Уралдаанч Г.Мөнх-Оргил: Хамт уралдаад би түрүүлж, дүү хойгуур орох шиг боллоо

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 24 -нд

-Унасан азаргаа айрагдуулсанд нь баяр хүргэе. Хэн гэдэг хүний азарга вэ?
-Баярлалаа. Туваанжавын Гантөмөрийн хүү Г.Чинзоригийн азаргыг унаж эрлийз насанд түрүүлгэлээ. 
-Энэ азарганаас гадна улсын баяр наадамдаа хэдэн насны морьд унасан бэ? 
-Таван  насны морь унаж, 9, 13, 14, 18-аар тус тус давхиуллаа. Харин өнөөдөр түрүүлгээд баяртай байна. 
-Эрлийз адуу монгол адуунаас хурдан байдаг. Унахад энэ ялгаа нь мэдрэгддэг үү?
-Хурдны хувьд эрлийз адуу илүү. Аймаар хурдан. Харин монгол адуу холдоо сайн. Унахад нэг их ялгаа байхгүй ээ.  
-Хэд дэх жилдээ морь унаж байгаа билээ? 
-Дөрөв дэх жилдээ морь унаж байна. 
-Өмнө нь улсын наадамд унасан хүлгээ айрагт оруулж байв уу?
-Улсын наадамд ирж оролцдог ч хараахан айраг авч байгаагүй. Харин бүсийн уралдаануудад унасан морио айрагдуулж, түрүүлгэж байсан. Өнөрбаян, Баатарчулуун ах нарын морийг бүсэд гуравлуулж, Дундговийн Эрдэнэдалайд болсон “Эх мандал”-д түрүүлгэж байлаа.
-Танай гэрт чамаас гадна морь унадаг, эсвэл уядаг хүн бий юу? 
-Манай дүү бас хурдан морь унадаг юм. Сая бид хоёр хамтдаа уралдаад би түрүүлж, дүү хойгуур л орох шиг боллоо. 
-Аль сургуульд сурдаг вэ?
-26 дугаар дунд сургуулийн 6б ангид сурдаг. 
-Сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?
-Том болоод уяач болно доо. 
-Мөрөөдлөө биелүүлж сайн уяач болоорой.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна