэхчилэн санаа бий.
-Үүлдэрлэг байдал тогтоох ажлыг урьд өдөр нь хийх боломжгүй юу?
-Үнэндээ өнөөдөр морины зүтгэлтнүүд дунд хурдан морины уралдаан хийх зүрхтэй хүн байна уу? Уралдааны маргаашаас түүн шиг муу хүн байхгүй болчихдог. Зүтгэж, зүтгэж уралдаан зохион байгуулна. Баахан хүнд загнуулаад, утсаа ч авах тэнхэлгүй болсон хүн гэртээ харьдаг. Иймээс энэ удаагийн уяачдын их хурлаар өнөөдөр үүсч буй бүх л асуудлыг хамарсан, олон талын санал гарч ирнэ байх аа. “Олны санаа оломгүй далай” гэдэг дээ. Хэдий чинээ олон хүнээс санаа гарна, тэр хэрээр алдаа бага гарна. Энийгээ дахиад л олонхийнхоо саналаар шийдвэрлэнэ. Хурлын үеэр гурван төрлийн хуралдаан болно. Мэдээж бүртгэлтэй холбоотой цаг хугацааны асуудал гарна л даа. Гэхдээ бүсийн уралдаануудад уралдах морьдын мэдүүлгийг урьдчилж авч болно. Жишээ нь, уяач та хангайн бүсийн уралдаанд оролцох гэж байгаа бол тухайн аймгийн МСУХ дээр очоод ийм, ийм морьдоо уралдуулна. Оролцож болох уу гэдэг зөвшөөрлөө авна. Энэчлэн аймаг бүрт мэдүүлгээ авч байя. Дүнжингаравын уралдаан болоход аймгуудын мэдүүлэг хүрээд ирнэ. Аймаг орон нутгийн уяач нь шийд. “Хүүе, таны энэ морь эрлийз. Уралдуулж болохгүй. Харин энэ монголыг чинь уралдуулъя” гэж хэлэлцээд аймгууд мэдүүлгээ бичээд ороод ирэг. Салбар холбоодод эрхийг нь өгье, бас үүрэг хариуцлагыг нь хүлээлгэе. Тухайлбал, Дүнжингаравт гэхэд ийм, ийм аймгаас тийм, тийм морьд уралдана. Тэгээд энэ морьдынхоо өмнөх амжилт, угшил удмыг тодорхой бичээд ном болгоод хэвлүүлчихэж болж байна. Хэдхэн цагийн дотор, хэдхэн хүн шийдвэр гаргаад эрлийз, монголоор ялгах биш. Олуулаа шийдье. Яг уралдааны үеэр аймаг бүрээс нэг, нэг төлөөлөл ирж бусдыгаа хянаж болно.
ТӨРИЙН ИХ БАЯР НААДАМ БОЛ СПОРТ БИШ. ЭВ НЭГДЛИЙН БАЯР, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА
-Ойлгомжтой болох юм байна?
-Энэ бол миний санал. Энэ саналаа Булган, Хөвсгөл аймгаар явахдаа уяачдад танилцуулсан. Тэд их нааштай хүлээж авч байна лээ. Дараа нь бүртгэлтэй, паспорттой болчихсон хойноо өнөөхөө үзүүлээд, чип картаа уншуулаад ирэхээр маргаан гарахгүй болно.
-Гэхдээ тухайн ангилалдаа уралдахгүй бол?
-Тийм ээ, энд эрлийзэд уралдаж айраг, түрүү авчихаад зун улсын наадамд монголд уралдаад түрүүлчихэж байгаа жишээ байна. Ийм тохиолдолд хариуцлагын асуудлыг яръя. Улсын цолонд тодорхойлохгүй, уралдаанд уралдуулахгүйг дүрэм, журамд тусгана. Мөн уралдаан зохион байгуулагчдын хариуцлагын асуудлыг маш чангатгаж өгөх ёстой. Бид “Уяачийн тангараг” гаргаж, ёс зүйн зөвлөл хүртэл ажиллуулж үзлээ. Эргээд хариуцлага тооцож чадахгүй байсан учраас өнөөдөр ужигарчихсан байна.
-Энэ бүх хэрүүл маргааныг бодоод үзэхэд эцсийн дүндээ уяачийн ёс зүй, жудаг гэдэг дээр очдог. Тэд үүнийгээ уландаа гишгээд байгаа учраас хариуцлага тооцохоос өөр алга юм даа, тийм ээ?
-Нэг өдөр өөрийнх нь морь хурдан байвал монгол болчихдог. Эрлийз морь нь хурдан байвал өнөөхөө монгол болгох гээд дайрчихдаг жишиг тогтчихлоо. Үүнийг болих цаг болсон учраас дүрэм, журамдаа илүү сайнаар тусгах юм. Нэг л мориороо уралдъя л даа. Ланд крузертэй УАЗ-469 машинаар уралдаад яах юм бэ. Машин, мотоцикль хүртэл хөдөлгүүрийнхээ багтаамжаар уралддаг биз дээ. Нөгөө талаас төрийн их баяр наадмын дархлаа гэж байдгийг онцгой анхаарах ёстой юм. Монголын хурдан морины уралдааны ангиллыг ММСУХ тогтоож өгсөн. Ингэхдээ төрийн их баяр наадам буюу монгол морьдын уралдаан, төрийн их баяр наадмын дархлааг онцгой анхаарч үзэх ёстой.Төрийн их баяр наадам гэдэг бол спорт биш, эв нэгдлийн баяр, тусгаар тогтнолын баталгаа. Монгол орны баруун, зүүн, хангай, төвийн бүсэд байгаа мянган адуутай нь ч, чөдрийн ганцтай нь ч ижил тэгш уралдаж, ард түмнээ цэнгүүлэн баярлуулдаг. Харин бүсийн болон “Дүнжингарав” уралдаан, Монголын хурдан хүлэг шалгаруулах нь өрсөлдөөн, “тэмцээн” байж болно. Тэгэхэд бүсийн уралдаанууд гэхэд уралдаан мөн ч, тухайн бүс нутгийн уяачдын хийгээд морьдын онцлог, уламжлал соёлыг харгалзах зорилготой. Тиймээс энийгээ ялгаж уралдуулах ёстой гэсэн холбооны бодлого байна.
-Хариуцлагын тал дээр нэгэнт цолоо авчихсан хүмүүсийг яах вэ?
-Морь нь бүртгэлтэй байх учраас өөр хүний нэр дээр байсан ч уралдуулахгүй.
УЛС ОРНЫХОО ОНЦЛОГТ ТОХИРСОН МОРИН ТОЙРУУЛГЫГ БАРЬЖ БАЙГУУЛНА
-Бидний яриа их хурлын бэлтгэл ажлын талаар эхэлсэн ч уралдааны асуудал руу хөврөөд орчихлоо. Үүдээд асуухад ММСУХ уралдаан төвтэй бодлого баримталж ирсэн гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Уралдаан төвтэй гэж хэлмээргүй байна. Мэдээж уяачдын хөдөлмөр юугаар үнэлэгдэх вэ. Уралдааны амжилтаар үнэлэгдэнэ. Энэ бол гол шалгуур. Гэхдээ ММСУХ-ны эрхэм зорилго бол өөр. Бид VI их хурлаараа хэлэлцээд “Монголын үндэсний уламжлалт өв соёлыг хойч үедээ уламжлуулан хадгалуулах, хүмүүжүүлэн төлөвшүүлэх” нь холбооны эрхэм зорилго юм гэж үзсэн. Энэ дотроо олон зорилт байна. Хурдан морины уралдааны бодлогыг боловсруулах, уяачийн ёс зүйн асуудал, хүүхдийн аюулгүй байдал гээд олон чиглэлтэй. Үүний хажуугаар үндэсний өв соёлоо зөв сурталчилж таниулах юм сан. Уралдаан гэдэг хэдэн морь уралдаад айраг, түрүүгээ авчихдаг төдий зүйл биш учраас үзэгчдийн таашаалд хүртэл зохион байгуулах, шударга, ил тод нээлттэй явуулах ёстой. Иймийн тулд салбар холбоодтойгоо нягт хамтран ажиллах ёстой юм. Гэвч өнөөдөр ММСУХ дангаараа жилдээ нэг удаа “Дүнжингарав”-ыг, гурван жилд нэг удаа “Их хурд”-ыг зохион байгуулж байна. Дээр нь уяачдын холбооны ойнууд, Гиннесийн уралдааныг зохион байгууллаа. Харин салбар холбоод бол аймаг, сумандаа уралдаан зохион байгуулдаг. Эдгээр уралдааныг нэг бодлого, нэг үйл ажиллагаатай явуулах үүднээс “Монгол уяач-3000” уяачдын зөвлөгөөнийг аймаг орон нутагт хийж ирлээ. Удирдах ажилтны зөвлөгөөнийг ч зохион байгуулдаг. Гэхдээ энэ бүхэн төв холбооны шийдвэрээр явахгүй байх тохиолдол байна. Жишээлбэл, төв холбоо цалинг нь тавьдаг, ажилд томилдог байгууллага биш. Удирдан чиглүүлдэг, зөвлөмж өгдөг байгууллага. Гэтэл тэнд салбар холбооны нөхөр буруу үйл ажиллагаа хийчихлээ гэхэд эндээс бид арга хэмжээ авах боломжгүй. Иймээс энэ байдлыг уяачдад ойлгуулж, нэгдмэл байх чиглэлд анхаарч ажиллаж ирлээ.
Гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр холбоо нэлээд амжилттай ажилласан. Дутагдалтай байгаа асуудал бол морин тойруулга. Энэ бол суурь бааз сайтай байж хийх ажил. Морины паспорт бүртгэлтэй байж, дэд бүтэцтэй байж морин тойруулгатай болно. Тойруулгыг морины үйлдвэрлэл гэж ярьдаг даа. Энэ үйлдвэрлэлийн суурь бүтцийг байгуулах асуудал байгаа юм. Ийм учраас морин тойруулгын асуудалд хугацаа ороод байна. Гэхдээ улс орныхоо онцлогт тохирсон морин тойруулгыг барьж байгуулна. Өөр бусдаар гадаад харилцааны чиглэлд уяачдаа хурал зөвлөгөөнд оролцуулж, гадаадад морь уралдуулах боломж бололцоогоор хангаж, моринд томдсон хүүхдүүдээ гадагшаа гарч морь унуулах гэхчилэн боломжийг нээж өгөх ажлыг холбооноос хийсэн. Ажил л явж байгаа учраас сайн, муу аль, аль нь байна. Наадам болохоор хэдэн хүн цуглаад уралдаанаа хийчихдэг. Бусад үед нь өөр өөрийн ажлаа хийгээд явчихдаг учраас хүндрэлүүд байна. Энэ чинь ТББ шүү дээ. Хийхгүй бол хийх ажил олддоггүй, хийгээд байхаар ажил нь дуусдаггүй. Ийм онцлогтой. Тийм болохоор ТББ-ыг авч явж байгаа удирдлага, тэргүүлэгчдийн санал санаачилга, зүтгэлээс их юм шалтгаалдаг. Ажил нь зөв зүйтэй явбал олон түмэн ч хүрээлээд, ажил ч амжилттай явах нь тодорхой.
-Эрхэм зорилгын хүрээнд хийсэн ямар ажлууд байна вэ?
-Морин уралдааныг дэмждэггүй, таашаадаггүй, морь уяхыг хүнд хөдөлмөр гэж үздэг, хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж ярих хүмүүс олширлоо. Тэгэхээр үндэснийхээ энэ өв соёлыг гадаадынханд биш, дэргэдээ байгаа нөхдөдөө зөв ойлгуулах хэрэг гарч байгаа юм. Тийм учраас “Монгол уяач-3000” зөвлөгөөний хүрээнд “Сүлд” телевизтэй хамтраад аймаг, сум болгоны уяачийг оролцуулсан нэвтрүүлэг хийлээ. Гэхдээ мянган сайн ажил хийлээ ч эрлийз, монгол морьдын асуудал баллаад байдаг. Хэдэн сар нойр хоолгүй явж, явж зохион байгуулсан уралдаан эрлийз, монголын хэрүүлээс үгүй болдог. Зарим нь цолоо хасуулаад явж байна. Энийг л бид өөрчлөх ёстой. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” шиг нэг уяачийн, нэг уралдаан зохион байгуулагчийн бүтэлгүй үйл ажиллагаа, алдаанаас болоод ийм байдалд хүрч байна. Тэгэхээр энд нэг хэсэг хүмүүс биш, нийт олноороо ажиллах шаардлагатай. Тийм учраас бид 2018 онд бүх аймгийнхаа уяачдын холбооны удирдлага, уяачидтайгаа очиж уулзсан. Өнгөрсөн оны сүүлээр таван бүс болгоод уяачдынхаа саналыг сонсож, бүртгэж авлаа. Одоо бүгдээрээ яръя. Хамтарч хийе, дундаасаа нэг шийдэл гаргая л гэж зорьж байна.
Одоогийн хурдан морины уралдаанаа баяжуулж, өөр шинэ төрлийн уралдаан бий болгохоор ажиллаж байна
-Адууг дагасан соёлыг түгээх талаар ММСУХ ажил явуулбал холбооны бодлого үйл ажиллагаанаас гажихгүй, тийм ээ?
-Гажихгүй, энэ чинь адууныхаа соёлтой холбоотой. Манай холбоо энэ чиглэлээр Цагаандалай, Баярмагнай гуай болон “Сүлд” тв-тэй хамтран олон нэвтрүүлгийг хийж үзэгчдэд хүргэсэн байдаг. Цаашид ч үргэлжлүүлэхээр удирдамж гаргаад салбар холбоод руу явуулахад бэлэн болчихсон. Та зөв санал хэллээ. Хурдан морьтой хэдхэн хүн зургаан насны морьдын уралдаан хийгээд өнгөрөх биш. Уламжлал соёлтойгоо хослуулж, илүү өргөн хүрээнд олон хүн хамруулах өөр ямар уралдаан байж болох вэ. Жишээлбэл, монголчууд мэдээлэл харилцаа холбооны салбарт анхдагч сүлжээг бий болгосон улс шүү дээ. Монгол морины дээд хурдаар 25 км-т өртөө байгуулаад захиа мэдээгээ маш хурдтай дамжуулдаг байсан. Үүнтэй адил 21 аймгаас 21 баг шалгарч ирээд гэрэгэ буухиагаар дамжуулаад уралдаж болж байна. Энд аймаг, аймгаараа оролцох бөгөөд өөрсдөө бэлддэг нэг ийм өвөрмөц уралдаантай болох тухай ярьж байна. Дээр нь Монгол Улсынхаа баруун цэгээс зүүн цэг хүртэл өртөөчилж уралддаг холын зайн уралдаан байж болно. ММСУХ нь Азийн олон улсын морины холбооны гишүүн байгууллага. Тийм болохоор бусад гишүүн орны төлөөлөлтэй уулзаад Дэлхийн монгол морины холбоог байгуулж, үүгээрээ дамжуулаад Дэлхийн аварга шалгаруулах монгол морьдын уралдааныг явуулна. Тодруулбал, Монголд ирээд монгол морийг монгол уяачаар уяулаад, монгол хүүхдээр унуулаад, монгол уралдаан зохион байгуулах тухай яриа хэлэлцээр хийсэн. Одоогийн байдлаар 15 улс монголд ирж уралдъя гэж зөвшөөрсөн. Монгол уяачийн олон зуун жилийн хүч, хөдөлмөрөөр бий болсон монгол адуугаар дэлхийд яагаад уралдаж болохгүй гэж. Герман, Америк инженерийн хийсэн машинаар дэлхийн хэмжээний уралдаанд оролцож л байна шүү дээ.
Монгол морио хайрлаж хамгаалах, энэ талаар нийгэмдээ зөвөөр ойлгуулах, уяачид, малчдынхаа амьдрал ахуйг сайжруулах чиглэлд явах ёстой. Холбоон дээр бид статистик судалгаа гаргаж байгаа. Уяачдыг тойрсон хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг, үүнээс хэдий хэмжээгээр нь өвс тэжээлээ худалдаж авдаг, малчдадаа ямар цалин хөлс өгдөг гэхчилэн нэгдсэн байдлаар судлаад тайландаа тавина. Өнөөдөр уяачид маань улсын төсвөөс нэг ч мөнгө гаргахгүйгээр өөрсдийнхөө боломж нөхцөлөөр уралдаанаа санхүүжүүлдэг. Уяачид малчдаа цалинжуулдаг. Энд морины үйлдвэрлэл явагдаад байна шүү дээ. Энийг бас танилцуулж, мэдээллэж баймаар юм билээ.
-Эрдэнэтийн уяачдын холбооны тэргүүн “Отгонбилэг агсан уяачдын холбооны гишүүд, ГОК-ийнхноо дагуулаад Эрдэнэтээс Шилийн богд хүртэл 1306 км морьтой аяллыг хийж байсан” тухай ярьж байна лээ. Салбар холбоод нь ийм морин аяллыг зохион байгуулж, орлого олж болох юм?
-Сая ярьсан, аймаг дотроо баруунаас зүүн цэг хүртэл, сумандаа хилийн дээс хүртлээ, Монголын баруун хилээс зүүн хил хүртэл морьтойгоо жагсаж, эсхүл уралдаж болно. Ийм санаа бий. Зөвхөн 21 аймгаас нэг баг гарч, нэг багаас нэг залуу уяач гэр бүлтэйгээ оролцоно. Энд нь яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин, бүжигчин, орчин үеийн эстрадын дуу хөгжмийн хамтлаг гэсэн багтай. Бүгдийг нь тус тусад нь дүгнэнэ. Мориных нь уралдааныг 21 аймагт нь 21 Тод манлай зөвлөнө. За тэгээд, аль хурдтай гэсэн газраас даага шинжиж худалдаж аваад, уяж уралдуулна. Энэ болгонд нь Монголын уламжлалт нүүдэлчдийн амьдралыг харуулсан байна. Сайхан дуу зохиох, шүлэг бичих, сайхан зураг зурах, эхнэр нь үнээгээ саагаад ааруул цагаан идээгээ бэлтгэх гэхчилэн нэг сарын туршид телевизээр шууд үзүүлэх, реалити шоу маягтай нэвтрүүлэг явна. Бэлтгэл ажлын хүрээнд аймгууд руугаа танилцуулгаа явуулчихсан. Ирэх жилээс хийхээр төлөвлөсөн. Энэ зөвхөн уралдаан төвтэй биш, өв соёл уламжлалаа харуулах зорилготой. Хурдан морийг дагасан өв соёл хийгээд, хүмүүжлийн ач холбогдол, төлөвшил, байгаль дэлхийтэйгээ яаж ойрхон байдаг зэргийг харуулна. Түүнээс гадна ММСЗУХ, уламжлал шинэчлэлийн залуучуудтай хамтран ажиллана. Тэд гаднаас нь ярих биш, дотор нь ороод ажиллаад амьдраад яваг л дээ. Одоо ч эхнээсээ дүрэм, журам боловсруулахад оролцуулж байна. Монголын уяачид хуваагдаад яах юм бэ. Эцсийн зорилго маань хурдан морины соёлоо хамгаалж, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх учраас уралдаанаа сайхан зохион байгуулъя. Үзэгчид, оролцогчид, уяачдадаа таалагдсан уралдаан хийдэг болчихъё.
-Уралдаанч хүүхдийн асуудал бол хурцадмал сэдвийн нэг. Хөдөөгүүр явахад ялангуяа Сүхбаатар аймагт морь унах хүүхэдгүй болсон тухайгаа уяачид ярьж байна. Хүүхдийн морь унах хүсэл тэмүүллийг бий болгох сургалтууд байж болох юм гэж бодсон.
-Уяачдын тоо олон болсонтой холбоотой байж болох юм. Нөгөө талаас нийгмийн хандлагаас болоод морь унахгүй байх асуудал байна. ММСУХ-ноос хурдан морины уралдаанч хүүхдийн сургалтын асуудлыг боловсруулаад бэлэн болсон. Энийгээ морин спорт сургалтын төвтэй яриад 21 аймгийнхаа төв дээр сургалт хийлгэхээр ажил хэрэг болоод эхэлсэн байна. Мянганцэвээн доктор боловсруулж өгсөн. Тэрнээс өмнө Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Даваадорж гуайтай яриад, морин спортын сургалтын төвийн нөхдүүдтэй энэ сургалтыг зохион байгуулж, хамтарсан сертификат олгоё, ур чадвартай хүүхдүүдээр морио унуулъя гэж ярьсан. Өнөөдөр ур чадвартай хүүхэд дутмагаас уяачид таарсан хүүхдээр морио унуулдаг. Мэдээж энд уралдаан зохион байгуулалтын асуудал ч бий. Тэгэхээр бүгдийг нь жигд сайжруулах ажил зөндөө байна. Гэхдээ холбооны хувьд төсвөөс санхүүждэггүй, хэдэн идэвхтэй хүмүүсийнхээ хандив дэмжлэгээр явдаг учраас бүх ажлыг зэрэг амжуулаад байж чадахгүй юм. Цаашдаа санхүүжилтийн асуудал амаргүй байх учраас холбооны хурлаар бодлогын шинэ юм гаргана гэж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээнд татвараа төлдөг, тодорхой хэмжээнд үүрэг хүлээдэг байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол бодлогын шийдвэр гаргах хурал болно. Эндээс гарсан шийдэрийг цаашдаа тууштай хэрэгжүүлэх сайн баг гарч ирэх ёстой гэж бодож байгаа юм. Хурдан морины хүүхдийн чиглэлээр холбооноос авч хэрэгжүүлсэн ажил их бий л дээ. Хувцас хэрэглэлтэй болгосон, стандартыг нь тогтоосон. Хамгаалалт даатгалын асуудлыг холбоо хийж өгсөн. Цаашид илүү боловсронгуй болгох, эрсдэлийг багасгах, сахилга баттай байлгах шаардлага бий. Өвлийн хүйтэнд морь уралдуулж болохгүй гэхэд “Би танай холбооны гишүүн биш” гээд морь уралдуулдаг. Тэр нь эргээд бидний хийсэн ажлыг харлуулдаг.
-Энэ тохиолдолд уяачдын холбооны нэр хүндэд халдсан гэдгээр мөнгөн торгууль оногдуулах арга хэмжээ авч болохгүй юу?
-ТББ-ын хувьд энэ тал дээр мөхөсдөх зүйл гардаг юм аа. Түрүүн дүрмийн төсөл дээр урилгаар хуульчид ажиллаж байгаа тухай ярьсан даа. Энэ тохиолдолд хууль эрх зүйн хүрээнд яаж ажиллах талаар тэднээс санал зөвлөгөөг хүсч байгаа.
-Цаашид ямар, ямар зорилтуудыг тавьж ажиллах вэ?
-Монголын хурдан морины уралдааны хөгжлийг бид олон жилээр нь харах гэж хичээж байна. 20 жилийн дараа ямар үр дүнд хүрсэн байх вэ. Үүний тулд эхний тав, 10 жилд юу хийх вэ. Эхэн, дунд болон сүүлийн 10 жилд юу хийж хэрэгжүүлсэн байх ёстой вэ. Тэгээд энэ чиглэлээр холбооны их хурал дээр тайлан тавьж, зорилтоо дэвшүүлж богино болоод дунд, урт хугацааны зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ. Үүнээс ойрын хугацаанд гэхэд уяачдын холбооны их хурлаа амжилттай зохион байгуулах, уралдааны зохион байгуулалтын болоод зохион байгуулагчдын хариуцлагын асуудал, салбар холбоодын харилцааны асуудал, уяачдын сахилга, ёс зүйн олон асуудлыг цэгцэлнэ. Зорилго зорилт тодорхой, хүрэх газар ч тодорхой. Гол нь ямар арга замаар явж, үр дүнд хүрэхийн тулд ямар, ямар ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлэх вэ. Тэр явцад гарсан алдаа завхарлыг яаж засаж залруулж явах ёстой вэ гэдэг их чухал. Өнөөдрийн туршлагаас харахад гарсан алдааг дор нь засаж залруулж явах ёстойг маш сайн ойлгосон. Мэдээж алдаа гаргахгүй хүн, алдаа гаргахгүй байгууллага гэж байхгүй. Гол нь гарсан алдаагаа дор нь засаж сайжруулах ёстой. Үүний тулд уяачдынхаа санал бодлыг илүүтэй сонсох хэрэгтэй юм байна.
-Тэгвэл жишээ нь, эхний 10 жилд ямар, ямар ажлыг амжуулсан байх бол?
-Ирэх 10 жилд Монгол Улс морьдоо бүртгэж паспорт олгосон байх, орчин үеийн морин тойруулгатай болох, үндэсний уламжлалт уралдааныхаа төрөл, хэлбэрийг улам баяжуулж шинэ уралдаантай болох, үндэсний хурдан морины уралдаанаа уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, үзэгчдийн таашаалд нийцүүлж зохион байгуулах, Дэлхийн монгол адууны холбоо байгуулж, олон улсын хэмжээнд монгол морьдын уралдаан зохион байгуулах, хурдан морины уралдаанч хүүхдийг сургалтанд хамруулж, үндэсний спортын тамирчин болохынх нь хувьд үнэмлэх, сертификат олгох, уралдааны ангиллыг ягштал баримталж уралдах, уралдаануудыг улам сонирхолтой, шударга зохион байгуулах, уяачид, салбар холбоодын хамтын ажиллагааг өндөрт тавих эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.
-Монгол Улсын хэмжээнд хичнээн уяач байна вэ?
-Монгол улсын хэмжээнд 100 гаруй мянган уяач бий.
-Таны хувьд хувь, хувьсгалын ажлыг аль алийг нь хийлээ. Аль нь амаргүй байх юм?
-Төрийн ажил бол хариуцлагатай. Тэр тусмаа ХХААХҮЯ-ны ажил гэдэг бол бүүр илүү хариуцлагатай ажил. Мэдээж ММСУХ-ны ажил амаргүй. Ерөнхий нарийн бичгийн хувьд олон ааш аягтай хүний эв зүйг олохоос эхлээд чадвар шаардсан ажилтай олонтаа нүүр тулна. Мөнгөтэй, чадалтай, эрх мэдэлтэй олон хүний дунд гаргасан шийдвэрээ хамгаалж, эв зүйг нь олж ажиллана гэдэг хүнд л дээ. Гэхдээ манай холбооны хамт олон, удирдлага, тэргүүлэгчид, салбар холбоодын олон сайхан хүмүүсийн хүчээр аливаа ажлыг үр дүнтэй, зөв зохион байгуулж болдог юм аа. Эцэст нь танай сэтгүүлээр дамжуулан энэ олон жил бидэнтэй хамтран ажилласан холбооны удирдлага, тэргүүлэгч гишүүд, аймаг, сумдын салбар холбоод, морины зүтгэлтнүүд, уяачид, уралдаанч хүүхдүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн үндэсний хурдан морины уралдааныг дэмжиж ажилласан бүх хүнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ахин ММСУХ-ны бодлого чиглэл, хөгжлийн талаар ярилцах байх. Ажилд нь амжилт хүсье.
А.Тэлмэн, П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна