Уралдаанч Б.Отгонжаргал: НАРТАЙД УРАЛДАХАД ХАЛУУЦААД АМАРГҮЙ БАЙДАГ

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 15 -нд

-Айргийн тавд даагаа хурдлуулсан золбоолог дүүтэйгээ танилцъя.    
-11 настай Батсүрэнгийн Отгонжаргал байна. Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг. 
-Хэдийнээс хурдан морь унаж байгаа вэ?   
-2012 оноос эхлээд хурдан морь унаж байна. Морь унаж уралдах болсон цагаасаа эхлээд зун бүр төрийнхөө наадамд ирж оролцдог. Тэгээд 2015 онд монгол даага аман хүзүүдүүлсэн. 
-Энэ удаа баяр наадамд хичнээн морь унасан бэ?
-Энэ жил зургаан насны морь унаж, шүдлэн аравлаад, азарга 20 гаргаж ороод, соёолон 10 гаргаж ирсэн. Өнөөдөр эрлийз даага унаад айргийн тавд хурдлууллаа. 
-Зургаан насны морь унаад ядарч байна уу?  
-Ядраагүй ээ. Морин дээрээ мордоод давхихад ядрах зүйл байхгүй л дээ. Салхитай сэрүүхэнд уралдах сайхан байдаг юм аа. Иймэрхүү нартай бол халууцаад амаргүй шүү. 
-Хэн, хэний морийг унасан бэ?
-Батбаяр ахынхаа л морийг унасан.
-Эрлийз адуу унах монгол адуу унахтай адилхан уу,  эсвэл ялгаатай юу? 
-Эрлийз адуу, монгол адуу хоёрыг унахад ялгаа их байгаа. Эрлийз адуу бие томоос гадна явдал нь их өөр. Ер нь эрлийзүүд их хурдтай л даа.  
-Дүүдээ сурлагын өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна