Сумын Алдарт уяач А.БАТЖАРГАЛ: МАЛЧИД БИД ТЭР БҮР МОРИО ДАГНАН УЯЖ ЧАДАХГҮЙ Л БАЙНА

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 23 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Улаан ухаа II багийн харьяат, сумын Алдарт уяач Аюушийн Батжаргалыг уншигчидтайгаа уулзуулж байна. Тэрээр 1981 оны өвөл сумынхаа хүн эмнэлэгт төржээ.

-Уулзсан бүх уяач маань удам дамжсан хүмүүс байна. Таны хувьд...? 
Би ч бас удам дамжсан уяач. Манайхан Дөчиддамба гэдэг хүний удмынхан. Аавын маань ээжийн төрсөн ах хурдан цагаан адуутай лам хүн байсан гэдэг юм. Тэр хүний морьд даншигт эс юмаа гэхэд орон нутагтаа сайн давхидаг байсан гэж хөгшин ижий минь ярьдаг байсан. Харин миний аавын аав Галсаняринпил гэдэг цэргийн хүн байсан бөгөөд сүүлд Дэлгэрхаан, Баянжаргалан гэж хуваагдахад Дэлгэрхаанд ах нь, өөрөө энд үлдсэн юм гэнэ лээ. Тэр хүн мөн л том наадмуудаас айраг түрүү хүртээгүй ч монгол эр хүний жишгээр морь уяж уралдуулдаг байсан. 
Миний аав Аюушийн хувьд нэгдлийн адуу малладаг, орон нутагтаа морь уяж уралдуулдаг хүн байсан. 
-Хурдан хүлгүүдээс нь танилцуулаач?
Аавын хурдан алаг морь нь Хэрлэнбаян-Улааны 20 жилийн ой гээд улсын чанартай том уралдаанд  түрүүлж  байлаа. Мөн  2004 онд байх  аа, суманд түрүүлсэн. Бас зээрд азарга гайгүй давхидаг байсан шүү. 
-Ингэхэд та эцэг эхээс хэдүүлээ билээ?
Зургуулаа, айлын ганц хүү. 
-Тэгэхээр аавтайгаа хамгийн ойрхон байсан, үйл хэргийг нь залгамжилсан хүн юм байна. Мэдээж багадаа хурдан морь унаж байсан биз. Хэдэн жил унасан бэ. Хэний ямар, ямар морьдыг унаж, хэрхэн давхиулж байв?
Алаг морийг хоёр жил унаж байсан. Аавынхаа уядаг даагыг унаж байлаа. Сүүлд 1989 онд юм уу, 1990 онд юм уу, Хэнчбиш гэж манайхны нэг сайн уяач өвгөний алаг даагыг унасан ч суманд айрагдуулж чадаагүй. Харин манай дүү унаад нэг айрагдуулсан. Тэр хар алаг сүүлд нь сайхан морь болсон.
-Уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлсэн бэ?
1995 онд долдугаар ангид байхдаа Дундговийн “дуулга” Цэрэндорж гэдэг хүний алаг даагыг уяад сумандаа зургаагаар давхиулсан. Түүнээс хойш их бага наадмаас айраг хүртээд л яваа. 
2008 онд манай Алдарт уяач Жамсрангийн Галбадрах, аймгийн заан Ням нартай нийлж морь уяад сумандаа их насны морь түрүүлгэсэн. Тэр зээрд маань Даваанэрэн гуайн халзангуудын угшилтай. Хадам өвгөн маань надад өгч байсан юм. Үүнээс өмнө адуучин Цэрэнняд гэдэг өвгөн өсгий цагаан мэнгэтэй хүрэн азарга бэлгэнд өгснөөс олон сайхан төл гарсан. 


-2008 онд анхны түрүүгээ хүртэж гэж ойлголоо зөв үү?
Зөв. 2008 онд сумандаа их морь түрүүлгэж, шүдлэн айрагдуулсан. 2009 онд болохоор сайн наадаагүй ээ. 2010 онд их морь, соёолон аман хүзүүдэж, Хэрлэнбаян-Улаанд соёолон айрагдуулсан. 2011 онд хязаалан сумандаа айрагдуулаад, 2012 онд “Нялгын хурд”-д хонгор морио айрагдуулсан юм байна. Одоогийн байдлаар би сумын баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг аваад байгаа. Сумын Алдарт уяач болохдоо аавынхаа амжилтуудыг оруулж тооцуулсан. 
-Энэ хавиараа нааддаг бололтой?
Багануурын 30 жилийн ойд очиж байсан. Морь маань тавд зарлагдаж байгаад 11-д орсон. Хамгийн том наадам маань тэр юм. Аймагт нэг очсон ч олигтой давхиагүй ээ. 
Өчигдөр бид хоёрдугаар багт ажиллалаа. Мал ихтэй, их ч өсдөг учраас гарч уралдах боломжгүй гэнэ. Танай энэ хавиар хэр вэ?
Ялгаагүй дээ. Бидний хувьд хаврын тарчиг цагт нэг сар овъёос, хивэг өгөөд л больчихно. Өөрсдөө малтай болохоор яг морио хөөгөөд явах боломжгүй. 
-Өөрийн хүүхдүүдээрээ морь унуулдаг уу?
Том хоёр нь унасан. Бага охин маань унаагүй. Байнга морь уядаг хүмүүс хүүхдээ эрт олчихдог юм. Харин над мэт нь хавар мал төллөсний дараа л морь уяна. Цаг нь тулчихаар хүүхэд олдохгүй бас хэцүү. 
-Ярилцлагаа таны хамгийн баяр бахдалтай наадмын дурсамжаар өндөрлөе?
2010 онд сумынхаа баяр наадамд их морь, соёолон хоёроо аман хүзүүдүүлэхэд маш сайхан байсан. Би азарга, их морь, соёолон, даага уяж очсон юм. Өөрөө толгойлж зөв уясан адуу их аятайхан байдаг. 
-Ийм бахдалт наадам олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.


"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна