Уралдаанч О.Батбаяр: ДӨРВӨН ЖИЛ УНАЖ БАЙГАА БОЛОХООР ХОНГОР МОРИНЫХОО ЗАНГ САЙН МЭДНЭ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 29 -нд

“Хонгор мориныхоо занг сайн мэднэ, яаж уралдахаа ч мэднэ” хэмээн онгирох уралдаанч Одсүрэнгийн Батбаярыг эрлийз ангилалд хонгор морио айргийн гуравт хурдлуулаад байхад нь уулзан баярын сэтгэгдэл хуваалцлаа.  

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-59 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Есөн настай. 
-Хурдан морь унана гэдэг эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан амар биш ажил. Зоригтой хүүхэд л хийдэг энэ ажлыг хэзээнээс хийж байгаа вэ?  
-Морь унах хэцүү биш ээ. Би таван жил хурдан морь унаж байгаа. Манай аав малчин хүн байдаг юм. Аав минь надад морь унахыг зааж өгсөн. Аавынхаа уясан алаг морийг унаад Борнуурын наадамд уралдаж байлаа. Салхи татуулаад өнгөнд гараад давхих ч гоё шүү дээ.
-Таван жил морь унахдаа том наадамд морио айраг, түрүүгээр давхиулж байсан биз дээ?
-Би энэ хонгор морио дөрвөн жил унаж байна. Хонгор мориныхоо занг би сайн мэднэ. 2016 оны улсын баяр наадамд аман хүзүү, 2017 онд зургаа, 2018 онд сая айргийн гуравт хурдлуулсан. Мөн 2015 оны Баянхонгорын бүсийн уралдаанд  айргийн дөрөв, 2017 онд говийн бүсийн уралдаанд түрүүлгэсэн амжилттай.  
-Улсын наадам, бүсийн уралдаанаас дөрвөн айраг авсан байна шүү дээ. Айргийн гурав гэдэг хонгор морь та хоёрын хүсч байсан амжилт мөн үү?
-Сунгаануудад дандаа түрүүлж байсан болохоор түрүүлнэ гэж бодож байсан. Өнөөдөр уяачийнхаа захиснаар хойноос гараад нэхэж уралдлаа.     
-Улсын наадмын өмнөх өдрүүдэд уралдсан уу? 
-Их морь 50 гаргаад давхиулсан. 
-Улсын баяр наадам бусад уралдаанаас ялгаатай юу? 
-Улсын наадам, бүсийн уралдаан гээд бүгд адилхан л уралддаг учраас ялгаа байхгүй ээ. Улсын наадамд олон морь уралддагаараа л өөр байх. 
-Ярилцсанд баярлалаа. Хонгор морьтойгоо бүсийн уралдаанд амжилттай уралдаарай. Амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.