Г.Чинзориг: Зээрд азарга улс, бүсэд таван удаа ороод байна

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 24 -нд

-Уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо сайхан наадаж байна уу?  
-Сайхан наадаж байна аа. Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам боллоо. Баяр наадам ч зохион байгуулалт сайтай байна. 
-Хэдэн насанд хичнээн адуу мордуулж, ямар амжилт гаргав? 
-Таван насанд морь мордуулснаас эрлийз дээд насны ангилалд зээрд азаргаа түрүүлгэлээ. Сүргийн манлай азарга түрүүлгэсэндээ баяртай байна. Өмнөх өдрүүдэд хязаалан маань 13-аар, их морь нь 23-т давхисан. 
-Түрүү магнай азарганы удам угшлыг танилцуулахгүй юу? 
-Дорнод аймгийн Ганчулуун гэж залуугийн 50 хувийн цустай унаган адуу. Эх нь түүний унаган монгол гүү бий. Эцэг нь будённый үүлдрийн азарга.   
-Зээрд азарга өмнө нь ямар амжилтууд гаргаж байсан бэ? 
-Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдээд улсад ирж, АХ-ын 96 жилийн ой баяр наадамд айргийн дөрвөөр давхисан. Наадмын дараа Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн. Энэ жилийн анхны уралдаан Дүнжингаравын хурдад аман хүзүүдсэн. Зээрд азарга маань энэ баяр наадмын түрүүтэйгээ нийлээд улс, бүсэд таван удаа ороод байна. Надад ирэхээсээ өмнө Ганаа дээр байхдаа зургаа, долоо орсон байгаа. 
-Төлүүд нь гарч эхэлсэн үү? 
-Анхных нь төл л гарч байна. Хойтонгоос даага давхиж эхлэх байх аа. 
-Эрлийз адуу олонтой юу? 
-Эрлийз адуу нэг их  олон байхгүй ээ, сүүлийн үед л ганц нэг адуутай болж байна. Ер нь монгол адуугаараа л нааддаг даа. 
-Баяр наадмын ялгалтын тухайд та ямар бодолтой байна вэ?   
-Жилийн жилд л ялгалтын тал дээр асуудал гарч байдаг. Үүнийг ямар нэгэн байдлаар нэг талд нь гаргаж шийдэхгүй бол болохгүй болжээ. Нэг хэсэгт нь эрлийзтэй байх ашигтай болчихсон, нөгөө талдаа монголын ард түмэн нийтээрээ монгол адуутай байгаа. Тэгэхээр дүрэм журмаа тодорхой болгож, нийтийг хохироохгүйгээр, маргаан гаргахгүйгээр ялгадаг болмоор байна.  
-Ийм залуу хүнийг морь уяхад юу нөлөөлсөн юм бол оо?  
-Манай буурал аав Улсын Алдарт уяач Дэлгэрийн Туваанжав гэж хүн байдаг. Харин аав бол МУ-ын Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр гэж хүн бий. Миний хувьд энэ удмын гурав дахь үеийн уяач болж, сүүлийн арваад жил морь уяж байна. Хүүхэд байхаасаа л өвөө, аавыгаа дагаад морь гэж явсан нь уяач болоход нөлөөлсөн гэж болно. 
-Арваад жилийн хугацаанд хичнээн айраг түрүүтэй болж байна вэ? 
-Улс, бүсийн зургаан айраг, түрүүтэй болоод байна.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна