УРАЛДААНЧ М.ДЭЛГЭРДАЛАЙ: АНХ УДАА УЛСЫН НААДАМДАА ОРОЛЦОЖ ҮЗЛЭЭ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 23 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн хурдан морины уралдаанд 112 даага гараанаас гарч, Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн зээрд даага айргийн таваар хурдалсан юм. Бид зээрд даагыг унаж, айрагдуулсан уралдаанч хүү Мөнхбатын Дэлгэрдалайн баярын сэтгэгдлээс хуваалцлаа. Тэрээр төв цэнгэлдэхэд унасан морио цоллуулаад гарч таарсан юм. 

-Сайхан наадаж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
-Сайхан наадаж байна аа. Би Сүхбаатар аймгийн Халзан сумын хоёрдугаар багаас ирсэн. Намайг Мөнхбатын Дэлгэрдалай гэдэг. Энэ жил долоон настай. 
-Хоёрдугаар ангид сурдаг байх нь ээ? 
-Үгүй ээ. Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. 
-Үүнээс өмнө хурдан морь унаж байв уу? 
-Унаж байсан. Боорчи ахынхаа морийг унаж, зөндөө олон айрагдаж, түрүүлгэсэн байдаг юм аа. 
-Өмнө нь улсын наадамд оролцож байв уу? 
-Анх удаа улсын наадамдаа ирж оролцож үзлээ. Энэ удаад Б.Норовсамбуу уяачийн зээрд даагыг унаж тавлууллаа. Миний анхны наадам надад баяр бахдал авчирлаа.  Зургаагаар орчих вий гэж их айлаа.  Тэгтэл аз таарч айрагт багтаж амжсан. Тийм болохоор одоо сэтгэл их гоё байна. 
-Сая цэнгэлдэхэд ороод гарлаа. Ямар санагдсан бэ? 
-Ерөнхийлөгчөөс шагнал авсан. Гоё байна. Бушуухан шагналын цүнхээ онгойлгож үзмээр байна. Тэгээд хичээл орохоор цүнхээ үүрээд явна даа. 
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.  

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна