ММСЗУХ уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүллээ

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 04 -нд

Наадмын сонин жилээ даадаг. Өнөө жилийн баяр наадмын үеэр хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн бус гэсэн шалтгаанаар үлдэж хоцорсон хүүхэд байгаагүй нь сайшаалтай байлаа. Унасан морио түрүүлгэж, айрагдуулна хэмээн битүүхэн догдолж, нойроо хулжаасан бяцхан үрсийг хамгаалалт хувцас хэрэгсэл чинь дутуу байнаа гээд аваад үлдчихээр ямархан царай гаргадгийг уншигч та төсөөлөөд үз дээ. Энэ амьтныг ингэж үйлийг нь үзээд яах вэ, миний нэр дээр биччих гэдэг нэгдлийн даргын үйлдэл санаанд орж, “мордуулчихаж болдоггүй юм байх даа” гэж эрхгүй бодогддогсон. Харин энэ жил тэгж  өмнөөс нь шаналах шаардлага байсангүй. Учир нь ММСЗУХ-ны хамт олон  уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Нэг уралдаанд иж бүрэн хувцас түрээслэхэд 20,000 төгрөгийн үнэтэй. Хэсэгчилж буюу өөрт дутуу байгаа хэрэглэлээ мөн түрээсэлж болно. Мэдээж арай хямд. Хөдөөгөөс төрийн наадмаа зорьж ирсэн уяачдад уралдаанч хүүхдийнх нь хувцас хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна гэх шаардлагыг нэг бус тавьж байгаа харагддаг. Тэгвэл энэ үйлчилгээ нэвтэрснээр тэд санаа амарч болохоор.

Уяачдын талархлыг хүлээсэн энэхүү түрээсийн үйлчилгээ зөвхөн улсын баяр наадмын үеэр ч бус засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдсан бүсийн уралдаануудын үеэр ч мөн хэрэгжсэн гэнэ. Энэхүү арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын морин спорт залуу уяачдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг түрээслэх, худалдах эрхийг зөвхөн Монголын морин спорт залуу уяачдын холбоонд олгохоор болжээ. Мөн тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Монголын морин спорт залуу уяачдын холбоо нь гишүүд, уяачид, хорин нэгэн аймаг дахь салбар холбоогоороо дамжуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг сурталчлах, олон нийтэд таниулах үүргийг хүлээх болсон байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна