АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.НОРОВСАМБУУ: БАЯР НААДМЫН 30 АЙРАГ, ТҮРҮҮНЭЭС ХОЁРЫГ НЬ ХҮРТЛЭЭ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 05 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Норовсамбуу  анх удаа улсын баяр наадамд уясан морьдоо хурдлуулан шүдлэн аман хүзүүдүүлж, даага айрагдуулан тун ч одтой нааджээ.  Өөрийнх нь хэлснээр Хүйн долоон худагийн дэнж ивээлээ хэмээн ярих “хөдөөгийн хөх уяач” морьдоо цоллуулахаар төв цэнгэлдэхийг зорихын өмнөхөн баяр наадмын сэтгэгдлээс  хуваалцсан юм.  Тэрээр өнгөрөгч жил Увс аймгийн баяр наадмын таван түрүүг авч тун ч одтой наадсан билээ. Энд сонирхуулахад, удам залгасан уяач түүний өвөө Нямдаваа, аав аймгийн Алдарт уяач Бадарч нар хурд ирлэсэн уяачид  явжээ. Нэгэнтээ Бадарчийн Цагааны гэж хурдан буян аймаг, сумандаа айраг түрүүгээр л хурдалж байсан гэдэг.

-Сайхан наадаж байна уу. Төрийн их баяр наадамдаа хэдэн насны морь мордуулав даа?
-Сайхан наадаж байна аа.  Улсынхаа их  баяр наадамд анх удаагаа оролцож, дөрвөн насны морь мордууллаа. Эндээс Хүйн долоон худгийн дэнж ээлээ хайрлаж, шүдлэн аман хүзүүдэн, даага тавлалаа. Харин соёолон 20 орчмоор, азарга 50 гаргаж ирсэн. Маш одтой, хийморьтой наадлаа. Сэтгэл их догдолж байна. 
-Баяр хүргэсэн утасны дуудлага тасрахгүй л байгаа бололтой? 
-Тийм ээ. Та биднийг ингээд ярилцах байх хооронд их олон дуудлага авсангүй. Нутаг орныхон, гал хамт олон, найз нөхдөөс баяр хүргэсэн дуудлага маш их ирж байна. Энэ амжилтын ард их олон хүн өндөр ачаалалтай ажилласан юм. 
-Хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг танилцуулаач? 
-Миний адуу бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхтөрийн адуун сүргийн удамтай. Найзаасаа сүүлийн хэдэн жил морь авч байна. Ноднин жил Увс аймгийн баяр наадмын таван түрүүг авсан. Тун удалгүй сумын 90 жилийн ой болоход дөрвөн түрүү, айрагтай авч байлаа. Ямартаа ч хурдан хүлгүүд гэдгээ олонтаа нотолсон хурдан буянгууд надад бий. 
-Үрээнийхээ уяа сойлгыг Увсдаа тааруулаад ирэв үү? 
-Сүхбаатар аймагтаа тааруулсан. Анх удаа улсын наадамд оролцохоор төлөвлөсөн учраас эртнээс ч бэлдсэн. Уяаны ажилд маань асар олон хүн нойр хоолоо хасан ажилласны хүчинд ийнхүү амжилт гаргалаа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр миний нэр гарч байгаа ч  энэ бол хамтын хөдөлмөрийн үр шим байгаа юм. 
-Энэ жил аймагтаа яаж наадав? 
-Сумандаа шүдлэн аман хүзүүдүүллээ. Харин аймагт их нас мордуулсан ч оруулж чадсангүй ээ. Миний хувьд энд анхаарал тавиад нөгөө талд суларсан явдал бий.
-Өнгөрсөн жил улсын Шилдэг уяач болсон байх аа? 
-Тийм ээ. Би морь уяад 14, 15 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд гаргасан амжилтаараа Увс аймгаасаа шалгарч, Засгийн газрын ордонд шагналаа гардан авах байлаа. Гэхдээ ажилтай байгаад ордонд орж аваагүй ээ. Дараа нь авсан. 
-Танай галынхан яаж наадав? 
-Бид соёолон найм, даага долоо, есөөр тус тус давхиуллаа. Дээр нь би нэг аман хүзүү, нэг  айрагтай сайхан наадлаа. 

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна