“Дэлтэй Цэнхэр”-ийн 2018 оны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 28 -нд

Хоймор нутгийн уяачид 12 дуаар сарын 15-нд Мөрөн хотын ”50.100 EVENT HALL”-д шинэ жилийн баяр, ёслолын цэнгүүнээ хийж, амжилт бүтээлээ дүгнэжээ. 
Уг арга хэмжээнд Хөвсгөл аймгийн 24 сумын төлөөлөл болсон таван уяач, гэргийн хамт,   «Дэлтэй цэнхэр» МСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нарийн бичгийн дарга, Манлай уяач Т.Болдбаатар, аймгийн Алдарт уяач Д.Энхтөр, Түнэл сумын харьяат А.Бямбадорж,  Алаг-Эрдэнэ сумын харьяат н.Нямхүү, Чандмань-Өндөр сумын харьяат н.Бямбаахүү нарын ивээн тэтгэгчид нийт 270  гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн иржээ. 


Хөвсгөл аймгийн 2018 оны  Шилдгийн шилдэг салбар холбоогоор н.Мөнхжаргал тэргүүнтэй Тариалан сумын МСУХ, Шилдэг салбар холбоогоор  Н.Маналжав тэргүүнтэй Мөрөн сумын МСУХ, Шилдэг зохион байгуулалттай холбоогоор Д.Пүрэвдорж тэргүүнтэй Галт сумын МСУХ, Ц.Амартүвшин тэргүүнтэй Рашаант сумын МСУХ, Г.Чулуунбаатар тэргүүнтэй Чандмань-Өндөр сумын МСУХ тус тус шалгарч өргөмжлөл шагналаа гардан авлаа. 


Харин 2018 оны Шилдэг уралдаанч хүүхдээр Монгол Улсын Алдарт уяач Ч.Цэрэнбатын уралдаанч Өлзийбат, Тод манлай уяач Г.Доржпүрэвийн уралдаанч Мягмардорж, Тариалан сумын уяач Д.Найдандоржийн уралдаанч Өсөхбаяр, Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Ганболдын уралдаанч Б.Дөлгөөн нар тус тус тодорсон юм. 
Мөн улс, бүсийн уралдаануудад уясан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан 10 уяач, зургаан насны шилдэг морьдыг шалгаруулж батламж хадгалуулсан.

 
Түүнчлэн уламжлал ёсоор азтануудаа шалгаруулсан бөгөөд Тариалан сумын уяач Пэлжээгийн Батбаярын \Улсад хээр даага айрагдуулсан\ гэргий Супер азтанаар тодорч УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн унаган адууны эзэн боллоо. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж буй уяачид, тэдний ар тал болсон гэргий нарт ая дууны мэнд хүргэхээр  МУГЖ, уртын дуучин Б.Мөнхбаатар, морины дуучин Л.Нарантуяа болон «Түмэн эх» чуулгын уран бүтээлчид хүрэлцсэн ирсэн байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй биз ээ. 
Эцэст нь амжилт бахархлаар дүүрэн баярын арга хэмжээнд оролцсон нийт уяачдад холбооны удирдлагуудын зүгээс амжилт хүсч, ирэх 2019 онд болох «Хотгойдын хурд-IV» уралдаанаасаа олон айраг, түрүү хүртэхийн ерөөл өргөн «Тод магнай» сэтгүүлийн зүгээс эрхлэн гаргасан «Уяачийн өврийн ном» болон бусад гарын бэлэг гардуулж дурсгалын зураг татуулсан юм.

Шилдэг хүлгүүд
Азарга: Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэвийн хүрэн \Улсад айрагдсан\
Их нас: Аймгийн Алдарт уяач Гончигбатын Батболдын буурал /«Дүнжингарав-2018»-д айрагдсан/
Соёолон: А.Билигүүдэйн хонгор халзан/Улсад түрүүлсэн/ 
Хязаалан: Мөрөн сумын уугуул н.Тулгын хээр /Булган аймагт болсон бүсийн уралдаанд түрүү/
Шүдлэн: Монгол Улсын Алдарт уяач Ч.Цэрэнбатын хүрэн /Эрдэнэтийн бүсэд айрагдсан/
Даага: Тариалан сумын харьяат н.Батбаярын хээр /Улсад айрагдсан/

2018 оны улс, бүсийн наадамд одтой наадсан Хөвсгөл аймгийн уяачид
1. Тариалан сумын уугуул, Тод манлай уяач Г.Доржпүрэв хүү Д.Ганхуягийн хамт Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүрэн азаргаа айргийн тавд, хээр соёолонгоо айргийн дөрөвт,
2. Рашаант сумын уугуул Амарсайханы Билигүүдэй Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хонгор халзан соёолон түрүү магнайд, 
3. Тариалан сумын уугуул Д.Батбаяр Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хээр даагаа айргийн дөрөвт,
4. Монгол Улсын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат төрийн наадмын эрлийз дээд ангилалд хул азаргаа айрагдуулан, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүүлгэсэн. Мөн хангайн бүсэд  хүрэн шүдлэн айргийн гуравт, 
5. Цэцэрлэг сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Гончигбатын Батболдын Сор бор говийн бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд түрүүлж, Сүлд хул айрагдсан. «Дүнжингарав-2018» хаврын бүсийн уралдаанд буурал морио айргийн тавд хурдлуулсан. 
6. Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан үрээ улсын наадам болон төвийн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд айрагдсан. Мөн хул алаг даага хангайн бүсэд айрагдсан.
7. Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Очирын Баатар төвийн бүсийн уралдаанд бор халзан даага айргийн дөрөвт,
8. Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дашийн Найдандоржийн хул даага төвийн бүсийн уралдаанд аман хүзүүнд, 
9. Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хонгор халзан даага хангайн бүсийн уралдаанд айргийн гуравт,
10. Хөвсгөл аймгийн харьяат, Тулга Булган аймагт болсон хангайн  бүсийн уралдаанд хязаалан түрүүлгэсэн байна.

Онцлох үйл явдлууд
• 2017 оны уяачдын шинэ жилийн цэнгүүнийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Баатар Ван” амралтын газарт зохион байгуулж, нийт 170 гаруй уяач, хурдан морины зүтгэлтнүүд оролцов.
• ММСУХ-ны уламжилсаны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тариалан сумын харьяат Гордоогийн Доржпүрэв Тод Манлай, Шинэ-Идэр сумын уугуул Чулуунбатын Цэрэнбат, Тариалан сумын уугуул Дондовын Бадрах нар Монгол Улсын Алдарт уяач цолоор  шагнуулав.
• Цол хүртсэн уяачдыг Холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нар хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.
• Тод манлай уяач Г.Доржпүрэв, Монгол Улсын Алдарт уяач Д.Бадрах нар төрөлх Тариалан сумандаа цолны мялаалга наадмаа зохион байгуулахад холбооны удирдлагууд оролцож, Г.Доржпүрэв Тод манлайд мөнгөн эмээл хазаартай хурдан удмын мориор бэлэг барьж хүндэтгэл үзүүлэв. 
• Хөвсгөл аймгийн уяачид улс, бүсийн наадмаас  дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн амжилт гаргалаа.
• “Тод магнай“ сэтгүүлтэй хамтран аймгийн уяачид, хурдан хүлгэдийн намтар түүх бүхий ном бүтээх ажлыг зохион байгуулж, 2018 оны зургадугаар сарын 15 наас долдугаар сарын 10 хүртэл хугацаанд нийт 24 сумын 750 гаруй уяачтай уулзаж ярилцав.
• Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоол гаргуулан аймгийн бүсийн уралдаануудыг Хөвсгөл аймгийн Мөрөн, Рашаант, Шинэ-Идэр, Чандмань-Өндөр сумдын МСУХ-д өргөн дэлгэр, дэг журамтай зохион байгууллаа. 
• “Монгол уяач-3000“ зөвлөгөөнийг аймагтаа зохион байгуулж, сум бүрээс таван уяач төлөөлөн нийт 120 гаруй уяач холбогдох асуудлаар санал хүсэлтээ гарган ММСУХ-ны ажлын албанд хүргүүлэв. Тус зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн Засаг дарга л.Ганболд, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Тэргүүлэгч Яндагийн Болдбаатар нар оролцож уяачидтай санал бодлоо солилцсон.
• 2018 оны босгон дээр аймгийн Алдарт уяач цолны болзлыг шинээр биелүүлсэн болон орон нутгийн ахмад уяачдын материалыг хүлээн авч, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлснээр 16 уяач орон нутгийн дээд цолтон болов.

Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна