Уралдаанч Э.Төгссайхан: Морио айраг, түрүүнд хурдлуулж, уяачаа өндөр цолд хүргэх гоё

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 28 -нд

Улсын баяр наадамд их морь айргийн дөрөвт хурдлуулсан уралдаанч Э.Төгссайхантай уулзан баярын сэтгэгдэл хуваалцлаа. Төрийн хишиг хэдэнтээ хүртсэн туршлагатай уралдаанч хүү “Уяачаа өндөр цолонд хүргэх хамгийн гоё” хэмээн хүүхдийн гэнэн яриа дэлгэсэн юм.  

-Миний дүү хэдэн жил хурдан морь унаж байна вэ? 
-Намайг Энхбаатарын Төгссайхан гэдэг. Дорноговь аймгийн 5р сургуулийн зургаадугаар ангид энэ жил орно.  Би таван жил хурдан морь унаж байна. Өчигдөр бороо орсон болохоор уралдааны зам сайхан байлаа. Хүрэн морио төрийн баяр наадамд айргийн дөрөвт хурдлуулсандаа баяртай байна. 
-Гарахад нь уяач нь юу гэж захисан бэ?
-Би морио айрагдана гэдэгт итгэлтэй уралдсан. Өглөө уяач маань “Эхний хэд дээр гаргаад нам бариад яваарай. Алалцуулж болохгүй амыг нь татаад яваарай”  гэж захисан. Уяачийнхаа хэлснээр, өөрийнхөө санаанд нийцтэл уралдаж чадсан болохоор сэтгэл өндөр сайхан байна.  
- Энэ жилийн наадамд хэдэн насны морь унасан бэ?
- Дөрвөн насны морь унасан. Хязаалан 15, шүдлэн 14-т, азарга жаахан хойгуур орсон. Маргааш бас морь унана.
-Улсын баяр наадамд морь унах юу нь хамгийн гоё байдаг вэ?
-Би улсын наадамд олон жил морь унаж байна. Төрийн наадамд морь айраг, түрүүнд хурдлуулж уяачаа өндөр цолонд хүргэх нь гоё. 
-Өмнө нь улсын баяр наадмаас айраг, түрүү авч байсан уу?
-2015 онд хязаалан аман хүзүүнд давхиулсан. 2017 онд эрлийз дээд насанд  айргийн гурав, эрлийз дундад түрүү, эрлийз бага насанд аман хүзүүнд морьдоо хурдлуулсан. 
-Аймаг сумын уралдаанаас олон айраг, түрүүтэй юу? 
-Дорноговийн наадамд айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойд аман хүзүү,  Дүнжингаравын хурд уралдаанд түрүү магнайд хурдлуулж байсан. 
-Цаашдын уралдаанд нь амжилт хүсье. 

А.Энхжил

Тод магнай сэтгүүл №99

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна