УРАЛДААНЧ Э.ТЭМҮҮЖИН: ДААГАА АМАН ХҮЗҮҮДҮҮЛЭЭД ИРЭХЭД НАМАЙГ МАГТСАН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 19 -нд

Баяр наадмын сүүлийн өдөр уралдаанч хүү Э.Тэмүүжинтэй ярилцлаа. Даагаа аман хүзүүнд хурдлуулаад амьсгаа дарж амжилгүй Төв цэнгэлдэх хүрээлэн рүү цоллуулахаар явахын өмнө цөөн хором хөөрөлдсөн. Тэрээр сумын наадмаас улсын наадам хүртэл олон уралдаанд морьдоо унан хурдлуулсан туршлагатай унаач билээ.

-Унасан даагаа айрагдуулсанд баяр хүргэе. Миний дүү өөрийгөө танилцуулаарай? 
-Баярлалаа. Намайг Тэмүүжин гэдэг. Намар Сэргэлэн сумын 5-р ангид орно. Зургаан наснаас хурдан морь унаж, сүүлийн хоёр жил улсын баяр наадамд уралдан анхны айргаа өнөөдөр хүртлээ. Хөөрч баярлаад сайхан байна.   
-Дааганаас гадна хэдэн насны морь унасан бэ?
-Дөрвөн насны морь унахаар улсын наадамд ирсэн. Азаргаа гараанаас эргүүлэн шахаж явсаар 30 гарган давхиуллаа. Хязаалан замдаа суусан, шүдлэн уралдах байсан боловч хасагдсан. Харин даагаа аман хүзүүнд хурдлууллаа.   
-Даагаа аман хүзүүнд хурдлуулаад ирэхээр уяач нь юу гэж байна? 
-Сайн байна гэж магтсан. Өглөө гарахад “Эргээд сайхан барьж яваад үзүүр дээр нь шахаарай” гэж захисан. 
-Улс, бүсийн чанартай уралдаанд өмнө нь уралдаж амжилт гаргаж байсан уу?
-Төвийн бүсийн уралдаанд бор үрээгээ хорин хэдээр давхиулж байсан.  
-Анхны айраг хаанаас авсан бэ?
-Зөндөө олон айраг, түрүү хүртэж байсан болохоор сайн санахгүй байна. Би олон газрын уралдаан, наадамд хурдан морь унаж байсан. Жижиг овооны тахилгаас аймаг, бүс, улсын наадам хүртэл зургаан жил хурдан морь унаж байна. Уралдаанчийн хувьд багагүй туршлагатай болсон байх.  
-Танай гэрт морь уядаг уяач бий юу. Хэн чамд морь унахыг зааж өгсөн бэ? 
-Аав, аавын ах хоёр морь уядаг. Энхтайван, Энхбаатар гэж хүмүүс бий.  
-Ярилцсанд баярлалаа. Олон олон түрүү, айраг аваарай. 
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна