Уралдаанч Г.Түвшинбаяр: Наран хонгор маань мундаг азарга

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 11 -нд

- Хэд хэд жилдээ хурдан морь унаж байна вэ?
-Дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна. Энэ удаад улсынхаа баяр наадамд Наран хонгор азаргаа гуравлууллаа. Өнөөдрийн уралдаан их сайхан болж өндөрлөлөө. Мундаг азарга байгаа юм. Улс, бүсийн наадамд ийнхүү долоо дахиа орж байна. Өмнө нь гурав түрүүлж, гурав айрагдсан. Тэгсэн хэрнээ аравхан настай. Олон жил сайн давхина даа гэж аав, Д.Баянбат ах  хоёр ярьдаг юм. Би их баяртай байнаа.
-Аав нь бас морь уядаг юм уу?
-Тийм ээ. Миний аав Галсандорж Наран хонгорын уяа сойлгыг тааруулдаг. Аавын уясан морьд улс, бүсийн наадамд айраг түрүүгээр олон удаа давхисан. Тухайлбал, би сая хэлсэн дээ. Наран хонгор улс, бүсэд долоо айрагдаж, түрүүлсэн.  2014 онд улсад Баянбат ахын зээрд хязааланг айрагдуулсан. “Говь шанх”-д бас дөрөвлүүлсэн.
-Аав нь хэзээнээс морь уяж байгаа юм бэ?
-2011 оноос хойш бие даан морь уяж байгаа.  Аав Баянбат ахын морийг уяхаас гадна өөрийн нэр дээр ч морь мордуулдаг. Гэхдээ өөрөө “Айхтар амжилт гаргахгүй байна” л гээд байдаг юм.
-Наран хонгорыг хэдэн жил унаж байгаа юм бэ?
-Наран хонгорыг Сүлдбаяр ах маань унаж байгаад хасагдаж би унадаг болсон.
-Энэ жил өөр ямар нас унасан бэ?
-Хязаалан унасан ч хойгуур орсон.
-Зууны манлай уяачийн хурдан удамтай хүлгүүдийг унадаг юм байна. Бахархалтай санагддаг уу?
-Тийм ээ. Тод манлай уяач Д.Даваахүү, түүний хүү МУ-ын Алдарт уяач Д.Баянбат  гээд удам дамжсан мундаг уяачдаар бахархдаг.
-Ах дүү нараас нь морь унадаг уу?
-Би ээж ааваасаа дөрвүүлээ. Хоёр ах, нэг дүүтэй. Ах нар багадаа морь унаж л өссөн. Том ах сумын наадамд морь унаж айрагдуулж байлаа.
-Хэддүгээр ангид сурдаг юм бэ?
-Хан-Уул дүүргийн 59 дүгээр дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг.
-Ямар мэргэжилтэй болох вэ?
-Би спортын хүн болно оо.
-Тийм үү. Спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг юм уу?  
-Барилдах дуртай. Жижиг наадмуудад өөрийн насандаа хэд хэд түрүүлсэн. Энэ жил зургадугаар сарын 10-нд овооны наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн. Ах бид гурав барилдаж л өссөн улс байгаа юм. /инээв/
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТОД МАГНАЙ сэтгүүл №99

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна