Л.Бат-Оргил: БИТҮҮ ХЯЗААЛАНГААРАА АНХНЫ АЙРГАА АВЛАА

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 02 -нд

-Юуны өмнө төрийн наадмын хишиг хүртсэн танд баяр хүргэе. Эрлийз дунд насны ангилалд зээрд үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Манай зээрд үрээ анх удаа том наадамд уралдаж айрагдлаа. Маш их баяртай байна. 
 Сунгаагаа хаана хийсэн бэ? Эрлийз ангилалд уралдах морьдыг сунгахад олон морь цугладаг уу? 
-Сүүлийн үед сунгаа хийх хэмжээний цугладаг болсон. Хэдэн жилийн өмнө ганцааранг нь, эсвэл их насны морьдтойгоо сунгадаг  байсан бол сүүлийн нэг, хоёр жилээс олуулаа цуглаад сунгаа хийдэг болсон байна. Гэхдээ энэ ангилалд түрүүлж, айрагдсан үрээнүүдтэй сунгаж чадаагүй. 
-Үрээгээ айрагдана гэсэн тооцоо байв уу?
-Ер нь их хурдан байсан болохоор айрагдчих болов уу гэж найдаж л байлаа. Шүдлэн байхад нь эрлийз дунд ангилалд хязаалантай уралдахаар арай балчирдах байх гэж бодоод өнжөөсөн. Энэ жилийн тухайд илүү хурдан, илүү дээгүүр давхих магадлалтай, найдвар тээж байсан.  
-Дааганд нь сургасан байх гэж бодож байна. Бага уралдаануудад мордуулсан уу?
-Ерөөсөө жижиг уралдаанд ч тавигдаж байгаагүй битүү хязаалан байгаа юм.  
-Улсын баяр наадмын аман хүзүү үрээнийхээ удам угшлыг танилцуулахгүй юу?
-Манай өөрийн унаган адуу. Гэхдээ удам угшлыг нь нарийн тодорхой ярих боломжгүй байна л даа. Учир нь зээрд гүүгээ айлын адуунд тавьсан байсан учраас эцэг нь тодорхойгүй. Харин зээрд гүү бол манай унаган адуу байгаа юм. 
-Улсын баяр наадмын дараа бүсэд уралдсан уу?
-Уралдаагүй. 
-Таны аав Лувсанбалдан Монгол Улсын Тод манлай уяач цолтой хүн. Тод манлай аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх болсон нь хэдийнээс вэ?  
-Ер нь бараг төрөхөөсөө эхлүүлээд аавтайгаа хамт явж байна. Бас чиг нэг жил хурдан морь унаснаас хамгийн том нь Партизаны наадамд уралдсан юм байна. Тэгээд сүүлийн гурван жил жижиг наадмуудад өөрийнхөө нэр дээр морь мордуулж байгаа ч төдийлөн айраг, түрүүнд давхиулж чадаагүй. Харин энэ жил анхны айргаа авлаа. 
-Улсын наадмаас анхны айргаа хүртсэн нь илүү бахархалтай сайхан хэрэг байна. Анхны айраг нь төрийн наадмын олон олон айргийн түүчээ болох болтугай.
-Ерөөл оршиг ээ.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна