УРАЛДААНЧ Б.БАТ-ЭРДЭНЭ: Уралдааны замд бие даан, шийдвэр гаргах үе гардаг

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 05 -нд

-Улсынхаа баяр наадамд шүдлэн түрүүлгэж, соёолон айрагдууллаа. Баяртай байна уу? 
-Тийм ээ, баяртай байна. Энэ жилийн баяр наадмаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор шүдлэнг түрүүлгэж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хонгор соёолонг айрагдууллаа. Бас эрлийз бага насанд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Махбалын зээрд үрээг айргийн гурваар давхиулсан. Наадмын дараа Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн наадамд Зоригоо ахын цавьдар азаргыг унаж түрүүллээ. 
-Хэдэн жил хурдан морь унаж байгаа юм бэ? 
-Долоон наснаасаа хурдан морь унасан. Одоо би 11 настай. МУ-ын Манлай уяач Т.Батзориг ахын уясан морийг дөрвөн жил унаж байна. 
-Энэ дөрвөн жилийн хугацаанд өөр ямар амжилтыг гаргаж байв?
-Бат-Очирын Төмөрбаатарын зээрд азаргыг унаж, “Их хурд”-д аман хүзүүдүүлж байсан. Зоригоо /Т.Батзориг / ахынхаа цавьдар азаргыг шүдлэн байхад нь  унаж бүсийн  наадамд түрүүлгэсэн. Бас нэг хүний хүрэн даагыг “Говьшанх 5”  уралдаанд айрагдуулсан.
-Хэддүгээр ангид сурдаг юм бэ?
-Дорнод аймгийн VI багийн  “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн зургадугаар ангид сурдаг. 
-Хэд сурч байна даа. Том болоод ямар мэргэжилтэй болох уу?
-Онц сурч байгаа. Том болоод нягтлан бодогч болно. Би тооны хичээлдээ их дуртай. 
-Морь унах гоё уу? 
-Тийм ээ, гоё. Тэр тусмаа айраг, түрүүгээр ороод ирэхээр сэтгэл их өндөр болдог.
-Энэ жил анх удаа Төв цэнгэлдэхэд орж цоллуулсан уу? 
-Анх удаагаа цэнгэлдэхэд орж морио цоллуулсан. Их догдолдог юм байна лээ. Зүрх бүүр ямар хүчтэй цохилж байсан гээч. Өмнө нь зүрхээ тэгж цохилж байхыг анзаарч байгаагүй юм билээ. /инээв/
-Шагналын цүнхэнд нь юу байдаг юм бэ? 
-Онгойлж үзээгүй ээ. Хичээл орохоор л үзнэ дээ.
-Тийм үү. Би бол тэвчихгүй онгойлгож үзэх байлаа? 
-Хичээлийн хэрэглэл  гэсэн. 
-Хүүхдүүд морь унах гоё. Айраг түрүүгээр давхиулах бүүр ч гоё гэж ярьдаг. Гэхдээ уралдааны замд хэцүү зүйл их таарах уу? 
-Хүүхдүүд хоорондоо муудаж сайдах зүйл гардаг л байх. Гэхдээ надад таарч байгаагүй ээ.
-Өвөл уралдах ямар уу? 
-Амаргүй л дээ. Зам хөлдүү  болохоор морь тахтай ч халтираад бүтэн биеэрээ  ойчно. Бас их цасаар явахаар хөл алдаж унана. 
-Шүдлэнгийн уралдаан бороотой өдөр болсон. Тийм үед уралдах хэцүү юу? 
-Шүдлэн уралддаг өдөр бороотой байсан ч нэлэнхүйдээ шавартай байгаагүй. Миний хувьд шавхайтай хэсгийг тойроод л уралдчихсан. 
-Ер нь уралдааны замд өөрөө бие даан шийдвэр гарах үе олон байх уу?
-Тийм шүү. Уяачийн захисныг дагахаас гадна өөрөө бас сэргэлэн байх ёстой. Уралдааны замд шийдвэр гаргах үе олон гарна. Тухайлбал, сая Эрдэнэтийн 40 жилээр төхөөрөмжөөс гарангуут их шавартай байсан. Зарим  хүүхдүүд өнөө шавар руу морьтойгоо шууд ороод хөл алдсан. Харин би төхөөрөмжнийхөө захаар, шавар багатай хэсгээр орж, болгоомжтой явсан. 
-Унах дуртай морь нь хэнийх вэ? 
-Архангай аймгийн Ихтамир сумын Т.Ганболдын бор азаргыг унах дуртай. Би энэ бор азаргатайгаа зөндөө наадамд уралдаж байлаа. Улсын наадамд 9-өөр ороод, “Хангарьд 2017” төвийн бүсийн уралдаанд  түрүүлээд, өмнө жил ММСУХ-ны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд айргийн дөрөвт орсон.
-Хүүгээ түрүүлээд ирэхэд ээж аав нь их баярласан байх даа? 
-Тийм ээ. Утсаар ярьж баяр хүргэсэн. Тэд маань уралдах бүрт л “Болгоомжтой байгаарай. Замаа сайн харж яваарай” гэж захидаг юм. 
-Ах дүү нараас нь морь унадаг уу? 
-Ах маань Зоригоо ахын морьдыг унадаг байгаад хасагдсан. Одоо 18 настай. 
-Нууц биш бол цалингаа юунд зарцуулдаг вэ? 
-Цалингаараа хичээлийн хэрэглэлээ авна. Бас спортод дуртай болохоор жил бүр бөмбөгөө сольдог. Би сагс, волейболоор хичээллэдэг юм. 
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна