Уралдаанч Б.Буянтөгс: Салхи татуулан давхих нь гоё

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 17 -нд

-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байна вэ?
-Гурав дахь жилдээ хурдан морь унаж байна. Би одоо 11 настай.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 5б ангид сурдаг.
-Улсынхаа баяр наадамд өмнө нь оролцож байв уу?   
-Төрийн баяр наадамд хоёр дахь жилдээ морь унаж оролцлоо. Түрүү жил их морь унаад 40 хэдээр орсон. Харин энэ жил сайхан наадаж байна. Г.Буянтогтох ахын уясан Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ш.Мөнгөншагайн Залуу зээрдийг түрүүлгэлээ. Зээрд морь маань хурдан байгаад гарсан цагаасаа өнгөнд явсаар барианд орсон.
-Энэ жил хэдэн насны морь унав. Бусад нь яаж давхисан бэ?  
-Өчигдөр /долдугаар сарын 10/ Батхүү уяачийн шүдлэнг унаж, 30 хэдээр давхиулсан. Маргааш /долдугаар сарын 12/ соёолон унана. Ахиад түрүүлэх сэн гэж хүсч байна. Ер нь морь унаж сурсан цагаасаа л айраг, түрүүгээр хурдлуулахыг хүсдэг болсон.
-Энэ гурван жилийн хугацаанд ямар уралдаанд оролцож байв?
-Том, жижиг олон наадамд оролцсоон. Зарим нэгнээс нь дурдвал Төв аймгийн Баян суманд болсон бооцоот наадамд Баагий ахын морийг унаж түрүүлгэсэн. Сантын наадамд Балдандоржийн даагыг айрагдуулсан.
-Уралдаанч хүүхдийн “ажил” амаргүй байх даа?
-Мэдээж амаргүй. Гэхдээ морь унах нь, унаад салхи татуулан давхих нь гоё. Тэр олон хүүхэдтэй  мөр зэрэгцэн давхих сайхан л даа. Тэгээд айраг, түрүүгээр орчихвол ажлаа сайн хийлээ  л гэсэн үг.
-Цалин авч байгаа шүү дээ. Нууц биш бол юунд зарцуулдаг вэ?
-Аав, ээждээ өгөөд баярлуулах дуртай. Тэд маань их баярладаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Дараа, дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

Тод магнай сэтгүүл №99

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.