УЯАЧ М.МӨНХ-ЭРДЭНЭ: АЙРАГ АЛДДАГГҮЙ ШАГГҮЙ УНААЧ БАЙСАН

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 20 -нд

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач Монхорын Мөнх-Эрдэнэ 1982 оны өвөл сумын төвд төржээ. 2015 оны сумын Шилдэг уяач түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сумаасаа анх удаа Улсын наадмыг зорьсон юм байна. Тэр талаараа яриач?
-Хүүгийнхээ хамт явж, нутгийн ах МУ-ын Алдарт уяач Дамбын Баяраагийн морийг уяж байсан юм. 2015 оны хавар “морь уялцаад өгөөч” гэхээр нь хүүтэйгээ цуг очсон. Тэгээд би морийг нь уялцаж, хүү маань унаад улсын баяр наадам болон  Өвөрхангай аймагт болсон бүсийн уралдаанд оролцсон доо. 
-Уяа эвтэй, морьд хурдан байв уу?
-Улсын баяр наадамд хонгор азаргыг нь 25-д давхисан. Өнгөрсөн жил улсын хэмжээнд гантай. Тэр дундаа хот орчим зуншлаг тааруу байлаа. 
-Хэдэн насны хичнээн морь уясан бэ?
-Зургаан насны найм, есөн морь уяж, азарга 25, их морь 30, хязаалан, шүдлэн 20 гаргаж давхиулсан. Зарим морьдоо мордуулаагүй. Улсын наадмын дараа Өвөрхангай аймагт болсон Өндөр Гэгээний 380 жилийн ойд очиж уралдаад хонгор азаргаа 25-аар, соёолонгоо 30, их морио арав гаргаж давхиулсан. Хараахан айраг, түрүү авч чадаагүй.
-Шинэ цагийн уяанд суралцахаар явжээ дээ?
-Тэгсэн. Анх удаа туршлага судлах маягаар явлаа. Уяа сойлгын арга барил үнэхээр өөр юм байна. Тэр хавийн адуу байнгын бэлтгэлтэй байдаг юм. Дээр нь тэжээл арчилгааг маш сайн хийж байна. Манай нутагт бол сүүлийн 2-3 жил л тэжээж байна шүү дээ. 
-Ингэхэд хэдий үеэс морь уяж байгаа юм бэ? 
-Зургаан настайгаасаа эхлээд найман жил хурдан морь унасан. Ер нь айраг алддаггүй шаггүй унаач байсан шүү. Аавынхаа уясан морьдыг унахын зэрэгцээ нутгийн уяачдын морийг бас унана. Та бүхэн дуулсан байх. Манай нутгийн олон саарлуудын тухай. Түүний нэг Түмэндэмбэрэлийн саарал морь бол манай аавын адуу. Аав маань хэдэн жил уяж байгаад зарсан юм билээ. Би андуураагүй бол хамгийн үнэд хүрсэн нь гэдэг байх шүү. 
-Уяачийн жаргал зовлонг эдэлснээс хойш ямар амжилт үзүүлээд байгаа вэ? 
-Би бие дааж уяад гурван жил л болж байна. Бусдын жишгийг дагаад Сүхбаатар, Дорнод зэрэг зүүн аймгуудаас азарга авч, нутгийн гүү хураалгаж байна. Одоогоор сумын наадамд шүдлэн үрээ дөрвөөр давхиулж, хязаалан аман хүзүүдүүлсэн. Жижиг наадмаас бол нэлээд хэдэн айраг, түрүү авсаан. 
-Улсын наадам хэр санагдсан бэ? 
-Улсын баяр наадам үнэхээр сайхан болдог ажээ. Нэг гэм нь эрлийз адуу их уралдаж байна. Зарим нэгийг нь ялгаж таньдаг ч үгүй бололтой юм. Өвөрхангайд манай нэг монгол үрээг эрлийз гээд хасчихсан. Эрлийз монголоо ялгахаас бусдаар төрийн наадам сайхан болдог юм билээ. 
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа. 
-Та бүхний ажилд амжилт хүсье. Манай нутгаар ирсэнд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016  он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна