МУ-ын Алдарт уяач Д.Баянбат: Манайхан адууг багад нь оролддоггүй, хязаалангаас дээш газар үзүүлдэг

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 12 -нд

-Наран хонгороо үндэсний их баяр наадамдаа цоллуулахаар зогсож байгаа нь анхных биш, тав дахь удаагийнх. Энэ жилийн баяр наадмын сэтгэгдлийг сонсъё?
-За баярлалаа. Төрт ёсны баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Хонгор азарга маань энэ жил 10 настай төрийнхөө наадамд айргийн гурваар давхилаа. Сэтгэл их өндөр, баяртай байна.
-Өвөө тань 1988 оны наадамд азаргаа түрүүлгэж байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа та азаргаа айрагдуулж бэлгэшээлтэй явдал болж байна?
-Өвөө маань азарга түрүүлгэсний 30 жилийн ойгоор хонгор азарга хурдан байж, айрагдсанд маш их бэлгэшээж байна. Хонгор азарга улс, бүсийн наадамд долоо дахиа орж байна. Гурван түрүү, дөрвөн айрагтай. Азарга маань 10 настай залуухан байна. Олон жил уралдана даа.
-Сүүлийн хоёр ч жилийн уралдаанд хонгор азарга гарсан цагаасаа өнгөлсөөр айрагдсан байх?
-Тийм ээ.  Хонгор азарга ноднин, бас энэ жил замынхаа 80-90 хувьд нь газраа өнгөлж наадамчин олноо баясгалаа. Жил жилийн уяа янз янз байдаг. Энэ жил хүч нь жаахан нимгэхэн байсан. Бас газар татаатай, нойтон байлаа. Өнгөрсөн жил цаг агаар дулаахан, нартай, бороо хургүй, азарга маань арай тарган байсан тал бий. Ер нь түрүүлэх азарга л түрүүлдэг. Эрийн гурван наадам тийм оноотой, эзэнтэй байдаг учраас тэр хувь заяа нь таарч байгаа болов уу гэж ойлгож байна. Гэхдээ сайхан байна.
-Бүсийн наадамд ер нь уралдуулдаггүй шүү дээ. Эцэг мал учраас олон уралдуулахгүй байна уу?
-Адуу малаа энхрийлэн хайрлаж, монгол уламжлалаа хадгалж байгаа гэж ойлгож болно оо. Нэг их олон уралдуулдаггүй юм аа. Чадвал хавар нэг уралдана.
-Долоотойд нь өнжөөсөн билүү?
-Тийм, 2015 онд өнжсөн. Сайндаа ч өнжсөн юм биш, азаргатай ноцолдоод хөлөө хазуулсан байсан юм. 2014 онд Дундговьд очиж түрүүлсэн. Улсын баяр наадамд 2016 онд аман хүзүү, 2017 онд айргийн дөрөв, 2018 онд айргийн гурваар давхилаа.
-Наран хонгорын төлүүд уралдах болсон баймаар...
-Соёолон, хязаалангууд “Алтай” констракшны Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн уугуул Даяндэмид гээд залууд давхиж байна. Төлүүд нь сайхан давхиж байгаа.  Надад ч бас одоохондоо уягдаагүй төлүүд нь бий.
-Хэзээнээс уях вэ?
-Манайхан адууг багад нь оролдоод байдаггүй. Зөв сургаж, хөлийнх нь ээдрээг гаргаад дараа нь уяж сойдог. Ер нь хязаалангаас дээш уяж, газар үзүүлдэг дээ.
-Энэ жил та улсын баяр наадамд хэдэн насны морь уяж сойсон бэ?
-Азарга, соёолон хоёр уялаа. Хонгор азарганы дүү Саран хонгор соёолон цээжинд дөрөв, таваар нэлээн яваад татууллаа. Тамираар дутуу, олон ч гүү хураалгасан болохоор аргагүй.  
-Бүсийн уралдаанууд залгах гэж байна. Хаашаа явах вэ?
-Морьдоо харж байгаад соёолонгоо уралдуулах санаатай байгаа. Говь руугаа явах болов уу даа.
-Энэ жил хурдан морины уралдааныг тойрсон маш олон асуудал хөндөгдлөө. Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч яригдлаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Манай МСУХ бол уяачид, уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг мэргэжлийн холбоо. Холбоо маань хөгжлийнхөө тодорхой нэг үед ирчихлээ гэж би хувьдаа ойлгож байгаа. Цаашид ямар чиглэл бодлоготой, ямар удирдлага зохион байгуулалттай явахыг холбооны удирдлагууд гэхээсээ илүү уяачид маань ярилцаж байж зөв шийдэл гаргана байх аа. Монголд өндөр адуу бий, ялангуяа Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн зүүн гурван аймгийн адуунууд товир. Тэндэхийн адуу “хэлмэгдүүлсэн” зарим нэг шийдвэр гарсан байж болно.
 -Зарим нь үүлдэрлэг байдлыг харах нь зүйтэй, зарим нь сэрвээний өндөр харъя гээд уяачид хоёр тал болсон байгаа?
-Үүлдэрлэг байдлыг давхар харах нь зүйтэй. Тэр чухал.
-Азарганы даллагатай “Ажнай” галаас энэ жил нас насанд хичнээн адуу мордов оо?
-Нас насанд мордсоон. Азарга, их нас зургаа, соёолон долоод давхиж, азарга маань айргийн гуравт  хурдаллаа. Ингээд “Ажнай” галынхандаа болон нийт монголчууддаа баяр наадмын мэндийг дахин хүргэе.
-За баярлалаа. Сайхан наадаарай.

ТОД МАГНАЙ сэтгүүл №99

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.