УРАЛДААНЧ Л. ХАЛИУНБОЛД УЛСЫН БАЯР СУМЫН НААДМААС ИХ ӨӨР ЮМ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 08 -нд

-Сайхан наадаж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
-Сайхан наадаж байна аа. Би Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 4б ангид сурдаг. Энэ жил 10 настай. 
-Энэ жил хэдэн насны морь унаж байна вэ? 
-Олон морь унаагүй ээ. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Гончигийн Хадхүү гэж хүний соёолонг унаж тавлалаа. Их баяртай байна. 
-Улсын наадамд  хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-Улсынхаа наадамд анх удаа ирж оролцлоо. Үнэхээр гоё юм. Сумын наадмаас их өөр байна шүү. 
-Олон жил морь унаж байна уу? 
-Анх дөрвөн настай унаа морьд унаж сурсан. Дараа жилээс нь бага сага наадмуудад уралддаг болсноос хойш зургаан жил өнгөрчээ. 
-Энэ жил хаана, хаана уралдав? 
-Он гарсаар Төв аймагт нэг уралдаад, сая улсынхаа баяр наадамд оролцлоо. Үүнээс өмнө бол сумандаа л наадаж ирсэн. Улсын наадам тэр дундаа соёолонгийн уралдаан гэдэг айхтар болдог юм байна аа. Барианы хашаанд ирэхэд хаанаас ч юм их олон хүн болчихсон. Сэтгэл нь хөдөлсөн хүмүүс шаваад уяач ахыг ч оруулахгүй  байна лээ. Томчууд соёолонгийн тоосонд даруулбал хийморьтой явдаг гэж ярьдаг болохоор тэр биз ээ. 
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно оо. Тэгээд уясан морьдоо айраг түрүүгээр хурдлуулна. 
-Ярилцсанд баярлалаа. Хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай.  

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна