СУМЫН АЛДАРТ УЯАЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ: ХУЛ АЛАГ МААНЬ АМЖИЛТТАЙ УРАЛДАЖ БУЙ НУТГИЙН ЦӨӨН АДУУНЫ НЭГ

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 18 -нд

Баянхонгор аймгийн Өлзийт сумын хийморилог уяачдын нэг сумын Алдарт уяач Ц.Мөнх-Эрдэнийг уншигчдадаа танилцуулж байна. Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медальт, 2011 оны сумын Шилдэг хүлэгч тэрээр 1987 оны зуны эхэн сард сумын хүн эмнэлэгт төржээ.

-Гурав дахь үеийн залуу уяач багадаа хурдан морь унадаг л байсан байх. Хүүхэд ахуйн дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Хөлд орохтойгоо зэрэгцээд л морь унаж эхэлсэн байх. Ямар ч байсан гурван настайдаа морь унадаг болчихсон байсан. Сүүлд аав ээж маань “жаахан хүүхэд жижигхэн уурга барьчихаад бүдүүн морь унаад адуундаа явдаг байсан. Эхэндээ ч харагдаад байдаг холдохоороо хүн нь харагдахгүй морь л уул давдаг байсан” гэж ярьдаг юм. Тэгэхээр их багаасаа морь унаж тусад орсон шиг байгаа юм. Морь унаж сураагүй байхдаа аавынхаа өвөр дээр суугаад морь дагадаг байсан гэдэг.
-Тэгээд хэдэн настайгаасаа хурдан морь унасан юм бэ?
-Багад хурдан морь унуулдаггүй байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ цөөн ч гэсэн унасаан. Ямар ч байсан хүнээс  авсан хонгор морийг унаж сумандаа айрагдуулж байлаа. Тэгээд долоо билүү наймдугаар ангид байхдаа хусран хул алаг даагаа сургаж, мяндас дээсээр сүүлийг нь шуугаад уралдуулсан. 2004 он гэхээр Өлзийт сумын 80 жилийн ойгоор юм байна. 
-Айрагдсан уу?
-Айрагдаагүй ээ, хул алаг морь бага насандаа зургаа, долоогоор л давхидаг байсан. Тэгээд анх хавчигтаа сумынхаа наадамд айрагдсанаас хойш олон жил баярлуулсан даа. Хавчиг жилээ  гурваар, дараа жил нь дөрвөөр давхиад сүүлд аймгийн наадамд хоёр удаа айрагдсан. Зүүн талын адуу дийлж байгаа өнөө цагт амжилт үзүүлж байгаа энэ нутгийн цөөн хурдуудын нэг. 
-Аймгийн баяр наадам уу. Хэд хэдэн онд вэ?
-Аймгийн бүсийн хаврын уралдаануудад айрагдсан. 2013 оны “Номгон хайрханы хурд” төвийн бүсийн уралдаанд гурваар  давхиад, “Шууман саарлын хурд”-д дөрөвт ирсэн. Хул алаг морь маань хязааландаа Баян-Овоо сумын 80 жилийн ойд дан зүүн талын адуунууд уралдаж 13-аар ирсэн. 2014 онд “Шавь зээрд” МСУХ-ноос зохион байгуулсан хаврын уралдаанд зургаагаар давхисан. Уг нь айрагдах байсан. Гэвч морь хоёр тасарч эргээд хул алаг араас гарч нэхсээр зургаалсан.Би хул алаг морио дааган цагаас нь эхлээд бүдүүн адуутай хөдөлгөчихдөг байсан. 
-Зүрх нь үхчихгүй юу?
-Үгүй. Миний хул алаг анхнаасаа ташуур хүргүүлээгүй адуу. Бүр тэгж сургасан юм. Бариа ойртоод ирэхээр ташуураа эргүүлэхэд л ухасхийдэг. Хүүхдэд нь ч гэсэн битгий ташуурдаарай, амыг нь сайхан зуулгаад хөдөлгөөнгүй яваарай гэж захидаг. Миний хул алаг биеэр их бага адуу. Зүүн талын адуутай зэрэгцүүлээд харахад бараг даага, шүдлэн гэмээр. Аймагт даншиг болсон жил манай аавын найзууд хотоос ирчихээд “их насны морь юм уу” гээд голж байсан.Гэхдээ биедээ баймгүй гайхалтай тэнхээтэй. Шавийн жижиг зээрдүүд л ийм байсан болов уу гэмээр хурдан адуу даа. 
-Унаган адуугаараа урамтай наадаж байгаа юм байна. Залуу уяачийг урам зоригоор тэтгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хул алаг морины дүү халиун шаазгай морь байна. Сумынхаа баяр наадамд гурав, дөрөв ч айрагдаад байгаа. 2004 онд Өлзийт сумын 80 жилийн ойгоор манай аавын найз Өвөрхангай аймгийн Шагдар гэж хүн нэг зээрд азаргатай ирж уралдаад арав гаргаж давхиулсан. Тэр зээрд азарга өмнө нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ойд түрүүлж байсан юм билээ.Наадмын дараа нөгөө ах аавд маань зээрд азаргаа бэлгэнд өгсөн. Их содон дуутай адуу. Ёстой 1000 адуун дундаас ч танигдахаар. Хурдан адууг дуугаар нь шинжинэ гэж байдаг шүү дээ. Манай тэр зээрд азарга их том хамартай бүрээ татаж байгаа мэт янцгаадаг юм. 
-Зээрд азарга хэрхэн давхисан бэ?
-Сумын наадамд нэлээд хэд айрагдсан. 
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-2011 онд шилдэг хүлэгч болоод, 2012 онд сумын Алдарт уяач цолоо авсан. Цол авснаасаа хойш хул алаг морио аймгийн бүсийн уралдаанд  хоёр айрагдуулж, сумынхаа наадмаас тогтмол айраг авч байгаа. 
-Танай үеийнхэн  дунд уясан морио сайн давхиулж буй ирээдүйтэй сайн уяачид олон уу?
-Тавдугаар багийн Засаг дарга Хүрэлбаатарын морьд тогтмол амжилт үзүүлж байна. Адууныхаа угшлыг сайжруулахад ч их анхаардаг. Мөн Халзан Банди гээд сайн уяж байгаа залуу бий. 
-Морь уях төрийн хэрэгт шамдаж буй залууст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна