Сумын Алдарт уяач Ч.НЯМДОРЖ: Буурал азарганыхаа төлүүдээр л НААДСААР ИРСЭН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 30 -нд

-Уулзсан эрхмүүдийн дийлэнх нь удам дамжсан байдаг бол таны хувьд удмынхаа түүхэн дэх анхны уяач нь юм байна. Хэн таныг морь уяхад нөлөөлсөн бэ? 
Аав маань нэгдлийн хонь хариулж, тууварт явж байснаас биш морь уядаг байгаагүй. Дээдчүүл нь ч морь уяж байгаагүй юм билээ. Энэ утгаараа би удмынхаа анхны уяач нь болж байгаа юм. Морь уяхад нөлөөлсөн хүн гэвэл Баян сумын уяач Доржваа гуайг нэрлэж болох юм. Би хүүхэд байхдаа энэ хүний морийг унадаг байлаа. 1960-н хэдэн онд Намсрай сайдаас 3000 төгрөгөөр авсан хонгор азаргыг нь улсын баяр наадамд унаж, зургаагаар давхиулж байлаа. Мөн хар ногоон соёолонг нь унаж, Баян сумын наадамд түрүүлгэж байсан. 
-Олон жил хурдан морь унасан уу?
Харьцангуй цөөхөн буюу гурван жил хурдан морь унасан. 
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байв?
Таван хошуу малын үхрээс бусдыг нь л хариулсан даа. Хамгийн сүүлд 2015  онд бил үү дээ, “Алтан ботгоны эзэн”-ээр тодорч, шагнууллаа. 
-Тэгвэл уяачийн замналаа хэзээнээс хэрхэн эхлүүлсэн бэ?
1964 онд цэргийн албанд татагдаад, Улаанбаатар хотод Улаанхуарангийн цэргийн ангид гурван жил алба хаасан юм. Халагдаж ирээд Жамсранжав гэдэг хүнээр морьдоо уяулж байгаад сүүлдээ өөрөө гардан уядаг болсон. 
Хамгийн анх Хэнтий аймгийн Биндэр сумаас гаралтай соёолон буурал азарга авч, Баянжаргалан сумын баяр наадамд хоёр түрүүлгэн, жижиг уралдаануудад найм айрагдуулсан. 
-Хэр төл сайтай азарга байсан бэ?
Төл их сайтай. Нэг буурал соёолонг нь станцад уралдуу-лаад наймаар давхиулж байлаа. Айраг, түрүү авдаг адуу ч цөөнгүй байсан. Ерөнхийдөө би буурал азарганыхаа төлүүдээр л наадсаар өдий хүрсэн хүн дээ. Амьтан хүнд  ч нэлээд зарсан. 
-Хүнд зарсан нь хэрхэн давхиж байна вэ? 
Сайн л давхиж байна гэдэг юм. Налайх дүүргийн харьяат, Монгол Улсын Манлай уяач Д.Гарамжав агсантай сольсон үрээ л лав  их сайн давхиж байгаа дуулддаг байсан. 
-Та нутгаасаа гарч нааддаг уу?
Баяндэлгэр сумын наадамд гурван адуутай очоод, буурал азаргаа тархинд оруулж, соёолон үрээ 10-аадаар давхиулж байлаа. Би ер нь л сумын наадмуудад л оролцдог хүн дээ.
-Нэгэн үе хамтдаа морь уяж байсан уяачдаасаа хэнийг нь илүүтэй хүндэтгэж явдаг вэ?
Намайг ид морь мал уяж байхад нутгийн мундаг хөгшчүүл олон байлаа. Миний хувьд сэтгэлд хамгийн ойр байдаг нь Оохоны Жамсранжав л юм даа. 
-Хүүхдүүдээс тань морь уяж байна уу?
Би гурван хүү, таван охинтой. Хоёр хүү маань ажил төрлөө зохицуулаад уядаг л юм.
-Морь уях төрийн хэрэгт үе дамжин суралцаж буй танай гэрийнхэнд амжилт хүсье.  
Баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна