Уралдаанч А.Болд-Эрдэнэ: ААВ ЦЭЦЭРЛЭГЭЭС МОРЬТОЙ ИРЖ АВСААР БАЙГААД БИ МОРЬ УНАЖ СУРСАН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 30 -нд

Хүйн мандалын дэвжээнд нэг өдөр дараалан хоёр айраг хүртэнэ гэдэг уралдаанчийн хувьд чамгүй амжилт билээ. АХ-ын 97 жилийн ой баяр наадамд эрлийз дээд насанд халтар морь айргийн дөрөв, эрлийз дунд насны уралдаанд зээрд үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан уралдаанч Алтансүхийн Болд-Эрдэнэ хүүгийн яриаг хүргэе.

-Болдоо дүүдээ морио айрагдуулсанд нь баяр хүргэе.  
-Баярлалаа. Энэ жил хоёр насны морь унаж хоёуланг нь айрагдуулсандаа маш их баяртай байна.
-Ямар хоёр морио айрагдуулчихаад баяртай хөөртэй зогсож байгаа билээ?
-Эрлийз дээд насны уралдаанд айргийн дөрөв, эрлийз дунд насны ангилалд аман хүзүүнд хурдлууллаа. Олон газраас хурдан морьд ирж уралддаг том наадам бол улсын баяр наадам. Энэ олон морьдтой уралдаж айраг авсандаа баяртай байна.  
-Улсын наадамд хэд дэх жилдээ морь унаж байна вэ?
-Хоёр дахь жилдээ улсын баяр наадамд уралдаж байна. Өмнөх жил шүдлэнгээ 45-аар давхиулсан. 
-Хэдэн жил морь унасан туршлагаараа улсын наадамд морь айрагдуулж байна вэ?
-Манай аав Бургалтайд морь уядаг юм. Намайг цэцэрлэгт байхад аав орой болгон морьтой ирж авсаар байгаад би морь унаж сурсан. Тэгээд таван настайгаасаа хурдан морь унаад, гурав дахь жилдээ улсын наадмын айраг авч байна. Одоо найман настай, Батсүмбэр сумын 27-р сургуулийн 3-р ангид орно. 
-Аавынхаа морийг унаж уралдаж байсан уу? 
-Буцаадаг хээр нэртэй морийг нь унан Мандалын наадмаар  аман хүзүүдүүлсэн. Батсүмбэр сумын наадамд долоо түрүүлсэн шар халтар азаргыг нэг айрагдуулсан. 
-Аав хүү хоёр мундаг уяач, мундаг уралдаанч юм байна. Хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна