Уралдаанч Б.Дөлгөөнмөрөн: ҮРЭЭГЭЭ АЙРАГДАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙСАН

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 01 -нд

-Улсын баяр наадамд хаанаас ирж уралдаж байгаа вэ?
-Говь-Алтай аймгаас ирсээн. 
-Хэд дэх жилдээ ирж унасан хүлгээ түрүү магнайд хурдлуулаад байна вэ?
-Хоёр дахь жилдээ улсын наадамд хурдан морь унаж байна. Ноднин улсын наадамд эрлийз дээдэд долоод давхиулсан. Энэ жил хоёр насны морь унаж, шүдлэнгээ 41-ээр давхиулж, сая үрээгээ түрүүлгэлээ.  
-Төрийн наадмын анхны амжилт нь түрүү байгаа нь сайхан хэрэг байна. Үрээгээ түрүүлнэ гэж бодсон уу?
-Улсын наадмын анхны айргаа түрүүгээр эхлүүлсэндээ баяртай байна. Үрээндээ зөндөө итгэлтэй байсан. Ямар ч байсан айрагдана, чадвал бүр түрүүлнэ гэж бодож уралдсан. Түрүүлж орж ирчихээд нэг л итгэж өгөхгүй байлаа. 
-Сая түрүүлсэн үрээгээ өмнө нь унаж байсан уу? 
-Дааганд нь бас унаж байсан. Ноднин жил бүсийн уралдаанд зургаалуулсан юм байна. Мянган долларын бооцоот уралдаанд тавд хурдлаад, хэд хэдэн сумын наадамд айрагдуулсан. 
-Улсын наадмаас гадна аль аймаг, суманд уралдаж байсан бэ? 
-Би Говь-Алтай аймагт уралдан эрлийз дээд насны ангилалд түрүүлгэж, эрлийз дунд насанд аман хүзүүнд хурдлуулсан. Булган аймгийн Баяннуур сумын наадамд азаргаа айргийн гурваар давхиулсан. Энэ миний анхны айраг байгаа юм. 2016 онд Алтайд Хөөрхөн зээрд азаргатайгаа түрүүлсэн.
-Танай аймгаас Баяннуур сум хол шүү дээ?   
-Тэнд манай таньдаг ах байдаг юм. 2015 онд манайх тэнд морьдоо авч очиж уралдсан.  
-Унадаг дугуй, компьютер тоглоом, скүүтер гээд хүүхдүүдийн сонирхдог зүйл олон. Харин чи яагаад морь унах дуртай байдаг юм бэ?
-Би ч гэсэн унадаг дугуй, скүүтерээр тоглох дуртай. Гэхдээ бас морь унах дуртай. Ээжийн таньдаг хүн надад морь унахыг зааж өгсөн юм. Гуравдугаар ангидаа энэ айлд ирээд морь унаж сурсан. Нэг жил эмээлтэй унаа морь унаад л гайгүй сурсан. Тэгээд сайн сурсныхаа дараа л уралдааны морь унасан. Морь унах гоё шүү дээ. 
-Дуртай зүйлээрээ улам өндөр амжилт гаргаарай.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна