Уралдаанч Д.Мөнхтэмүүжин: АЙРАГДАХ ҮГҮЙ НЬ ШИЙДЭГДДЭГ ТАВ, ЗУРГААГААР УРАЛДАХ НЬ СЭТГЭЛ ДОГДЛУУЛДАГ

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 07 -нд

Үндэсний их баяр наадамд эрлийз дунд насанд зээрд үрээгээ айргийн тав, эрлийз хонгор даагаа түрүү магнайд хурдлуулсан Төв аймгийн Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч, “Хүй мандал”  гал уяаны уралдаанч 13 настай Д.Мөнхтэмүүжинтэй уулзан ярилцлаа. Тэрээр өнгөрөгч оны төгсгөлд АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмаас нэг түрүү, нэг айраг, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас дөрвөн  түрүү, хоёр айраг хүртсэн амжилтаар ММСУХ-аас шалгаруулдаг чансаа өндөр есөн уралдаанч хүүхдийн хоёрт эрэмбэлэгдсэн билээ.  

-Баяр хүргэе. АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, нэг айраг хүртлээ. Баярын сэтгэгдлээ манай уншигчтай хуваалцахгүй юу? 
-Баярлалаа. Өнөөдөр хоёр морь оруулчихлаа. Сая хонгор даагаа түрүү магнайд хурдлуулж, өмнөхөн нь зээрд үрээгээ айргийн тавд давхиулсан. Нэг өдөр айраг, түрүү хоёр авсан гэхээр гоё байна. Одоо морьдоо цоллуулах гэж байна. 
-Өмнө нь улсын наадамд унасан морио айраг, түрүүгээр давхиулж байв уу?
-Төрийн наадамд таван жил уралдаж, таван айраг түрүү хүртсэн амжилттай байна. Анх 2015 онд хязаалан түрүүлгэсэн. 2016 онд хязаалан айргийн дөрвөөр оруулж,  2017 онд эрлийз даага түрүүлгэж, хязаалан айргийн тавд хурдлуулсан. Энэ жилийн баяр наадамд бүх насанд  морь уналаа.
-Хүйн долоон худгийн энэ дэнжид олон уралдсан болохоор энэ зам хаана өгсөж, уруудахыг мэддэг “хашир” уралдаанч байх нь ээ?  
-Тийм ээ. Бусад хүүхдүүдээс арай туршлагатай байгаа байх аа. Тийм болохоор морьдоо айраг, түрүүнд давхиуллаа. Энэ хоёр маань ч сунгаануудаар өнгөнд давхиад байсан  учраас айрагдана гэсэн найдлагатай байсан. 
-Уяачийнхаа заавар зөвлөгөөг сайн дагана биз?
-Сайн барьж яваарай гэснээс өөр надад нэг их юм захиж хэлдэггүй юм. Олон жил уралдаж байгаа болохоор тэгдэг биз. Би өөрөө мэдээд л уралддаг. Эрлийз дунд насны уралдаанд яг зургаад орох гэж байсан. Өнгөнд явсан үрээ хадуураад, тэгээд айргийн тавд орчихлоо. Ер нь айрагдах уу үгүй юу гэдэг шийдэгддэг учраас тав зургаад уралдах л сэтгэл догдлуулна шүү дээ. Тэгээд бариа давсан хойно сэтгэл амардаг юм.   
-Хамгийн тод сэтгэлд үлдсэн наадам?
-Өмнөх жилийн улсын наадам болон бүсийн уралдаанаас би гурван түрүү, гурван айраг хүртэн  Монгол Улсын шилдэг уралдаанчийн хоёрт орсон. Шилдэг унаачаар хоёр жил шалгарч байгаа. Миний хувьд айрагдаж түрүүлэх гоё ч тэрнээс илүү монгол түмнээ баясгаж уралдах нь сайхан байдаг даа. 
-Чамайг уралдаанч болоход хэн хамгийн их нөлөөлсөн бэ?  
-Манай аав Төв аймгийн Зуунмод сумандаа морио уядаг Сумын Алдарт уяач Далай гэж хүн бий. Гэхдээ надад морь унахыг заасан хүн бол манай уяач байгаа юм. 
-Аавынхаа уяа сойлгыг нь тааруулсан морийг унаж уралдана биз дээ?
-Манай дүү өөрийнхөө морийг унадаг. Манай дүү Анужин бас унасан морьдоо айраг түрүүнд оруулдаг сайн уралдаанч шүү. 
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.