Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлжээ

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 09 -нд

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2019 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр өвөл, хаврын хурдан морины уралдааны тухай тогтоол, тушаал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ажиллах чиглэл гарган баталж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ. Тус чиглэлд:
“Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19 дүгээр тогтоолоор өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон.
Түүнчлэн хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, сургууль завсардуулахгүйгээр холбогдох хууль, дүрмийг баримтлан ажиллаж байхыг тухайн шатны Засаг дарга, Хурдан морины салбар хорооны дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт тус тус үүрэг болгосон.
Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/71 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д өөрчлөлт оруулж, өвлийн улиралд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байна.
Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Хүний эрхийн үндэсний комиссоос 2017, 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан удаа дараа зөвлөмж хүргүүлж, хүүхдийн эрхийн асуудлаарх холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийг мөрдөж ажиллахыг зөвлөсөн байна.
Иймд дээрх тогтоол, тушаал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд өвлийн улирал болон мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин тархсан зэрэг тохиолдолд хурдан морины уралдаан, сунгаан зохион байгуулахгүй байх, бусад тохиолдолд хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллана уу гэжээ.


Тус албан бичгийн хувийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлсэн байна.

ММСУХ-ны Ажлын алба

9 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.