ЗАЛУУ МАЛЧИД, УЯАЧДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 16 -нд

Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өнгөрсөн билээ.
Зөвлөгөөнд хот, хөдөөгийн 500 гаруй залуу малчид, уяачид оролцсон бөгөөд ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Б.Батзориг, Х.Болорчулуун, Ч.Улаан, О.Батнасан, Ж.Батзандан, Н.Учрал зэрэг УИХ, ЗГ-ын гишүүд, Д.Онон О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй 13 Монгол Улсын Тод манлай болон Манлай, Алдарт уяачид оролцсон юм.
ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлээд төрөөс малчид, уяачдын талаар гаргаж буй хууль тогтоомж, авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулж, Үндэсний их баяр наадмаа Монгол Улс даяараа нэг өдөр зэрэг тэмдэглэдэг болох, малчид, малчдын хүүхдүүд болон хурдан морины уралдаанч хүүхдүүдийн насыг нэмэгдүүлэх, тэдний аюулгүй байдал боловсролын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буйгаа илэрхийлсэн.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Малчид, уяачдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, өнгөрсөн болон өнөө цагийн аж амьдралын хөгжил дэвшлийн" тухай илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан нар зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, УИХ-ын гишүүн О.Батнасан Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуулийн талаар танилцуулга хийсэн. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил, АИХ-ын дарга асан Г.Гомбожав нар хүрэлцэн ирж өөрсдийн аж амьдралын туршлага, мал маллах, хурдан морь уяж сойх арга ухаанаасаа хуваалцсан нь залуу малчид, уяачдад сургаал үгээ хайрласан, урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо.
Зөвлөгөөний үеэр ХААХҮЯ, ХААИС, ЦЕГ-ын Малын хулгайтай тэмцэх хэлтсийн мэргэжилтнүүд ч холбогдох сэдвийн дагуу  илтгэлүүдээ танилцуулан хамтран ажиллахаа илэрхийлэв. Удахгүй УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулийн төслийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хийж, эрдэмтэн судлаачид, уяачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид тус хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Дашрамд дуулгахад, залуу малчид, уяачдын зөвлөгөөнийг “ТВ5” телевиз улс орон даяар бүтэн өдрийн турш шууд дамжуулж, зөвлөгөөнд оролцогчдын санал сэтгэгдлийг олон нийтэд хүргэж ажилласан билээ.

ММСЗУХ-ны Ажлын алба

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна