УЯАЧ П.БАТБАЯР: ХЭЭР ДААГАНЫ 9 ДЭХ УРАЛДААН НЬ УЛСЫН НААДАМ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 15 -нд

-Юуны өмнө төр түмнийхээ их цэнгэлд даага айргийн гурваар хурдлуулсан танд баяр хүргэе? 
-За баярлалаа. Сэтгэл маш өндөр байгаа. Өнөөдөр манай Тариалан суманд Тод манлай уяач Доржпүрэв гуайн мялаалга наадам болж байна. Бас энэ жил манай Тариалан сум улсын тэргүүний сумаар шалгарсан. Миний хувьд сум маань шилдгээр шалгарсны баярт улсын наадамд даага айрагдуулан бэлэг барьж байгаадаа илүүтэй баяртай байна.Энэ дашрамд нутгийн ард түмэн болон ах дүү нартаа баярын мэндчилгээ хүргэе. 
-Эрийн гурван наадамд дан ганц өөрийн нэрээрээ биш нутаг ус, эцгийн нэрийг давхар дуудуулдаг. Уугуул нутгийн нэрийг дуурсгаж байдаг болохоор сум орон нутгийнхан нь өөрөөс тань дутуугүй баярлаа болов уу?
-Үнэхээр тэгдэг юм байна. Би морио амраагаад хоёр гурав хонож хотоос ирсэн. Тэр хооронд манай нутгийн зон олон өөрсдийн морь түрүүлсэн юм шиг л надаас дутуугүй баярласан байна лээ. Ийм сайхан хурдан хүлгээ өгсөн хээр дааганы унаган эзэн Ариуннаран дүүдээ танай сэтгүүлээр дамжуулан талархлаа илэрхийлмээр байна. 
-Хээр даага улсын наадмын өмнө уралдсан уу?
-Уралдсан. Ес дэх уралдаан нь улсын наадам. Анх аймгийн Алдарт уяач дүүгийн маань нэрэмжит мялаалга уралдаанд түрүүлсэн. Дараа нь Тариалан сумын “Ирээдүйн хурд” болон Хөвсгөл аймгийн төвийн бүсийн уралдаанд тус тус айрагдсан. Мөн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд болсон хойд бүсийн уралдаанд айргийн гурваар давхиад, Эрдэнэтийн “Ирээдүйн хурд” уралдаанд айргийн дөрөвт, Рашаант сумын уулын тахилга наадам, Эрдэнэбулган сумын уулын тахилга наадамд тус тус айргийн гуравт  хурдалсан.
-Бага нас гэлтгүй олон удаа уралдсан амжилтын түүхтэй юм байна. Ихэвчлэн айргийн гуравт хурдалдаг юм аа даа?
-Харин тийм ээ. Эцэг Оодон хүрэн азарга нь бас ихэвчлэн гурваар давхидаг юм гэнэ лээ. 
-Улсад айрагдсан хурдан даагандаа нэр өгч амжсан уу?  
-Саятан хээр гэдэг юм. Анх хүнээс авахдаа л өгсөн нэр. Манайхан нэрийг нь сольё гээд байгаа ч би дөнгөж авахдаа өгч байсан нэр дээр нь тогтъё гэж бодож байгаа. 
-Таны хувьд хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад хэр удаж байна вэ. Аймаг, сумын наадмаас хичнээн айраг, түрүүтэй болсон бэ? 
-Ээжийн ах Батнасан гэж хүний хурдан морийг би багаасаа унасан. Тэгээд 1989 онд цэрэгт яваад 1991 онд халагдаж ирсэн цагаас хойш морьтой холбогдсон хүн дээ. Одоогийн байдлаар аймаг, сумын наадмаас айраг түрүү 30 орчмыг хүртээд байна. Цол зэрэггүй уяач.    
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.