Уралдаанч Ө.Лхагвадорж: Яг л уяачийнхаа хэлснээр уралдаад, түрүүлгэж чадлаа

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 10 -нд

Долдугаар сарын 10. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын хурдан хязаалангууд бариандаа орлоо.  Энэ удаад 236 хязаалан гараанаас гарч, Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Х.Болорчулууны хүрэн хязаалан түрүү магнайд хурдлан ирж наадамчин олноо баярлуулсан билээ. Уг хязааланг 12 настай Өнөржаргалын Лхагвадорж хүү унаж,   уралдаанчийн амжилтаа улсын наадмын түрүүгээр зузаатгав.

      Бид Хүйн долоон худгийн морь барианы цэнхэр хашаанд түүнтэй цөөн хором ярилцсан. Бороо орж байсан учраас хүүгийн нүүр норж, бас энд тэнд нь шавар наалджээ. Хэрвээ охид байсан бол телевизийн камер ирвэл ичээд аягүйтвэл зугтах байсан биз ээ. Харин хүү  унасан хүлгээ түрүүлгэсэн болохоор нүүр бардам зогсох аж. Түүний нүдэнд баярын оч гэрэлтэнэ. Биднийг яриа авч байхад Японы сэтгүүлчид ирж түүнээс “Уралдах аймаар уу. Бие хаа нь өвдсөн үү. Даарч байна уу” гэхчилэн орчуулагчаар дамжуулан асууна. Харин Лхагваа “Монгол хүүхдүүд яг ингэж л морин дэл дээр хүн болж, баяр наадамдаа уралдаж өсдөг” хэмээн хариулахыг нь сонсоод “Мөн дөө, эр хүн” хэмээн сэтгэлдээ эрхий хуруугаа өндөрт гозойлгож билээ.

  -Унасан хүлэг нь түрүү магнайд хурдаллаа. Баяртай байна уу?

-Анх удаа улсад ирж  уралдаад, Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Х.Болорчулууны хүрэн хязааланг унаж түрүүлгэлээ. Гоё байна аа.

-Бороо ороод уралдааны зам амаргүй байв уу?

-Тийм ээ, халтиргаа ихтэй, шавар үсрээд жоохон айлаа. Гэсэн ч өнөөдрийн аз од гийж, түрүү магнайд хурдлууллаа.

-Уяач нь юу гэж захисан бэ?   

-Бороо орж байгаа болохоор шавар шавхай их байгаа шүү. Болгоомжтой яваарай. Тэгээд уруу болтол дараад яваарай. Дараа нь хөдөлгөөрэй гэж хэлсэн. Яг л уяачийнхаа хэлснээр уралдаад, түрүүлгэж чадлаа.

-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байгаа вэ?

-Анх долоон настай морь унаж байлаа. Түүнээс хойш таван жил хурдан морь унаж, том жижиг олон ч уралдаанд оролцлоо. Уралдаанч болоод Хөвсгөл аймгийн шигшмэл хурдаар соёолон түрүүлгэж, бүсийн түрүүгээр амжилтын гараагаа эхлүүлсэн. Харин өвлийн уралдаанаас “Дүнжингарав”-т азарга 17, их морь 18-аар оруулсан.

-Туршлагатай уралдаанч байх нь. Улсын наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа билээ?

-Улсын наадмын тухайд анх удаа оролцлоо. Бодож байснаас ч өтгөн уралддаг юм байна. Гарааны зүг явж байхад жаахан сүрдмээр ч юм шиг санагдаж байна лээ.

-Одоо хэддүгээр ангид сурч байна вэ?

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын II сургуулийн зургаадугаар ангид сурдаг. 12 настай.

-Энэ жил хэдэн насны морь унах вэ? 

-Дөрвөн нас унана даа. Монголоос гадна эрлийз ангилалд их морь унахаар болсон.

-Монгол, эрлийз морьд унахад ялгаа их байх уу?

-Ялгаатай. Эрлийз адуу илүү хурдтай болохоор зоригтой байх хэрэгтэй. /инээв/ Харин монгол адуу холын зайнд бас л сайн давхина шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Унасан болгон нь айраг түрүүгээр хурдалж байх болтугай.

П.Ундармаа

Тод магнай сэтгүүл №99 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна