АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.БАДАМДОРЖ: “ХОНГОРЫН ШИГШМЭЛ ХУРД”-Д ШАРГА ҮРЭЭГЭЭ АЙРАГДУУЛАХАД Л ХАМГИЙН САЙХАН БАЙСАН

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 21 -нд

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Хөвийн ам IV багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цанжидын Бадамдоржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 2014 оны сумын Шилдэг уяачаар шалгарч, богино хугацаанд хоёр үрээнийхээ амжилтаар 2015 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн тэрээр 1978 оны өвөл төржээ. 

-Хурдан шарга үрээтэй гэж дуулсан. Нутгийн адуу юу? 
-Биш ээ, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Хадбаатар гэдэг хүний адуу. Би 2013 онд даага авч Заг сумын наадамд таваар давхиулснаас хойш 29 уралдаж 26 медаль аваад байгаа. 
-Хаана уралдаж ямар амжилт үзүүлсэн билээ. Жаахан дэлгэрүүлээч?
-Даагандаа дөрөв уралдсан. Загт уралдчихаад Архангайн Цахирт болсон тахилга наадамд түрүүлж, сумын наадамд аман хүзүүдсэн. Дараа жил нь шүдлэн үрээ сумынхаа наадамд түрүүлээд, Ламын Гэгээний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд 22-оор давхиж, “Хонгорын шигшмэл хурд”-д гурвалсан. Өнгөрсөн жил сумандаа болсон хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн. Тулгамдаад бүгдийг нь санахгүй байнаа. Ямар ч байсан Говь-Алтай, Архангай, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад очиж уралдсан. 
-Алдартын нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хүрэн шүдлэн бий. Өнгөрсөн жил дааганд нь нутгийн хөгшнөөс авч, Архангай аймгийн Хангай суманд болсон бүсийн уралдаанд дөрвөөр давхиулаад, Завхан аймгийн Отгон суманд болсон бүсийн уралдаанд бас дөрөвлүүлсэн. Өнөө жилийн хувьд бие жаахан чилээрхүү байгаа болохоор уяагүй л байна.
-Ингэхэд хэдий үеэс эхлээд морь уяж байгаа билээ?
-2011 оноос. Гэхдээ 2013 онд шарга үрээгээ аваад л айрагдуулж эхэлсэн. Богино хугацаанд хоёр үрээнийхээ амжилтаар аймгийн Алдарт уяач болсон хүн дээ.
-Тийм байна. Болзол нь биелээд авсан байлгүй дээ. Ярилцлагаа хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-“Хонгорын шигшмэл хурд”-д шарга үрээгээ айрагдуулах л хамгийн сайхан байсан даа. Гэхдээ хүүхэд шуухад уналгүй, морины хөл бүтэн наадам болгон сайхан шүү дээ.
- Монгол наадмын мөн чанар шүү дээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна