ТӨВ АЙМГИЙН УЯАЧИД ЗӨВЛӨЛДӨВ

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 25 -нд

Өнгөрсөн зургадугаар сард удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийсэн Төв аймгийн МСУХ шат дараалсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Долдугаар сард “Төв түмний цэнгэл -2018” аймгийн шигшмэл хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулсан бол өнгөрсөн сард уяачдынхаа зөвлөгөөнөө хийжээ. 


Энэхүү зөвлөгөөнд 27 сумын төлөөлөл 100-гаад уяач, морины зүтгэлтнүүд оролцсон бөгөөд цаг үеийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх хийгээд хэтийн төлөв бодлого зорилтоо тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, монгол ахуй соёлын өв болсон хурдан морины уралдааны уламжлалыг үл эвдэн цаг үеийн шаардлагад хэрхэн нийцүүлэн хөгжүүлэх талаар хурлын төлөөлөгчид дор бүрнээ өөрийн санаа бодлыг хуваалцан, түүнийгээ цаашид мөрдөх журам, уриалгатаа тусгажээ. Үүнээс гадна “Төв-2018” зөвлөгөөний үеэр сумдын уяачдын холбоог аймгийн Морин спорт уяачдын холбооны салбар холбоогоор бүртгэн батламжилсан бөгөөд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, уяачдад гишүүний үнэмлэх гардуулсан байна. 


Мөн энэ үеэр нэр бүхий гурван уяач Монголын Морин спорт уяачдын холбооны “Уяачийн алдар” одонгоор энгэрээ мялаасныг тэмдэглэх нь зүйтэй биз ээ. Ардын хувьсгал ялснаас хойшхи монгол төрийн наадамд хамгийн олон морь түрүүлгэж, айрагдуулсан  3000 гаруй уяач Төв аймгийн хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг. Мөн сүүлийн жилүүдэд залуучууд морь уях ихээхэн дур сонирхолтой болж буй гэнэ. Дашрамд сонирхуулахад, тус аймгаас Д.Даваахүү, Д.Онон, Г.Сундуйжав, Ц.Хэнмэдэх, С.Ганхуяг, Д.Мөнхбат, Ц.Батсайхан нарын дээд цолтнууд төрөн гарсан. Мөн Манлай уяач цолтон 17, Улсын Алдарт уяач цолтон 31, аймгийн Алдарт уяач 190 гаруй төржээ. 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна