Залуу уяач С.Батсүх: Аавын хув хээр морь аймаг, бүсэд 14 орсны 10 нь түрүү

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 25 -нд

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод II багийн харьяат, залуу уяач Санжаагийн Батсүх 1986 тоны 12 дуаар сард Мөрөн сумын хүн эмнэлгт төржээ. 2017 оны багийн Шилдэг уяач түүнтэй уулзаж, Монгол Улсын Алдарт уяач аавынх нь тухай ярилцсанаа хүргэж байна.

-Хулгар хээр мориороо орон нутагтаа алдаршсан Монгол Улсын Алдарт уяач Санжаа таны аав. Аавынхаа тухай ярьж өгөөч.
-Аавынхаа талаар нарийн сайн ярьж мэдэхгүй ээ. Миний дээд ах, сумын Алдарт уяач Батдүүрэн л сайн ярих байх. Бид аав ээжээс зургуулаа, би хамгийн бага нь байгаа юм.  Ямартай ч голдуу Завхан талдаа наадаж олон айраг, түрүү авсан. Нэгдлийн адуу хариулж байхдаа цагаан морь уяж, аймгийнхаа баярт удаалсан юм гэсэн. Хув хээр морио уяж аймаг, бүсийн наадмуудад 13-14 оруулснаас 10 нь түрүү байдаг юм.   
-Хув хээр морь аавд тань яаж ирсэн түүхтэй вэ?  
-1990-ээд онд нэгдэл тарж хувьчлалаар эхийнхээ гэдсэнд унага ирсэн юм гэнэ билээ. Чухам ямар азарга, гүүний төл байсан юм мэдэхгүй. 1991 оноос уягдаад даагандаа суманд наймаар давхиж, шүдлэндээ сумандаа түрүүлсэн гэсэн. Хязаалан, соёолон мөн түрүүлээд, Завхан аймгийн Баянтэсэд бас түрүүлсэн. Тэгээд нас гүйцээд Завханы Баянтэсийн 70 жил, Түдэвтэй сумын 70 жилийн ойд бүгдэд нь түрүүлсэн гэдэг юм.  
-Аавынхаа уясан морьдоос унаж байв уу?
-Би ер нь нэг их унаагүй. Сүүлд авсан саарал морийг нь л хэсэг унасан. Саарал морийг Баянтэсийн Доржжүгдэр гэдэг хүнээс худалдаж авсан. Найман жил уягдахдаа сумын хаврын уралдаанд хоёр түрүүлэн, гурав айрагдаж, бага наадмуудад нэлээн хэд түрүүлж, айрагдсан. 2005 онд сумын баяр наадамдаа айргийн тавд хурдалж, 2008 онд зодог тайлсан. 


-Хэдийнээс улсад эрэмбэтэй аавынхаа халааг авч морь уях болов?  
-2007 оноос морь уясан. Аавынхаа саарал морийг хоёр жил уяад зодгийг нь тайлсан. Хоёр жил уяхдаа нэг удаа сумын хаврын уралдаанд тавлуулаад, овоо тахилга мэтийн бага наадмаас гурав, дөрвөн айраг, түрүү авсан. Сумынхаа баяр наадамд тавьж 15-аар давхиулаад тавьсан даа.  
-Саарлаас хойш ямар морь уясан бэ?
-Манай хүргэн ах Батдорж намайг 2007 оны намар цэргээс халагдаж ирэхэд унага өгсөн. Тэрийг уяж дааганд нь сумын баярт зургаалуулаад, хойтон жил нь наймаар давхиулсан. Хязаалан нутгийнхаа овооны тахилгад гуравлаж, дараа жил нь соёолон их насанд тавьж дөрөвлөсөн. Түүнээс хойш уялгүй хэсэг байгаад гурван жилийн өмнө 2015 оноос уяаг нь тааруулж, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очиж гуравлаад, Баярхайрханд овооны баярт удаалж, Могойн үзүүр уяачдын баяр буюу сумын зэрэглэлтэй наадамд тавлаад, уяачдынхаа баярт дөрөвлөсөн. 
2016 онд Хөвсгөл аймгийн баруун бүсэд очиж 10-аар давхисан. Ноднин сумын эмнэлгийн 90 жилийн ойд удаалсан.
-Өөр ямар морьд уяж хурдлуулсан бэ?
-Энэ жилээс даага нэмж уяж байгаа. Жаврын доод даваанд саяхан очиж даага, их нас түрүүлгэсэн. Дээд овоонд их нас удаалуулж, даага таваар давхиулсан. Түүний урд Нядангийн овоо гэдэгт аваачиж тавиад их нас дөрвөөр оруулж, Цог өндөрийн овоо тахилгад их нас, даага хоёроо мөн дөрвөөр давхиулсан. 
-Аав тань та нарт хэр сайн адуу үлдээж чадсан бэ?  
-Аавын нэгдлээс авсан хар гүүний төлийн төлөөс гарсан хар гүү байдаг. Түүнээс гарсан хүрэн гүү, хүрэн гүүнээс гарсан хүрэн цавьдар азарга бий. Уг нь хурдан азарга байгаа юм. Хөөрөөд байдаг болохоор хүүхдүүд айгаад мордож чаддаггүй. Тэгээд азарга тавьсан байсан чинь аянганд ниргүүлчихсэн. Цавьдар азарганы төл ах дүү гурван хүрэн цавьдар морь бий. Үүнээс миний цавьдар морины дүү гүүнээс гарсан даагаа бас уяж байна. Энэ жил үрээнээсээ уяя гээд хүчрээгүй, хойтон жилээс нэмж уяна даа.
-Аавынхаа шийрийг хатаасан сайн уяач болж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай. Ярилцсанд баярлалаа.
 Д.Энхтуяа

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.