Аймгийн Алдарт уяач Л.Ганболд: Энэ жил улс, бүсээс гурван айраг хүртлээ

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 07 -нд

-Төрийн наадмын эрлийз дунд насны ангиллын уралдаанаас хишиг хүртсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. 
-Баярлалаа. Төрийнхөө наадмын хишиг хүртэж айраг авсандаа баяртай байна. Улсын наадамдаа анх торгон жолоогоо өргүүлж айраг хүртэх нь олон түмнээ баярлуулсан бахдалтай сайхан мөч байлаа. Тэр тусмаа улсын наадамдаа анх удаа зорьж ирээд шууд айраг авах үнэхээр сайхан байдаг юм байна. Миний морины уяаг тааруулсан Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батбаяртаа болоод унасан хүүхдэдээ талархлаа илэрхийлье. Батбаяр бид хоёр 10 гаруй жил нэг галд хамт морь уяж байна. Бас дэмжиж тусалсан нутгийн зон олондоо баярлалаа. 
-Улсын баяр наадамд хэдэн насанд хичнээн хурдан хүлгээ хөтөлж ирсэн бэ? 
-Нутагтаа уяа сойлгоо тааруулж, аймгийнхаа баяр наадмыг хийгээд улсдаа очиж уралдсан. Улсын баяр наадамдаа азарга, хязаалан, эрлийз дунд, их нас гэсэн дөрвөн насны морьтой очсон.  Азарга маань 22, их нас 66, хязаалан 132-оор зам цагаан сайхан давхилаа. 
-Хүрэн халзан үрээ давхар уяагаар уралдсан уу?
-Хүрэн халзан үрээ маань давхар уяагаар Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд очиж, эрлийз дунд ангилалд айргийн гурваар хурдалж, алаг даага айргийн таваар давхиж сайхан амжилт гаргалаа. Үрээгээ энэ жил мордуулах уу, болих уу гэж байгаад мордуулсан. Ахмадууд “Шүдлэн үрээ арай дутах байх” гэж хаширлаж байсан ч хурдан хүлгийн хийморь ивээж морь маань хурдан, хүүхэд маань цовоо сэргэлэн, уяачийн маань уяа сойлго мэргэн байлаа. 
-Аймагтаа хэр одтой наадсан бэ?
-Аймгийн баяр наадамд улсад авчирсан морьдоо мордуулаагүй, өөр морьдоор наадсан. Аймагтаа бас сайхан наадаж таван айраг хүртсэн. 
-Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нутгийн уяачид улс, бүсэд тасралтгүй айраг, түрүү авч өндөр амжилттай нааддаг болсон. Энэ баяр наадамд гэхэд Хөвсгөл нутгаас олон айраг авсан нь орон нутгийн удирдлагын хувьд бэлгэшээлтэй үйл явдал болсон болов уу? 
-Тэгэлгүй яах вэ. Нутгийн уул, ус, өвөг дээдсийн буян заяа түшиж улс, бүсэд одтой сайхан наадаж байгаа, Хөвсгөлийнхөн маань. Ноднин гал тахиа жилд бид улсын наадмын азарганы түрүү, бөхийн түрүүг авсан бол энэ жил улсын наадмаас долоон айраг, түрүү авлаа. Энэ бол их том амжилт гэж аймгийн удирдлагын хувьд, уяачийн хувьд, адуунд дуртай эр хүний хувьд дүгнэж байгаа.  
-10 гаруй жил морь уяж байгаа гэхээр Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудад хурдан морьдынхоо шандсыг шалгаж амжилт гаргасан байх гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд”-д хоёр соёолон, нэг даага айрагдуулж бүсийн уралдаанаас гурван айраг авсан байсан. Энэ жил улсын наадмаас нэг, бүсийн уралдаанаас хоёр айраг авснаар нийтдээ улс, бүсийн зургаан айрагтай болоод байна. 
-Ингэхэд танайханд морь уяж байсан хүн хэр олон бэ?
-Бий бий. Манай аав хүүхэд байхдаа сумандаа хурдан морь унаж олон удаа түрүүлгэж байсан гэдэг. Хөгшин аав минь ч уяач байсан. Ах нар ч гэсэн уяач, адуу малыг сайхан эдэлдэг хүмүүс бий. 

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна