Уралдаанч Я.Тэмүүжин: Энэ жил бор үрээгээ хоёр айрагдууллаа

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 12 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, уяач З.Шижирбатын бор халзан үрээ айргийн дөрөвт хурдалсан юм. Бид Хүйн долоон худгийн дэнжнээ ийнхүү унасан хүлгээ хурдлуулсан Я.Тэмүүжинтэй уулзаж, баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

-Баяр хүргэе ээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Я.Тэмүүжин гэдэг. Би Нийслэлийн Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн зургаадугаар ангид орно. Удахгүй 12 нас хүрнэ дээ.
-Хэдэн жил хурдан морь унаж байна вэ?
-Анх зургаан настай морь унаж сурсан. Түүнээс хойш зургаа дахь жилдээ улсын наадамд морь унаж, хязаалан айрагдууллаа. Их баяртай байна.
-Хэд дэх айргаа аваад байгаа юм бэ?
-Сүүлийн хоёр жил одтой наадаж байна аа. Том, жижиг наадмаас олон айраг, түрүү авсан. Өнгөрсөн жил найман айраг, түрүүний амжилтаараа галынхаа шилдэг уралдаанч болж байлаа. Тэр үед Төв аймгийн Алдарт уяач Атараа ахынхаа морийг унадаг байсан юм. Харин энэ жилээс Баагий ахын уядаг Шижирээ ахын морьдыг унаж байна.
-Наадмын дараа хаагуур наадав?
-Бор хязааланг улсад айрагдуулаад, Дорноговийн бүсэд ахиад айрагдуулсан. Бас Төв аймгийн наадамд А.Сүхбат аваргын морийг унаж түрүүлгэлээ.  
-Яагаад хурдан морь унах болсон юм бэ. Аав нь морь уядаг юм уу?  
-Аав морь уядаггүй ээ. Манай ах “Хотын хүүхдүүд гэхээрээ л яагаад морь унаж болдоггүй юм. Бид ч багадаа морь унаж өссөн. Муудсан юм байгаагүй. Харин ч хүүхдийн бие хаад сайн. Эрүүл чийрэг өснө. Нөгөө талаас хүмүүжлийн нөлөөтэй. Бие дааж сурна” гэж аав ээжтэйгээ ярилцаад намайг морь унуулах болсон юм. Тэрнээс би хотын хүүхэд л дээ. Ах маань “Хүүхдүүд морь унаад тав, зургаан жилдээ хамрын ханиад ч хүрсэнгүй” гээд л ярьдаг.
-Ах дүү нараас нь морь унадаг уу?
-Дүү Тэргэл маань 10 настай. Бас морь унадаг.
-Ах дүү хоёр унадаг морьдынхоо тухай ярих уу?
-Хааяа л ярьдаг юм. Манай дүү морь унахаас гадна барилдах бас дуртай.
-Харин чи?
-Би компьютер тоглох дуртай.
-Энэ жилийн уралдаан нь ингээд дууссан уу?  
-Одоо ч бараг л дуусч байна. Наймдугаар сарын 8-нд Хүйн долоон худагт нэг уралдаан болж магадгүй гэсэн. Тийшээ явах болов уу.
-Ярилцсанд баярлалаа. Унасан болгон нь айраг түрүүгээр давхиж, уясан эзэн, хурсан олныг баярлуулж байг ээ.
П.Ундармаа

"Тод магнай" сэтгүүл №99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна