УРАЛДААНЧ Г.ОТГОНБАЯР: СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ШИЛДЭГ УРАЛДААНЧААР ШАЛГАРСАН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 18 -нд

Төрийн наадамд олон жил дараалан унасан морио айраг, түрүүнд хурдлуулсан “Түмний эх”  гал  уяаны уралдаанч Гүндэгмаагийн Отгонбаяртай эрлийз бага насанд морио айргийн дөрөвт хурдлуулан ирсний дараа уулзан баярын сэтгэгдэл хуваалцсан юм.  Тэрээр энэ жил найман насны хурдан морь унаж баяр наадмын эхний өдөр шүдлэн айргийн тавд хурдлуулсан. Тэрээр 2017 оны Монгол Улсын өндөр чансаатай уралдаанч есөн хүүхдийн нэгд эрэмблэгдсэнг уншигчид санаж буй биз ээ. 

-Баяр хүргэе. Сая морио хэдээр давхиулсан бэ?
-Баярлалаа. Баяр наадам тоос шороо багатай сайхан болж байна. Ийм өдөр уралдахад яг тохирдог юм. Энэ жилийн наадамд амжилтаа бататган шүдлэн айргийн тавд, эрлийз даага айргийн дөрөвт хурдлууллаа. Хоёр морь айрагдуулчихаар гоё байна. Найман насны морь унан бусад морио дундуур сайхан давхиулсан.  
-Улсын наадамд хэд дэх жилдээ морь унаж байгаа билээ. Өмнө нь шилдэг уралдаанчаар шалгарч байсан байх аа?
-Улсын наадамд тав дахь жилдээ хурдан морь унаж байна. Сүүлийн гурван жил дараалан МУ-ын шилдэг уралдаанчаар шалгарсан. 
-Миний дүүд морь унахыг хэн зааж өгсөн билээ?
-Онон ахын галд долоо настай ирээд л морь унаж сурсан. 
-Морь унахын юу нь хамгийн гоё байдаг вэ?
-Айраг, түрүүнд хурдлан бариа даван орж ирэх мөч хамгийн гоё нь.  
-Улс, бүсийн чанартай уралдаанд явахад ээж аав нь юу гэж захидаг вэ? 
-Миний хүү, морио айрагдуулж түрүүлгээд ирээрэй гэж л захидаг юм. 
-Он гараад хурдан морь унасан уу?
-Улсын наадмын өмнө уралдаагүй. 
-Хичээлийнхээ хажуугаар морь унадаг уу?
-Би 59 дүгээр сургуулийн долдугаар ангид сурдаг. Хичээл амрахаар морь унадаг. Өвөл, хаврын уралдаанд оролцдоггүй. 
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна