Уралдаанч Д.Өлзийбат: ХУЛ МОРИО УЛС, БҮСЭД ГУРАВ АЙРАГДУУЛСАН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 31 -нд

-Уралдаанч дүүтэйгээ танилцъя. Хэн гэдэг, хэдэн настай вэ?
-Намайг Дашнямын Өлзийбат гэдэг, 13 настай. Хөвсгөл аймагт амьдардаг. 
-АХ-ын 97 жилийн ойн баяр наадамдаа хэдэн насны морь унасан бэ? 
-Уг нь дөрвөн нас унах байсан ч их наснаас бусад нь хасагдсан. Сүүлийн гурван жил улсын наадамд морь унаж байгаа ч энэ жил л анхны айргаа хүртэж, дээд насанд хул морио айргийн таваар давхиуллаа.  
-Гурван жил хүссэн амжилтаа гаргасан болохоор их баяртай байгаа биз дээ?
-Маш их баяртай байна. Айраг түрүүнд морио давхиулах чинь уралдаанч бидний хамгийн том баяр. Миний морь хурдан байсан учраас би айрагдана гэдэгт нь итгэлтэй байлаа. Уяачийнхаа захиасаар морио сайн барьж яваад, санасандаа хүртэл уралдан айргийн тавд орлоо. Зурхай даваад л морь бариачид цулбуурдуулаад сэтгэл амарсан. Энэ жилийн тухайд уралдааны зам тоос шороо багатай гоё ч наадам болж байна. 
-Морь унаснаас хойш анхны айраг, түрүүгээ хаанаас авсан бэ?
-Хөвсгөл аймгийн наадмаас л авсан. Мартаад зарим юмыг нь сайн санахгүй байна. 
-Тэгвэл мартагддаггүй хамгийн сайхан наадам?
-2018 оны хаврын Дүнжингаравын хурд уралдаан байна. Тэр уралдаанд эрлийз дээд насанд хул морь аман хүзүүдүүлж, шөнө нь соёолон түрүүлгэсэн. 
-Сая улсад айрагдуулсан хул морь нь Дүнжингаравт аман хүзүүдсэн юм уу? 
-Тийм. Хөвсгөл аймгийн Чулуунбатын Цэрэнбат ахын хул морь. Энийг хоёр жилийн өмнөөс унаж байна. Бид хоёрын анхны амжилт Сэлэнгийн бүсийн уралдаанд байсан. 
-Улсын чанартай өөр ямар уралдаанд амжилттай уралдсан бэ?  
-Олон газрын улсын чанартай бүсийн уралдаанд уралдсан. 2016 онд Говь-Алтай аймагт болсон бүсийн уралдаанд их морь тав, даага аман хүзүү, эрлийз дунд насны морь түрүүлгэсэн.  2017 оны Сэлэнгэ аймгийн бүсийн уралдаанд эрлийз дээд түрүү, эрлийз дунд түрүү, шүдлэн аман хүзүүдүүлсэн. 
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна